Хувцсан дотроо нуусан 100 гаруй iPhone гар утсыг нь илрүүлжээ
Хятадын иргэн эмэгтэйг хувцсан дотроо 102 ширхэг iPhone гар утсыг нуун Хонконг-Шэнжэний хилээр нэвтрүүлэхээр завдах үед нь баривчлан саатуулжээ. “Kotaku” сонинд мэдээлснээр сэжигтэн эмэгтэйн гадаад байдал нь гаалийн ажилтнуудын анхаарлыг шууд татсан байна. Цаг агаар халуун байгаа үед хэтэрхий их зузаалсан, цээж нь түнтийсэн харагдсан эмэгтэйг гаалийн ажилтнууд саатуулан урьдчилсан үзлэг хийснийхээ дараа металл илрүүлэгчээр дамжин гарахыг хүссэн байна.
Эмэгтэй янз бүрийн загварын 102 ширхэг iPhone, 15 ширхэг Tissot брэндийн цагийг биедээ ороон хувцсан дотроо нуусан нь металл илрүүлэгчээр нэвтрэх үед нь дуугарч баригджээ. Хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан барааны нийт жин 20 гаруй кг байсан аж. Сэжигтэн эмэгтэй гурав хүртэлх жилээр хоригдох ял авах магадлалтай байгаа юм. Уг хэрэг мөрдөн байцаах шатандаа яваа гэдгийг Хонгконгийн гаалийн ажилтнууд мэдэгджээ.
URL: