Манай улс хойд хөршийн цөмийн зүрх нь үү
Хонконгийн “AsiaTimes” сонинд “ОХУ-ын цөмийн зүрх нь Монгол Улс” гэх нийтлэл өнгөрсөн мягмар гаригт нийтлэгджээ.
Нийтлэлд өгүүлснээр ОХУ-ын цөмийн салбар манай улстай салшгүй холбоотой мэт бичжээ. Түүнчлэн “Хан Ресурс” компани Монголын Дорнодын ураны ордод хэрхэн шунаж буй талаар ч онцолжээ.
ОХУ-ын цөмийн зүрх нь Монгол улс
Сүүлийн хориод жилийн турш ОХУ аль эртний хүйтэн дайны үеийнхээ цөмийн нөөцийг шаргуу ашигласаар ирсэн. Эдүгээ уран олборлолтоор Оросын томоохонд тооцогдох “Атом редметзолото” холдинг нь Казахстан, Канад, Нигери, Австрали, АНУ болон Монголын баялагт түшиглэн дэлхийн ураны үйлдвэрлэлийн тавцанд цойлох хандлага ажиглагдсаар байгааг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг.
Харин АНУ-ын хувьд ураны салбар дахь Оросын энэхүү амбицийг нүд анин өнгөрөөхийг хүсч байгаа бололтой. Харин хэзээ хэзээнээс ах дүүгийн найрамдалт харилцаатай гэгддэг ОХУ Монгол Улсад гар татаж өнгөрсөн зун Монголд дизель түлшний хачирхалтай хомсдол үүсгэснээс, ард түмэн нь үндэсний баяраараа шатахууны хямралд орчихоод байсан. Энэ нь үр тарианы ургацад ч аюул нүүрлэхэд хүргэсэн нь “ураны асуудлаар хийсэн өмнөх тохиролцоондоо хүрээч ээ” хэмээн Ц.Элбэгдоржид илгээсэн ОХУ-ын сануулга байсан гэх цуу яриа ч бий.
Монгол Улс ураны салбарт ОХУ-тай хамтрах явцаа гүнзгийрүүлсээр байхад харин АНУ энэ тал дээр амжилт олохгүй л явна. Ц.Элбэгдорж энэ оны есдүгээр сард Монгол Улсыг цөмийн хаягдлын булш болгох тал дээр АНУ болон Японтой хийж байсан нууц хэлэлцээрүүдээ зогсоов. Тэр ч бүү хэл, үүнийг үгүйсгэсэн, ташаа мэдээлэл гэх мэдэгдлүүдээ сонин дэс дараалалтайгаар гаргасны дараа хэлэлцээрийг гардан явуулж байсан багийн бүх гишүүнийг, тэр дундаа энэ жил Америкийн талынхантай хэлэлцээр хийхээр АНУ-д зорчсон Тусгай үүрэгт Элчин сайд А.Ундрааг ч халж орхив гэдгийг дурьджээ.
Мөн өнгөрсөн тавдугаар сард Австрийн Вена хот дахь Монголын Элчин сайдын яамнаас ч уг мэдээллийг цуурхал гэж тодорхойлон айхтар том мэдэгдлийг нийтэлж байлаа. Уг мэдэгдэлд ерөнхийдөө “Reuters”, “CNN” гэх дэлхийн мэдээллийн томоохон агентлагуудаас болон Японы “Mainichi” сониноос гаргасан мэдээллийн мөрөөр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд холбогдох албан тушаалтнуудтай уулзан удирдлагуудын байр суурийг тодруулж, Гадаад харилцааны яам, Цөмийн эрчим хүчний агентлаг болон төрийн өмчит “Мон-Атом” компанийн төлөөлөгчид дээрх мэдээллийг үгүйсгэн, Монголын төр засаг боловсруулсан цөмийн түлшийг хадгалах тал дээр хэнтэй ч, ямар ч хэлэлцээрүүдийг хийгээгүй төдийгүй ийм үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн ямар ч үндэс байхгүй хэмээлээ” гэсэн байв.
Сонирхолтой нь АНУ-ын эрх баригчид дээрх саналыг анхлан тавьж байсан мөртлөө үүссэн нөхцөл байдалд дуугүй өнгөрөв. Гэхдээ Монголын эрх баригчдад тал засан ганцхан мэдэгдэл гаргасан бөгөөд үүндээ энэ оны тавдугаар сард “Arms Control Wonk” хэмээх байгууллагын Жеффри Льюисийн хийсэн мэдэгдэл “худал” зүйл хэмээжээ гэдгийг тус сонин онцолжээ.
Монголчууд онгон хээр нутгаа, говио цөмийн хаягдлын булш болгохыг эсэргүүцэж байгаа. Гэхдээ Монголын эрх баригчдын зүгээс гаргасан үгүйсгэсэн мэдэгдэлд бас нэг сонирхолтой хэсэг бий. “Цөмийн түлшийг манайхаас худалдаж аваагүй л бол Монголчууд бусад орны цөмийн шаарыг хадгалах тийм ч тэнэг улс биш” гэж бичжээ.
“Mainichi” сонин дээрх хэлэл цээр бүтэлгүйтсэн талаар мэдээлэхдээ “Монголын Засгийн газар уранаас цөмийн түлш гарган авах хувилбарыг хэлэлцэж байсан төдийгүй ураны нөөцийг үр дүнтэй ашиглах үүднээс экспортлох асуудлыг сонирхож байжээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд “цөмийн түлшний түрээсний талаарх гэрээ”-г нэвтрүүлэх санаачилгыг ашиглан Монголоос цөмийн шинэхэн түлш худалдан авсан орнуудын хаягдал түлшийг буцааж авах байсан юм. Хэрэв Монгол Улс Америкийн дэмжлэгийг аван дээрх санаагаа хэрэгжүүлсэн бол дэлхийн цөмийн түлшний бизнест чухал, бие даасан тоглогч нь болж чадах байлаа. Ажил хэрэг ийн төлөвлөгдөж байтал Ц.Элбэгдорж ухрах араандаа хийн амьсгал давчдам хурдтайгаар давхиж эхлэв. Тэрбээр энэ оны есдүгээр сарын 15-нд өгсөн ярилцлагадаа “Бусдын нутагт бий болсон цөмийн хаягдал гэдэг бол хүний нутагт бий болсон үр могой гэж нэрлэж болно. Цөмийн хаягдлыг буцаан авах, мөн ураныг экспортлох тухай яриа байх ёсгүй бөгөөд миний бодлоор энэ бүхэн бол гадны их гүрнүүдийн зүгээс үзүүлж буй дарамт гэж ойлгож байгаа. Бид энэ бүтэшгүй санаанаас нь салах хэрэгтэй” гэж мэдэгдэв.
Өнөөдөр ямар ч шалтгааныг үндэслэсэн бай, цөмийн хаягдлыг импортлох, дамжин тээвэрлүүлэх, хадгалахыг хориглосон хуулийнхаа ачаар Монгол Улс ураны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлууд дээрээ зөвхөн ОХУ-тай түншлэхээр боллоо. Ингэхдээ “Атомредмет золото” компанийн харьяанд байдаг Приар гунскийн үйлдвэрт түүхий эд нийлүүлэх үүрэг хүлээх бололтой. Дээрх үл ойлгогдох явдлын манан сарнисан тохиолдолд яаж ч бодсон ОХУ Дорнодод бат бэх суурьших нь ойлгомжтой.
Оросуудын энэхүү эрмэлзэлд АНУ-ын Засгийн газар хайхрамжгүй байдал харуулж буй нь үнэхээр сонирхол төрүүлж байна. Гэтэл 2010 онд Хятад улс газрын ховор элементүүддээ хязгаарлалт тавихад барууны дипломатчид, хэвлэлийнхэн үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт аашилцгааж байжээ. ОХУ-ын нэвтэрч чадах хязгаараас цаашхи дэлхийн хэсэгт тийм ч их ураны нөөц байхгүй. Америкийн цэргийн элит өөрийн орны ураны нөөцөө илүү нүсэр, илүү хүчтэй цөмийн пуужин үйлдвэрлэхэд урвуулан ашиглаж байгаа тул (хүн төрөлхтний нүдэнд) ураныг зэвсэглэлд ашиглах сонирхолгүй байгаа мэт харагдана. Гэвч удалгүй дэлхийн зах зээл дээр арилжааны чиглэлээр нийлүүлэгдэх урааны ихэнх хэсэг нь Оросын тунгалаг бус засаглал, түүнээс дагжин чичрэх гадаадын түншүүдийн гарт байх вий.
Гэсэн ч энэ бүхэн АНУ, түүний үндэсний аюулгүй байдлыг хариуцсан зөвлөгчид, шүүмжлэгчдийн сэтгэлийг нэг их зовоохгүй байгаа бололтой гэсэн утга бүхий нийтлэл “AsiaTimes” сонинд нийтлэгджээ. Уг нийтлэлийн дараа шинжээчид “Үүнээс харахад ОХУ-ын цөмийн ашиг сонирхол АНУ-г ялж, эцэстээ Монгол Улсыг өөрийн “өвөрт” оруулах гэсэн ураны далд дайн өрнөсөн гэдгийг илтгэнэ” хэмээн дүгнэжээ.
Т.Батсугар
URL: