Эмэгтэйн нүднээс 27 ширхэг контакт линз олдов

128135Өнгөрсөн арваннэгдүгээр сард 67 настай нэгэн эмэгтэйд нүдний болор цайх эмгэгийн хагалгаа хийхээр төлөвлөж байжээ. Өвчтөн мэс заслын эмч нарт хөгшрөх тусам нүд нь аргаж, харахад маш хүндрэлтэй болсон талаар ярьсан байна.

Гэвч Их Британийн Солихалл хотын эмнэлгийн эмч нар түүний нүд юуны учир бүрэлзэх болсон шалтгааныг тогтоожээ. Тодруулбал, эмэгтэйн баруун нүдэнд нийт 27 контакт линз шигдсэн байсныг олж илрүүлсэн талаар CNN мэдээлсэн байна. Энэ сарын эхээр энэ талаар эрүүл мэндийн “BMJ” сэтгүүлд нийтлэгджээ.

Солихалл эмнэлгийн зөвлөх эмч, Ричард Кромби өвчтөний нүдийг нээн хагалгаа хийж, линзний эхний бөөгнөрлийг гаргаж ирсэн байна. Тэнд 17 ширхэг линз байжээ. Үлдсэн 10 линзийг нь дахин шалгасны дүнд олсон байна. Эмэгтэйн зүүн нүдэнд ямар ч асуудал байгаагүй аж. Нүдний эмч, мэргэшсэн сургагч Рупал Моржариа “Бид бүгд шок”-нд орсон. Бид хэзээ ч ийм зүйлтэй таарч байгаагүй” хэмээн хэлжээ.

АНУ-ын Нүд судлалын академийн хэвлэлийн төлөөлөгч, доктор Томас Л.Стэйнманн “Өвчтөний нүдэнд нэг линз гацсан байсныг харж байснаас хэзээ ч 27-г харж байгаагүй” хэмээсэн байна. Уг эмэгтэй 35 жилийн турш сар бүр нэг удаагийн контакт линз хэрэглэдэг байжээ. Гэвч дээрх линзүүд эмэгтэйн нүдэнд хичнээн удсан нь тодорхойгүй байгаа аж. Эмэгтэй хааяа нүднээсээ контакт линзээ авах гээд олдоггүй байсан талаараа мэс заслын эмчид ярьсан байна.

Яснаас шүд, махнаас нүд гэж үг бий. Энэ нь нүд бидэнд хичнээн чухал болохыг, мөн нүд өвдөх хамгийн аюултай болохыг хэлж өгч байгаа юм. Харин өнөө цагт шинжлэх ухаан ихээхэн хөгжиж, хараа муутай хүмүүс харааны линз зүүж, эсвэл залуус, бүсгүйчүүд маань гоёлын линзээр гангарах болсон билээ. Линз бидний амьдралыг хөнгөлж өгдөг нь гарцаагүй. Гэхдээ линзийг зааврын дагуу хэрэглэхгүй бол бидний харааны эрхтнийг өвчлүүлдэг ажээ. Ингээд 2015 онд “Эмгэг судлалын төв”-өөс гаргасан линзний тухай 10 хортой нөлөөг бид хүргэж байна.

 

Контакт линзний бидний мэдэхгүй 10 хор нөлөө

 

1. Линзийг удаан хугацаагаар зүүх

Линзийг хэтэрхий удаан хугацаагаар зүүвэл нүдэн дээр гүвдрүү үүсэхээс гадна, хараанд муугаар нөлөөлдөг. Учир нь линз хүчилтөрөгч дамжуулах судасгүй хэсэг буюу нүдний торлог бүрхэвчин дээр байрладаг. Ердийн үед энэ үүргийг нулимс гүйцэтгэдэг боловч линз нь бамбай болчихдог билээ. Харин үе үе линзээ авч байснаар нүдээ хүчилтөрөгчөөр хангах үндсийг нь тавьж өгөх юм. Мөн хэтэрхий удаан хугацаанд линз зүүхээр нүд нян эсэргүүцэх чадваргүй болдог. Тиймээс ямар ч төрлийн линз зүүсэн бай, та ойр ойрхон авч, нүдээ амрааж байгаарай. Линзийг удаан хугацаагаар зүүх

2. Линзтэйгээ унтах

Линзтэйгээ унтах нь олон хүний гаргадаг алдаа юм. Ингэснээр нүдэнд хүчилтөрөгч дутагдаж, үүнээс үүдэн нүд загатнаж, халдвар орох нь бий. Тиймээс линзтэйгээ унтсан хүмүүс өглөө нүд нь хуурайшсан, харц нь бүдгэрч, юм харахдаа муу болж сэрдэг байна. Дээрээс нь хүн унтаж байхдаа нүдээ аньдаг учраас линзээ алга болгож мэдэх юм. 2009 онд “Journal of Optometry” сэтгүүл линзтэй унтах нь “бактерийн кератит” тусах гол шалтгаан болдог гэж бичсэн байна. Мөн 2015 онд “Эмгэг судлалын төв” хүний нүдний өвчлөх шалтгааны 25%-ийг хувиран өөрчлөгдөх хүчин зүйл эзэлдэг гэсэн судалгаа гаргасан ба энэ хүчин зүйлд линзтэйгээ унтах багтдаг ажээ. Линзтэйгээ унтах

3. Усанд линзтэйгээ орох

Усан сан, шүршүүр болон усанд орохдоо линзтэй байж хэрхэвч болохгүй. Усанд элдэв нян бактери маш их агуулагддаг учраас нүдийг үрэвсүүлж, бүр хараагүй болгож ч мэднэ. Мөн линзийг хуурайшуулдаг. Тиймээс ус руу орохоосоо өмнө заавал линзээ авч занших хэрэгтэйн зэрэгцээ усанд хийж огт болохгүй. Мөн зориулалтын шингэнд хийх хэрэгтэй болохыг анхаараарай. Усанд линзтэйгээ орох

4. Крантны усанд линзээ цэвэрлэх

Олон хүн линзээ крантны усанд угааж, алдаа гаргадаг. Крантны ус линзийг огтхон ч цэвэрлэдэггүй бөгөөд харин ч бүр элдэв хортой нян наалдуулдаг ажээ. Тэгээд ч крантны усанд “амёб” ихээр агуулагддаг ба энэ нь нүдийг өвчлүүлдэг. Мөн зурагдах аюултай юм. Тиймээс линзээ заавал тусгай шингэнд нь цэвэрлэх ёстойн зэрэгцээ биедээ хайрцаг сав болон линзний шингэнээ байнга авч явах нь зүйтэй юм. Крантны усанд линзээ цэвэрлэх

5. Хугацаа нь дууссан линз зүүх

Бүх юм хугацаатай. Линз ч мөн адил. Хугацаа нь дуусч, хуучирсан линз нян тээгч болж хувирдаг. Ийм линзийг зүүхэд тухгүй байдгаар тогтохгүй, нүдийг өвчлүүлдэг байна. Та хугацаа дууссан линз зүүснээрээ мөнгөө хэмнэж байгаа бус, харин ч эрүүл мэндээрээ хохирч байгаа хэрэг юм шүү. Хугацаа нь дууссан линз зүүх

6. Бохир гараар линзээ барих

Хүмүүс ихэвчлэн линзээ зүүж, авахаасаа өмнө гараа угаахаа мартчихдаг. Харин нүдэндээ нян оруулахгүйн тулд линзнийхээ саванд хүрэхээсээ өмнө гараа савандаж угаах хэрэгтэй. Мөн гараа бүрэн хатаах ёстой. Учир нь дээр дурдсанчлан усанд их хэмжээний нян агуулагддаг билээ. Бохир гараар линзээ барих

7. Нүд өвдсөн үед линз зүүх

Нүд загатнах, улайх, хавдах юм уу, халуу оргих үед линзээ авч байгаарай. Үгүй бол нүдэнд халдвар ордог. Заримдаа линзэнд ямар нэг асуудал тулгарснаас болж нүдэнд дээрх шинж тэмдэг илэрдэг ба энэ тохиолдолд даруйхан гаргаж ирээд, зурагдсан эсэхийг нь шалгах нь зүйтэй. Харин линз зүгээр байвал та яаралтай нүдний эмчид хандах хэрэгтэй юм. Нүд өвдсөн үед линз зүүх

8. Линзийг буруу хадгалах

Линз болон линзний хайрцаг савыг ном журмын дагуу хадгалах ёстой. Үнэндээ хайрцгийг нь зааврын дагуу бус, буруу хадгалснаас болж ихээхэн асуудал үүсдэг. Ингэснээр линз гэмтдэгээр зогсохгүй, нүдэндээ халдвар оруулж болзошгүй юм. Өдөр болгон тусгай шингэнд нь хийж, линзээ цэвэрлэх хэрэгтэй. Гэхдээ линзэндээ хүрэхээс өмнө гараа угаах ёстой. Хайрцаг савыг нь бас цэвэрлэж байх нь зүйтэй. Бохир саванд хийсэн линз мөн л бохирддог. Саваа сайтар цэвэрлэснийхээ дараа мөн л хуурай болтол нь арчих хэрэгтэй юм. Линзний хайрцгийг хамгийн ихдээ 3 сар болоод сольж байх нь зөв. Линзийг буруу хадгалах

9. Хуучин шингэн дээрээ шинэ шингэн хийх

Энэ бол линз хэрэглэгчдийн гаргадаг бас нэгэн түгээмэл алдаа юм. Олон хүмүүс линзнийхээ шингэнийг шууд савандаа хийж, ажлаа амарчилдаг. Гэвч ингэснээр шингэний чанар мууддаг төдийгүй нүд өвдөх аюултай болдог. Харин үүний оронд линз хадгалдаг саваа сайтар угааж, хуурай болтол арчсаны дараа шингэнээ хийх нь зүйтэй. Үгүй бол савны ёроолд хуучин шингэн үлдэж, нян үржих аюултай юм. Хуучин шингэн дээрээ шинэ шингэн хийх

10. Нүдний эмчид үзүүлэхгүй байх

Линз зүүдэг ч бай, нүдний шил зүүдэг ч бай, ялгаагүй нүдээ тогтмол үзүүлж байх шаардлагатай. Мөн үл ялиг ч гэлээ ямар нэг зүйл биш санагдаж байвал шуудхан эмчид хандах хэрэгтэй юм. Ямар ч өвчнийг эхэн үе дээр нь эмчлэх хамаагүй үр дүнтэй байдаг шүү дээ. Удах тусмаа аюултай. Тиймээс ялангуяа линзээ авсны дараа нүд улайж, халуу шатаж, эсвэл харц бүрэлзэж байвал хэзээ ч тоохгүй орхиж болохгүй. Дээрээс нь нүдээ тогтмол үзүүлж байвал хараандаа таарсан линзээ тэр дор нь сольж байхад тустай билээ. Нүдний эмчид үзүүлэхгүй байх

Линз хэрэглэгчдийн анхааралд:

  • Унтах, эсвэл усанд орж, сэлэхийнхээ өмнө заавал линзээ авч байх
  • Линзээ авах бүртээ зориулалтын шингэнд хийж, цэвэрлэх
  • Хэрэглэх бүртээ линзнийхээ савыг угааж байх
  • Ямар нэг тохиолдлоор линзээ авах хэрэгтэй болох үед бэлэн байх үүднээс нүдний шилтэй явж байх
  • Линзээ зүүснийхээ дараа нүүрээ будаж байх
  • Линзтэй байхдаа нүднийхээ будгийг арилгаж болохгүй
  • Нүд загатнаж байх үед линз зүүж болохгүй
  • Линз зүүсэн үедээ нүдээ нухаж болохгүй
  • Жил бүр нүдээ үзүүлж байх
  • Найдвартай газраас линзээ худалдаж авах
  • Өөр хүнтэй линзээ сольж хэрхэвч болохгүй

Л.Булганчимэг

times.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих