Хатуу самар хэзээ ч ЦӨМӨГДДӨГГҮЙ
Хууль зүй дотоод хэргийн сайд Цэндийн Нямдоржийг улстөрийн хүрээнийхэн хатуу самар хэмээн нэрлэдэг. Прокуророос өгсүүлээд салбарын сайд хүртэл дэвшиж, Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентыг төлөвшихөд энэ эрхмийн гүйцэтгэсэн үүрэг их. Худалч хүнд их хурлынхны өлгийдөн авч байгаа хуулийн төсөл бүхэнд Ц.Нямдорж гэдэг хүн саналаа өгч, төсөл бүрийн нарийвчлан сууж хянадаг ясны хуульч хүн. Ямар сайндаа л Шүүх эрх мэдлийн байгууллагын шинэтгэлийн үндэсний чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ энэ өдрөөс эхлээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг “шударга сайд” хэмээн нэрлэе гэхэв. Мэдээж хуулийн байгууллагын ажлыг иргэд хэзээ ч бүрэн дүүрэн, төгс гэж үнэлдэггүй. Хохирогч, хохироосон гээд хоёр талтайгаар асуудлыг шийддэг болохоор нэг нь гомдож, нөгөөх нь баярладаг тогтолцоо дэлхийд ч үйлчилсээр ирсэн. Түүнээс биш цагдаа, хууль хяналт, шүүхийн байгууллагаар орсон хүн бүхэн үүдээр нь баяртай гардаг гэвэл түүн шиг худал зүйл байхгүй юм билээ.
Монголын улс төр, хууль тогтоох байгууллагад 30 гаруй жил зүтгэсэн Ц.Нямдоржийг яллахыг сүүлийн үед олон хүн хичээх болж. Иргэний хөдөлгөөнүүдээс өгсүүлээд экс ерөнхийлөгч Н.Энхбаяр хүртэл урт жагсаалт хөвөрч, түүний булхай луйврыг илчилнэ гэж сүр бадруулан хурал хийж, мэдэгдэл гаргаж байна. Хэдэн сая долларын хаустай юм байх. Хэрэг бүртгэл, хууль хяналтын байгууллагад дээрээс нөлөөлдөг гэнэ. Бас болоогүй нуун далдалсан өмч хөрөнгө байгаа гээд Ц.Нямдоржид гомдсон хүмүүс сайдын эсрэг нэгдсэн бололтой юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр би ажлаа өгчихсөн. Шалгуулахад бэлэн байгаа. Ц.Нямдорж ч хамт шалгуулах хэрэгтэй гэж мэдэгдлээ. Н.Энхбаяр ямар ажлаа өгсөн юм, бүү мэд. Лав л МАХН-ын даргаасаа татгалзсан гэж дуулаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудлыг тэрбээр өгөөгүй, ард түмэн түүнд өгөхгүй гээд аль хоёр жилийн өмнө шийдчихсэн. Тэгэхээр Н.Энхбаярт өгөөд, хүлээлгээд байх ажил алга. Төрийн бус улс төрийн байгууллагын тэргүүн хэвээрээ байгаа гэсэн үг. Харин Ц.Нямдоржийг дуэльд дуудаж байгаа учир шалтгаан нь Хууль зүй, дотоод хэргийн сайдынхаа ажлыг өгчих. Хамт шалгуулъя гэж бассаных. Нэг улс төрийн намын дарга Засгийн газрын аль нэг гишүүнийг ажлаа өг гэхээр өгчихөөд хамт хөтлөлцөөд хуулийн байгууллагаар гүйгээд байвал хөх инээдэм болно. Хуулийнхан хэрэв Ц.Нямдоржийг буруутай гэж үзвэл Н.Энхбаяраар заалгуулахгүйгээр шалгаад, шийдээд явчихна. Тэгэхээр МАХН-ын даргын дуэль өөрөө хууль бус, зөвхөн өөрийгөө өндөрт өргөх гэсэн тоглолт гэдэг нь харагдана.
Үнэхээр Ц.Нямдорж муу ажилласан хүн юм бол салбарт нь ажиллаж байгаа тэр хар мянган цагдаа, прокурор, шүүхийнхэн “но” булхайг нь гаргаад ирэхгүй яасан юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Тэгвэл салбарынх нь нөхөд сайддаа ам сайтай байдаг. Хэдий Ц.Нямдорж байнга хүнд чичлүүлж, хэл амны бай болж явдаг ч хууль зүйн салбартаа тов хийсэн ажил хийсэн сайд гэдгийг хэлэх хүн олон. Наад зах нь УИХ-ын 2008 оны сонгуулийн дараахь долдугаар сарын үймээний үеэр хүний эрх зөрчсөн, хомроглон хорьсон, ганц худаг ардчилсан нийгэмд баймааргүй барилгатай муухай газар гэж шүүмжилж, амтай бүхэн шаагисан. Одоо тэгээд хар… Цагдан хорих төвийн барилгыг шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрынхан өөрсдийнхөө хүчээр барьж, олон улсын стандартад нийцүүлчихсэн. Нээлтэнд нь очсон эрхэм гишүүд, эрх мэдэлтнүүд амаа олохгүй магтаад л гарч байсан дүр зураг саяхных.
Хоригдол гэхээр гэмтэн гэж үзэхээс илүүтэй нийгэмшүүлэх тал дээр ч салбар нь анхаарч өнөөдөр төрийн хоолыг зүгээр идээд суух биш, өр зээлээ дарах бололцоог олгож, ялтнуудад хөдөлмөрийн хөлс өгч байгаа. Энэ том ажлуудын нэг биш гэх үү. Цагдаа, хууль хяналт, прокурорынхны нийгмийн асуудлыг ээлж дараалан шийдэж, шинэ орон сууцны түлхүүр атгаж, төрийн ажлыг толгой өвдөхгүйгээр хийх болсныг яагаад төрийнхөн, иргэний хөдөлгөөнүүд, улс төрийн намууд олж харахгүй байгаа юм бэ. Ийнхүү сайдын хийсэн ажлыг дурдвал их. Сайдын гэхээс илүүтэй салбарын зовлонгоо мэддэг учраас зөв төлөвлөлтийг оруулс¬наар хөдөө орон нутгийн цагдаагийн хэлтсүүд ч өөрийн гэсэн байр савтай болсон. Хийсэн ажил нь Засгийн газар гэдэг том тогоонд багтаад хувь хүн нь тэнэг болж таарна гэж хаа байхав.
Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу гэдэг үнэн үг. Худал ярьж, хуулиар далайлган ашиг олж, өөрсдийнхөө хуудууг нуух гэсэн нөхдийн өөдөөс Ц.Нямдорж хэдэрлээд хатуу үг хэлчих¬дэг. Хэнээс ч айж , ичнэ гэсэн ойлголт байхгүй. Цайны цөөхөн костюмтай сайдыг яллах хүсэлдээ автсан нөхөд үр хүүхэд рүү чиглэж, гэр бүлийнх нь хана хэрэм рүү үсэрч байгаа нь даанч муухай.
Сайдын хүү болохоор зээл авч барилга барьж болохгүй юм байна. Нямдоржийн хүүхэд учраас гуйлгачин амьдралтай яв гэж хэн хэлээв. Тэр хүүхдүүд хүн шиг л хүмүүс. Амьдрахын төлөө тэмцэж яваа. Харин Н.Энхбаярын хүүхдүүд шиг дэлхийн нэр хүндтэй сургуулийн үүдийг аавын арын хаалгаар татаагүй. Дансандаа их хөрөнгө цуглуулаагүй нь л тэдний буруу. Монголын улс төр шударга байдлыг тогтоохыг хүсдэг бол хөдөөнөөс сонгогдож ирээд хотод шинэ байр авч, хэд хэдэн орон сууцтай болж байгаа гишүүдийг шалгах хэрэгтэй. Хотын дарга хийж байсан нөхөр хүртэл УИХ-ын Тамгын газарт орон сууцтай болох хүсэлт тавьж байсан түүх бий.
Ц.Нямдоржийг яасан гээд энэ олон нөхөд яллахыг хүсээд байгаа юм бэ. Тэгэхдээ өмнө нь муу муухайг нь дэлгэхгүй яг одоо хөндөөд байгаа нь хачирхалтай санагдаад байгаа юм. Шударга байхыг хүсч байгаа бол ганц хүнийг бай болгож чичлэхээс илүүтэй улс төрийн хүрээнийхнээс бүгдээс нь нэхэж шаардах ёстой. Монголд баригдаж байгаа энэ олон хаус тауны ард хэн хэн байгааг тогтооё. Шударга хэлэхэд дийлэнх нь улстөрчдийнх, төрийн алба хашиж байгаа луухгар дарга нарынх. Жингийн туухайн дээр тавибал Ц.Нямдоржийнх бага болж таарна шүү.
