Хойд Солонгос дахин баллистик пуужин туршлаа
Өнгөрсөн шөнө Хойд Солонгос сайжруулсан тив хоорондын баллистик пуужин харвасан талаар Өмнөд Солонгос, АНУ, ОХУ-ын армийнхан мэдээллээ. Өмнөд Солонгосын армийн мэдэгдэлд “Хойд Солонгосын Жаган мужийн Мупён-ри хотоос оройн 11:41 цагийн орчимд Зүүн тэнгисийг чиглүүлэн баллистик пуужин харвалаа” гэжээ.
Пуужин нь 3,700 км өндөрт хүрч, 1,000 орчим километр зайнд Япон, Солонгосын дундын усан бүсэд туссан гэнэ. Тусгалын хэмжээнээс харвал туршсан пуужин нь сайжруулсан тив хоорондын баллистик пуужин байсан гэж дүгнэжээ. Хэрвээ түүнийг стандарт траектороор харвасан бол 10,000 км зайнд тусах байсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ нь Хойд Солонгосын хамгийн зүүн захын Вонсан хотоос харвахад Чикаго хот хүрнэ гэсэн үг юм. Ийнхүү Пёньян долдугаар сард хоёр удаа баллистик пуужин туршиж байна. Өмнө нь долдугаар сарын 4-нд мөн ижил төрлийн пуужин харвасан юм.
Харин ОХУ-ын цэргийнхэн Хойд Солонгосын пуужинг дунд тусгалын пуужин байсан гэж дүгнэжээ. Тэдний дүгнэлтээр пуужин нь 681 км өндөрт хүрч, 732 км зайнд туссан гэнэ. Өмнөд Солонгос, Япон, АНУ-ын эрх баригчид туршилтын дараа холбоо барьж, Хойд Солонгост ямар хариу арга хэмжээ авах талаар хэлэлцсэн байна. Тэд цэрэг, зэвсгийн хариу арга хэмжээ авах хувилбарыг ч ярилцсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
URL: