Хүмүүс зугаалах МӨНГӨТЭЙ БОЛЖ. Төрд зохицуулах БОДЛОГО АЛГА
Аялал жуулчлалын салбарынхан зөвхөн гаднынханд бөхөлздөгөө болих цаг иржээ. Учир нь дотоодын аялал жуулчлал сүүлийн хоёр жилд ойролцоогоор 10-12 хувиар өссөн гэсэн тооцоо бий. Мөн сүүлийн нэг жилд дотоодын аялал, жуулчлалын салбарт 102.9 сая ам.долларын орлого төвлөрсөн нь жилийн өмнөхөөс найман хувиар өссөн гэдгийг салбарын холбоо мэдээлжээ.
Монголчууд аялах мөнгөтэй болсон. Бид гоё замаар явж, аюулгүй цэвэрхэн орчинд, тав тухтай аялахын тулд тохирсон үнээ төлөхөд бэлэн. Харин төрд хувийн хэвшлийнхэнтэй нийлж энэ салбарыг цэгцэлж, хөгжүүлэх бодлого алга.
Төрийн зүгээс байгалийн үзэсгэлэнт газруудыг тусгай хамгаалалтад авдаг ч, аялагчдад зориулсан дүрэм гаргаж, хэрэгжилтийг нь байнга хянах хүн томилдоггүй. Үүний улмаас эх орны минь олон сайхан үзэсгэлэнт газрууд эзгүйдэж, хогонд дарагдсан, жорлон үнэртүүлсэн, хүнийг зугаацуулах юу ч үгүй болжээ.
100 КИЛОМЕТР ТУТАМД БОЛОВСОН БИЕ ЗАСАХ ГАЗАР, ЗОРИУЛАЛТЫН ХОГИЙН ЦЭГ БАЙГУУЛЪЯ
Өнөөдөр олон аймгууд нийслэл хотттой засмал замаар холбогдсон учир машинтай л бол хүссэн газар руугаа явж болохоор болсон. Гэвч хол замд явахад жолооч, зорчигчдыг амраах тухтай буудал, өргөн сонголт бүхий худалдааны төв, чанартай хоолны газар, эмнэлэг, бие засах газар, хогийн цэг, шатахуун түгээх газар, машин засвар зэргээс бүрдсэн байгууламж тун ховор. Иймд аялагчид хэрэгцээт бүх зүйлсээ хотоос бэлдэцгээдэг.
Бидний мэдэх сайн жишээ болох хотоос баруун тийш 100 километрт орших Урьхан шиг байгууламжийг аймаг бүр нутаг дэвсгэрийнхээ зам дагуу дор хаяж 100 километр тутамд байгуулах хэрэгтэй. Ингэснээр хол зам туулж яваа аялагчдад амар бөгөөд олон хүмүүсийг ажилтай болгож зам дагасан хөгжил бий болгох ач холбогдолтой. Дунджаар нэг цаг гучин минут яваад л боловсон бие засах газар, зориулалтын хогийн цэг байхад хэн ч замын хажууд “байгальдаж”, хогоо хаяхгүй.
БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД РУУ НЭВТРЭХ ТӨЛБӨРИЙГ НЭМЬЕ
Өөрийн эх орондоо байж төлбөр төлөх хэрэг үү гэж бухимдах хүмүүс цөөнгүй. Гэвч байгаль хамгаалах салбарт хөрөнгө оруулалт хамгийн чухал. Гол нь аялагчдад төлсөн татварт нь тохирсон, сэтгэлд нийцсэн үйлчилгээ санал болгох хэрэгтэй. Дуртай газраа майхнаа бариад төлбөр төлөлгүй, дүрэм журамгүй хонох эрх зөвхөн Монголчууд бидэнд л бий. Аялсан газраа хүссэнээрээ хог хаяж, гал түлж, бие зассан ч хэн ч торгож, донгодохгүй.
Бид зургадугаар сард Архангай аймгийн нутагт байрлах Өгий нууранд очсон юм. Гэвч шөнө майхандаа унтаж байтал эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй жолоочтой машинууд дайрах нь холгүй сүлжилдэх аж. Иймд нуурын эрэг орчмоор машин оруулахгүй хаалт хийж, амрагчдын аюулгүй байдлыг хангах нь чухал санагдсан. Мөн ойр орчимд хогийн цэг, бие засах газар огт харагдаагүй. Хэн хэзээ ирж авах нь мэдэгдэхгүй хог овоолсон газарт нэмж хогоо хаян, харуй бүрий болонгуут майхнаа тойрч бие засах аж.
Ядаж л Туул голоос эхлээд томоохон гол, нуурын бүс рүү орох хүн бүрээс татвар авч эрэг рүү нь машин оруулахгүй байх тусгаарлагч хана барих, хогийн цэг олноор байрлуулах, ядаж л бохирыг нь соруулж авах зориулалт бүхий цементэн ханатай жорлон хангалттай олныг барих, ил гал түлж болох хэсгийг тэмдэглэх гэх мэт зүйлд зарцуулдаг байх хэрэгтэй.
Аймаг бүр хүмүүсийн ихээр очдог газрууд руу нэвтрэхэд татвар ногдуулж, дүрэм журам тогтоож, хариуцах эзэнтэй байлгаж, багахан хэмжээний бүтээн байгуулалт хийвэл аялагчид ч ухамсартай, цэвэр цэмцгэр байх болно. Нэг үеэ бодвол Монголчууд цэвэр цэмцгэр, байгальд ээлтэй аялах ухамсартай болсон.
АЯЛАГЧДЫГ АРХИДУУЛАХ БИШ ЗУГААЦУУЛЪЯ
Аялал зугаалга, амралтад явах нь “архидах” гэсэн ойлголт бий болжээ. Ялангуяа хоттой ойр байрлах амралтын газруудад энэ байдал их ажиглагддаг. Угтаа тэдгээр амралтын газрууд амрагчдыг зугаацуулах олигтой үйлчилгээ санал болгодоггүй. Ядаж л 20-иод гэртэй амралтын газарт нэг ч сагсны талбай байдаггүй шүү дээ. Мөн орон нутагт морь, тэмээ унуулж, бүргэдтэй зургаа авахуулах, айраг, хуушуур санал болгохоос өөр үйлчилгээ байдаггүй. Эдгээр үйчилгээ жуулчдад л сонин.
Өнгөрсөн жил бид Увс аймагт орших Хяргас нуурыг зорьсон юм. Талдаа 1,400 орчим километр туулж зорьсон газраа очоод байгалийн сайхныг бишрэхээс өөр хийх зүйл бидэнд олдсонгүй. Ялангуяа сэлж чадахгүй хүнд бол нуурын давалгаа харж суухаас өөр сонголт байхгүй. Очсон газартаа хөрөнгө оруулалт хийе, зугаатай байя гэхнээ ямар ч үйлчилгээ үзүүлэх газар, хувь хүн ч байсангүй. Иймд аялагчид майхандаа хонож, өөрсдөө хоол хийж идэхээс өөр сонголтгүй аж. Нэг үгээр хэлбэл дотоодын аялал “уйтгартай” санагдсан.
Монгол улсад өндөр уулс, гол нуурууд, тайга, элсэн цөл гэх мэт адал явдалд дурлагсдад тохирох бүгд бий. Ялангуяа уулын аяллыг Непал, Шинэ Зеландын жишээнээс суралцан хөгжүүлбэл жилийн дөрвөн улирлын турш гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авч зугаацуулах боломжтой. Жишээ нь Непалд уул руу авирахдаа хоорондоо ойрхон байрлах хоолны газруудад амрангаа дээшээ өгсөөд байж болно. Монголд бол гэр барихад зохимжтой. Мөн Шинэ Зеландад уулчид шөнөдөө урьдчилж захиалсан амралтын газар хонодог. Тиймээс майхан гэх мэт илүү ачаа авч явах шаардлагагүй. Энэ тохиолдолд ч бас гэр баазуудыг Монголд ашиглах боломжтой. Ядаж л дөрвөн улирлын турш нийслэлчүүдийн уулын аяллын гол цэг болсон Богд уулаа жишиг болгож хөгжүүлэх юмсан.
Харин томоохон гол нууруудад загасчлах хэсгийг тусгайлан бэлдэж, уурга түрээслэж, анхан шатны сургалт явуулсан ч болно. Тэрхийн цагаан нуур, Хөвсгөл гэх мэт гүн цэнгэг нууруудад шумбах, шүхэртэй завь, моторт завь гэх мэт төрөл бүрийн үйлчилгээ нэвтрүүлж болно.
ЗАМЫН ТЭМДЭГ, ГАЗРЫН ХАЯГЛАЛТЫГ САЙЖРУУЛЪЯ
Сүүлийн гурван жилийн дотор зургаан аймаг нийслэлтэй засмал замаар холбогджээ. Гэвч зам харгуй сайжрахын хэрээр хөдөөгийн замд гардаг ослын хэмжээ нэмэгдсээр байна. Өнгөрсөн жилд зам тээврийн ослоор 485 хүн нас барсны 72,5 хувь буюу 352 нь орон нутгийн замд осолджээ. Иймд нүх бартаа ихтэй замыг хэмжиж жолооч нарт урьдчилан анхааруулсан том самбар байрлуулах нь зүйтэй.
Мөн замын хаяглалт муу байдгаас орон нутгийн замд төөрөх тохиолдол их гардаг. Ялангуяа шороон зам руу ороход ямар ч хаяглалт байхгүй нь үнэхээр төвөгтэй. Зам мэдэхгүй хүнд бол тэр олон салаа замын хаагуур нь явахыг бурхан л мэдэх байх гэмээр. Одоо байгаа цөөхөн тэмдгүүд нь хуучирч бүдгэрсэн эсвэл хэт жижиг харагддаг. Монгол Улсын уул, ус болгон нэртэй байдаг ч ойр орчимд нь мөн л ямар ч мэдээлэл байдаггүй.
Гаднын оронд байдаг бүх л сайхан байгаль бидэнд бий. Үнэхээр чанартай үйлчилгээ, найрсаг харилцаа, зугаатай аяллыг санал болговол Монголчууд гадаадад биш дотооддоо аялахыг илүүд үзнэ.
Орлоготой, ирээдүйтэй аялал жуулчлалын салбараа төр өнөөдрөөс өөд нь татаж, хариуцах эзэнтэй, зохицуулах бодлоготой болгох хэрэгтэй байна. Гаднын сайн жишээнүүдээс суралцаж, аймаг, сумдын засаг захиргаа болон хувийн хэвшлүүдтэй хамтран, чадвартай хүний нөөцийн тусламжтайгаар тус салбараа хөгжүүлвэл бид үр хойчдоо сайхан байгалиа энэ хэвээр нь үлдээх боломж бий.
http://news.gogo.mn/r/211747
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Их зөв юм бичжээ. Санал нийлж байна шүү, сайхан болох цаг ойрхон гэдэгт итгэж байна.
Хануй Рашаан орон нутаг нь амрагчдад зориулаг бараг рашааны дэргэд жорлонгоо барьсан байсан. Одоо яагаад бол