АЙРГИЙН ГОЗГОРЫН ДУРСГАЛУУД ТҮҮХИЙН ЗАРИМ БАРИМТЫГ ҮГҮЙСГЭХ МАГАДЛАЛТАЙ ГЭВ

olloo_mn_1500611940_Untitled-1Орхон аймгийн Жаргалант сумын Айргийн гозгор гэх газраас олдсон  Хүннүгийн хожуу үе Сяньбигийн эхэн үед хамаарах бүлэг дурсгалд малтлага хийх ажил дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. Уг ажилтай тус аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар өчигдөр очиж танилцжээ.

Малтлага, судалгааны ажлыг Монголын Үндэсний музей, Орхон аймгийн музейн мэргэжилтнүүдээр ахлуулсан 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэж буй юм. Өмнөх онд хийсэн судалгааны дүнд мэргэжилтнүүд тухайн хэсэгт 97 булш байгааг тогтоосон. Тэгвэл энэ онд хийсэн судалгааны дүнд уг тоо 102 болж өссөн бөгөөд цаашид ч нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа аж. Энэ онд судлаачид том, жижиг хоёр булшинд судалгаа хийхээр төлөвлөсөн байна.

Хүннү гүрний хожуу үе, Сяньби улсын түүхийн эхэн үеийн буюу одоогоос 2000 жилийн өмнөх энэ олдвор нь дэлхийн судлаачдын анхаарлыг ихээр татаж эхэлсэн байна. Тухайлбал, АНУ-ын эрдэмтэд тухайн хэсгээс олдсон хүний ясыг, Япон улсын эрдэмтэд эд, зүйлийг  судлах, сэргээн засах санал тавьснаар хамтран ажиллахаар болжээ. Түүнчлэн БНХАУ-ын Ардын их сургуулийн эрдэмтэд судалгааны туршид ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Тиймээс ирэх оноос Жаргалант сумын Айргийн гозгорын дурсгал нь олон улсын том төсөл болох ирээдүй харагдаж байгааг Монголын Үндэсний музейн  мэргэжилтнүүд ярьлаа.

Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга Ц.Одбаатар хэлэхдээ “Олон улсын эрдэмтдийн дунд Сяньбичууд нь Өвөр Монголын газар нутагт амьдарч байсан. Монголын газар нутагт Сяньбигийн үед хамаарах олдвор байх боломжгүй гэх хандлага байдаг. Түүхийн зарим эх сурвалжид ч тэгж бичсэн байдаг. Гэхдээ Айргийн гозгорын дурсгалууд нь эдгээр түүхийн эх сурвалжийг үгүйсгэх магадлалтай” гэсэн юм.

Энэ жилийн малтлагаар гарсан дурсгалуудыг Орхон аймгийн Музейд хүлээлгэн өгөх юм байна. Учир нь малтлагад шаардлагатай 40 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутгаас төсвөөс хийж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих