У.Хүрэлсүх, З.Энхболд, Х.Баттулга гуравын нэг сонирхол

МАН, АН-ын удирдах зөвлөлийн хурал энэ сарын сүүлээр болох талаар албан ёсны мэдээллийг намын удирдлагууд өгөөд буй. МАН-ын бага хурал энэ сарын 28-нд болох бол АН-ын ҮЗХ-ны хурал хараахан тодорхой болоогүй байна.

Их намуудын хурлаар ирэх сонгуульд хэрхэн оролцох хэн хэнийг ямар тойрог дээр өрсөлдүүлэх гээд ярилцах асуудал их байгаа нь ойлгомжтой. Энэ намрын удирдах зөвлөлийн хурал сонгуулийн өмнөх жил болж буйгаараа онцлог юм.

Улс төрийн хүрээнийхэн, ажиглагчид, намуудын хурал халуухан болно хэмээн таамаглаж байна. МАН, АН аль алинд нь намын дарга, цэргээ өөрчлөх, оронд нь өөр хүнийг сонгох том шийдвэрт хүрч болзошгүй гэхийн газаргүй.

МАН-ын хувьд намын дарга С.Батболдод тийм ч тааламжтай бус байгаа гэх. Удирдагчийн чадваргүй, түүнчлэн нэр хүнд хувийн рейтинг муу байгаа гэх шалтгаанаар  огцруулах санаархал намынх нь цөөн бус хүмүүст бий.

Тодруулбал намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх чимээгүйхэн бэлтгэлээ базааж буй гэх мэдээлэл ч бий. Гэхдээ Санжийн Баяртай зөвшилцөхгүйгээр намынхаа даргыг унагаж оронд нь суух зүрх зориг байхгүй гэх таамгыг ч улс төрчид дэвшүүлдэг.

МАН-ын генсек намын даргаа байрнаас нь сугалахыг чармайвал, түүнд  багагүй хүч бий. Намдаа хамгийн их хүчирхэг фракцыг удирдах болсон гэж үздэг. Дээр нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нарын намынхаа даргатай таарамж муу эрхмүүдийг нэгтгэчихвэл С.Батболдыг намын даргын суудлаас авч хаяах магадлал өндөртэй.

Харин Ардчилсан намынханы хувьд илүү ч сонирхолтой, халуухан хурал болж мэдэх юм. Өнгөрсөн намрын ҮЗХ-ны хурлаар намын даргын төлөө УИХ-ын гишүүн З.Энхболдыг өрсөлдөх магадлалтай хэмээж буй ч нам жим өнгөрсөн. Энэ жилийн хувьд мөн л түүнийг намын даргад сойх гэж буй талаар намынх нь гишүүдийн дунд яригдаж буй.

АН-ын дарга Н.Алтанхуягийн хувьд мөн л хувийн рейтинг тааруу, Засгийн газарт багтаж өөр намд дагаар орсон гээд түүнд тааруухан дүн тавьж ирсэн. Энэ утгаараа МАН-аас илүү АН дарга аа солих магадлал өндөртэй байна. З.Энхболдын хувьд АХХ фракцыг толгойлдог. Энэ фракцид хүний өөрийн намын нөлөө бүхий эрхмүүд багтаж нэлээдгүй хүчирхэгжиж буй.

З.Энхболдын фракцид УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Одхүү, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Н.Батбаяр багтдаг. АН-аас УИХ-д суугаа гишүүдийн 3/1 нь энэ фракцид багтаж буй юм.

З.Энхболд эв нь таарвал намын даргын суудалд суух шанс бий. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягтай өрсөлдөж дөрвөн хүний саналаар ялагдал хүлээж байсан гэж үзэхээр түүнд боломж одоо бүр илүү ч байж мэднэ.

АН-ын даргын суудалд З.Энхболдоос гадна ЗТБХББ-ын сайд Х.Баттулга сүүлийн үед битүүхэн санаархаж буй ажээ. Гэхдээ өндөр дэмжлэг авах нь юу л бол. Угшил гарвал, санаа зоригийн хувь харвал Н.Алтанхуягтай ойр нэгэн. Түүний хувьд Н.Алтанхуягийг унагаагаад намын дарга болж гарч ирэх нь юу бол. З.Энхболд, Х.Баттулга хоёр нэгдмэл санаатай орвол Н.Алтанхуягийг авч хаяж дөнгөх нь гарцаагүй.  Гэхдээ энэ хоёр эрхэм нийлж орох магадлал тун бага. Хувь хүнийхээ хувьд тийм ч таарамж сайн биш эрхмүүд.

Намынхаа даргын суудалд суух санаархал МАН-ын ЕНБ-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн З.Энхболд, Х.Баттулга нарт байгаа нь нууц биш байна. Үүнийгээ З.Энхболдын хувьд нэг жилийн өмнөөс зарлаж орхисон.

Арав гаруйхан хоногийн дараа өрнөх их улс төрийн үйл явц хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.

Т.Амур


URL:

Сэтгэгдэл бичих