Хатуу самрыг цөмөхийг хүсч байгаа хүмүүс юунд ийнхүү улайран сайныг дарж, хар бүхнийг нь ч сөхөх болсныг иргэд гайхаж байна. Нямдорж ааш муутай. Бодож санаснаа шулуухан хэлчихдэг бодь хүн. Бялдуучилж, долигнохыг мэддэггүй гүжир нөхөр. Намын анд ч бай, насны дайсан ч бай хэлэх үгээ хэнээр ч заалгахгүй хэлж орхидог нь зарим аавын хүүгийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргээд байдаг муу талтай байдаг л байх. Хувийн амьдралын тал дээр тэрээр сайн аав, сайн өвөө гэдгийг гэр бүлийнхэн нь хэлдгээс гадна хатуу гэхээс илүү өр нимгэн сэтгэл энэ хүнд байдгийг ойр тойрны нөхөд нь баталдаг. Хамаатныхаа өнчин өрөөсөн хүүхдүүдийг өөрийнх мэт дэргэдээ өсгөж, өнөөг хүртэл хайрлаж яваа түүнд дан хатуу хахир зан суусан гэвэл худал болоод байгаа юм. Нэгэн үе Ц.Нямдоржийн дайсан нь УИХ-ын гишүүн Л. Гүндалай байсан. Ямар сайндаа л тэр тухай хошин шог яриа хүн хүний ам дамжин яригдах вэ дээ… Баянаа аварга хөдөлмөр алдраа тэмдэглэж, бөхчүүд өргөөндөө чуулж байтал Мөөеө аварга огт харагдахгүй байсан гэнэ. Гайхсан Нямка сайд Мөөеө аварга руу утас цохиж, та чинь хаана байна аа гэж асуусан гэдэг. Хариултыг аварга төвөггүй хэлж, хэрвээ чи Л.Гүндалай найраа хийж байвал очих уу гэж асуух вэ дээ. Энэ бол улстөрийн хүрээнийхний дунд аль хэдийн тархсан хошин яриа. Эрхэм гишүүн Л.Гүндалай Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Ням¬доржид нэгэн үе ийнхүү дургүй байсан. Дургүй хүрсэн шалтгаан нь Эрүүл мэндийн сайд байхдаа төсвийн хөрөнгө мөнгийг зүй бусаар зарцуулсан хэрэгтээ нь холбоотой байдаг. Түүнчлэн тухайн үеийн Засгийн газрын Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайханыг огцруулсантай ч уялддаг. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэгчлэн олон жил улс төрд чанагдаж ирсэн нөхрөө огцруулъя гэсэн өргөх бичиг барьсан Л.Гүндалай эргээд бичгээ татна гэж УИХ-ын нэгдсэн хуралдааныг даажигнасан болохоор УИХ-ын дарга Ц.Нямдорж алхаа тогшчихсон түүхтэй. Асуудлыг гишүүд хэлэлцэж Л.Гүндалайгийн гомдлыг зөв гээд сайд Б. Жаргалсайхан арван хормын дотор сул гишүүний эгнээнд орсон юм. Аливаа асуудалд зарчимч хандсаныхаа хариуд Ц.Нямдорж муу үг олныг дуулсан байх, муугаар ч бишгүй хэлүүлсэн.
Ер нь Ц.Нямдоржтой арцалдаж байгаа, хатуу самрыг цөмөхийг хүсч байгаа нөхдийг хараад байхад ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдсон, эс бөгөөс шалгагдаж байгаа сэжигтнүүд. Гэмгүй хэмээн тэд өөрсдийгөө тодорхойлдог ч хуулийнхан гэмтэй байж магадгүй гэж шалгадаг. Хууль хяналтын байгууллагынхны нээж байгаа хавтаст хэрэг болгоныг салбарын сайд хянана гэж юу байхав. Хий дэмий хоорондоо хардаж, хардлагаа бодит амьдрал болгож харсны уршгаар бүтэн салбарын бурууг улстөрийн хатуу самар руу чихчихвэл болно гэж бодож байна. Нямдоржоор оролдож байгаа улстөр Монголын хууль хяналт, хүчний байгууллага, шүүх засаглалыг хууль бус үйл ажиллагаа явуулахыг хүсч байгаа нөхөд биш үү гэсэн хардлага төрнө.
Нямдорж үнэхээр л муу хүн юм бол Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж “шударга сайд” хэмээн тунхаглах уу… Энхбаярт хатуу үг хэлэх үедээ хэлж, зөв санааг нь дэмжсээр улс төрд хамт зүтгэсэн Нямдорж өнгөрсөн 20 жилд хуулийн салбарыг удирдахдаа алдаа гаргасан бол төрийн дээд гурван суудалд суусан Н.Энхбаяр ч алдаа гаргасан байж таарлаа. Улс төрийн намуудын тухай хууль ч үүний тод жишээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энх¬баяр гэдэг хүн өрөөндөө намынхаа лидерүүдийг дуудаад нэг муу хууль хийчихэж чаддаггүй. Намынхаа нэрийг хүнд алдах уу та нар гэж загнаж суусан гэдэг. Загнуулсан хүний тоонд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж орно. Хамт мөр зэрэгцэн тэр өрөөнд сууж байсан улстөрчид өнөөдөр амьд сэрүүн, мэнд мэлтийгээд явж байна. Шахаж батлуулсан хуулиа харин өөрөөр эргүүлж, намынхаа нэрийг булаасан нь бас үнэн болоод байгаа юм. Шударга, жудагтай улстөрч Н.Энхбаяр байсан бол ой санамж гэдэг хөгийн зүйл ярьж байхаар өөрөө юу хийсэн бэ гэдгээ дандаа бодох хэрэгтэй гэж олон хүмүүс үзэж байна.
Багийнхныхаа хийсэн сайн ажлыг өөртөө тохчихоод, мууг нь нөхөд рүүгээ чихээд байж болохгүй. Зовлон жаргалыг эр хүмүүс хамтдаа л туулчи¬хаач гэж хэлмээр… Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж салбарынхаа ажлыг муу хийдэг байсан гэвэл худлаа гэдгийг хуульчид хэлдэг. Наад зах нь цагдаагийн байгууллага хөдөлгөөнт эргүүлтэй болж, хичнээн их гэмт хэргийг газар дээр нь таслан зогсоож, иргэдэд шуурхай үйлчилж чадаж байна вэ. Хөдөө орон нутаг гэлтгүй хотын дүүргүүдэд ч цагдаагийн хэсгийн барилгууд баригдаж, цагдаа хүн аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарыг царай алдахгүй ажиллаад, амьдарчих бололцоог олгосон. Гурван тэрбумын өртөгтэй баригдах нэг худаг гэгч айхтар газрын барилгыг дотоодынхоо хүчээр барьснаар төсвийн хөрөнгийг 50 хувь хэмнэсэн. Хүнд хэцүү цаг үед үргэлж хууль сахиулагчдынхаа талд зогсож чаддагаараа хатуу самартаа салбарынхан ам сайтай байдаг. Хийрхэлтэй улстөрчид өнөөдөр цагдаагийн шинэтгэлийн хуулийг хүртэл эсэргүүцэж, Монгол төрийн цагдаа буу шийдэмгүй байх ёстой гэж дөвчигнөж сууна. Хэн буудна гэсэн юм бэ. Гэмгүй хүнийг юу гэж цагдаа буудах юм бэ. Амар амгалан байвал цагдаа буу битгий хэл бороохой ч ашиглахгүй нь ойлгомжтой. Харин МАХН-ынхны мэдэгдэж байгаачлан МАНАН ч гэнэ үү, МАХН ч гэнэ үү мафи байгаад байвал Монголын цагдаа буутай байх нь зөв шүү дээ. Мафийн өөдөөс улаан гараараа зүтгэ гэж хэлээд байгаа юм уу гээд иргэд улстөрчдийн ухаанаа алдсан синдромыг гайхаж байна, цаана чинь. Өнөөдөр нэгийг ярьж, маргааш өөрийг ярих нь зохисгүй.
Монголын төрд зүтгэсэн хүнээ яллахыг зүтгээд байдаг муу зан монголчуудад хэвшчих гээд байгаад болгоомжлол төрөхөөс өөр аргагүй. Бал даргаа яалаа, бид. Бас Батмөнх гэдэг хүнийг ямаршуухан амьдруулж байж сүүлчийн замд нь үдлээ. Ажаад байхад иргэд төрийн хүнээ ялласан гэхээс илүүтэй улстөрчид өөрсдөө л яллаж, хорон санаагаа гүйцэлдүүлсэн байдаг. Одоо Хууль зүй, дотоод хэргийн сайдаа яллахыг хүсч байна гэнэ. Хагас жилийн өмнө Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг яллаж, хуулийн байгууллагад насаараа зүтгэсэн хүмүүсийг шавь болсон хүмүүсээр нь зүрхийг нь өмрүүлж байгаад ногоон пургонд ачиж, хэцүү нэртэд суулгаад саяхан сулласан.
Энэ эмгэнэл нь багадаад салбарын сайдаа ачих хүсэл төрж гэнэ. Ийм байгаад байвал Монголын хуулийн салбарт, шинэтгэл хийгээд байгаа шүүх прокурорын байгууллагад хэн ажиллах юм бэ. Сүржин яллаж, даржин сулладаг Монголын улс төрийн хэнээрхлийг тасалж, Монгол Монголоороо үлдмээр байна. Гэм хийгээгүй хүн гэмтнүүдтэй хөтлөлцөөд явна гэж бодож байгаа бол эндүүрчээ гэж хэлмээр. Хатуу самар харин энэ цаг үед даруухан хариулт өгөөд төв сууж байна. Хуульч хүн учраас тэрбээр буруугүй гэдгээ мэднэ. Тиймээс мэгдэн сандарч, хэвлэлийн хурал зарлаж би буруугүй ээ гэж хашгирахгүй нь мэдээж. Хатуу самраар оролдож байгаа Монголын улстөр хувьсгал гэдэг хийрхлийг дагуулан дэвэргэх аюултай. Хувьсгал ард хоцорсон. Хатуу самар хэзээ ч цөмөгддөггүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй биз.
URL: