Ийм хөлдүү хойрго байж болохгүй ээ, А.Цогцэцэг сайд аа!

10659

Аймаг, сумдууд наадмаа тэмдэглэж буй энэ өдрүүдэд Завханы Түдэвтэй сумаас харамсалтай мэдээ ирсэн нь, унаач хүү морьноосоо унаж, тархиндаа хүнд гэмтэл авсан тухай байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар хүү Улаанбаатарт, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хүүд хийсэн хагалгаа амжилттай болсон гэдгийг ар гэрийнхэн нь хэлж буй. Тархины суурь ясны хугарал, няцрал оноштойгоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй 13 настай унаач хүү Л.Баасандоржийн бие сайжирч байгаа нь тун сайн хэрэг юм.

Гэхдээ уг асуудалтай холбоотойгоор нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байна. Хэдийгээр хүүгийн эмчилгээний зардлыг төрөөс 100 хувь шийдэж байгаа ч, салбарын яам асуудалд  хөшүүн хойрго хандсаныг хэлэх хэрэгтэй. Завхан аймгийн Түдэвтэй сумын засаг дарга Ж.Батмөнх гэж хүн энэ сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт хандах дараах бичгийг үйлдсэн байдаг.

Гэвч Эрүүл мэндийн яам бус хувь эмч “Blue Sky Aviation” компанид хандаж хүүг, хотод авчруулсан байгаа. За харин Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн ажилтан Ө.Энхмаа medee.mn сайтад тодруулга өгөхдөө “Хурдан морь унаач Л.Баасандорж хүү тархины мэс заслын хагалгаанд орж, мэс засал амжилттай болсон. Одоо эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хүүгийн эмчилгээний зардлыг 100 хувь төрөөс дааж байгаа. Олон нийт ЭМЯ-ны А.Цогцэцэг сайдыг нисдэг тэрэгний асуудлыг шийдэж өгөөгүй хэмээн буруугаар ойлгож байна. Манай яаманд олон нийтийн сүлжээгээр яваад байгаа Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг даргын албан тоот ирээгүй. Бид зөвхөн мэдээллийн сайтууд болон олон нийтийн сүлжээнээс л олж уншсан. Яам руу албан тоот, хүсэлтийг цахим шуудан, факс гэх мэт олон зүйлээр илгээж болдог. Гэтэл өнөөдрийг болтол ирээгүй л байна. Зүгээр л фэйсбүүкт байршуулсан байсан. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн үдээс хойш Л.Баасандорж хүүгийн хамаатан нь канондсон хувийг авчирч өгсөн. Түргэн тусламжийн нисдэг тэрэгний үлдэгдэл төлбөрийн талаархи мэдээлэл одоогоор манайд ирээгүй байна” хэмээн ярьжээ.

Энэ бол бүхэл бүтэн салбар хариуцсан яамны ажилтны өгч буй мэдээлэл. Мэдээллийн сайтууд болон сошиал хуудсуудаар нийтлэгдсэн засаг даргын албан бичгийг харсан л бол, араас нь шалгаж, нягтлах ёстой баймаар. Гол нь тэнд хүүхдийн амь нас дээсэн дөрөөн дээр байгаа тухай асуудал бичигдсэн байсан шүү дээ.

Тийм байтал манайд канондсон хувь нь ирсээн гээд өөрсдөөсөө холдуулаад байж болохгүй биз ээ. Салбарын сайд руу хаягласан тамга, гарын үсэгтэй албан бичгийг мэдээллийн хэрэгслүүд нийтлээд байхад, чухам юу болов, яав ийв гэж араас нь анхаарал тавих ёстой. Ийм хөлдүү хойрго байж болохгүй ээ, А.Цогцэцэг сайд аа.

Эх сурвалж: Hunnu.m


URL:

Сэтгэгдэл бичих