Ч.Ганхуяг: Мөнгө, эрх мэдэл, төр засгаа ашиглаад ч МАН сонгуульд хол явсангүй
“Ард Санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал, МАН-ын Бага хурлын гишүүн Ч.Ганхуягтай ярилцлаа.
-МАН-ын дарга, удирдлагуудтай хариуцлага тооцох тухай таны гаргасан мэдэгдэл олны анхаарлыг татаж байна. МАН-ыг шинэчлэх тухай уриалгын талаар юуны өмнө асууя?
-Намын шинэчлэл өнөөдөр гарч ирж байгаа асуудал биш. С.Батболд намын дарга байхдаа намынхаа удирдлагуудыг Тэрэлжид цуглуулан уулзаж “Тэрэлжийн тунхаг”-ийг гаргаж байсан. Энэ үеэр шинэ үзэл баримтлал, шинэ дүрэм, нэр, зарчмуудыг гаргаж ирсэн. МАХН нэртэй байхдаа МАН-ын нэр тэндээс урган гарч ирсэн. 2012 оны сонгуулиар С.Батболдын Засгийн газар ажлаа өгснөөс хойш буюу Ө.Энхтүвшин, М.Энхболд нар намын дарга байх үеэс хойш энэ шинэчлэл зогсонги байдалд орсон. Би бол энэ шинэчлэлийг үргэлжлэх ёстой гэж үздэг.
Анх би намын гишүүн болж орж ирсэн маань ч үүнтэй холбоотой. Монгол Улсын өмнө тулгараад байгаа ужгирсан идээ бээр болоод буй асуудлууд Ардын нам шинэчлэгдэхгүйгээр засагдахгүй гэдэгт итгэдэг. Шинэчлэлийг хүлээж харж байсан намын олон мянган гишүүд, дэмжигчид, сонгогч иргэд 2016 оны сонгуульд дүн тавьж саналаа өгсөн. Ингээд М.Энхболдын тэргүүлж буй нам 2016 оны сонгуульд ялалт байгуулсан. Харамсалтай нь намын шинэчлэл хойшоо суусан.
Сая Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга нэр дэвшихдээ нийт 1.9 сая гаруй сонгогчдоос 500 мянга орчим хүний санал авсан нь энэ намд, өнөөгийн удирдлагад тавьсан дүн гэж шууд харж болно
-Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний хувьд хариуцлагыг хэрхэн тооцох юм бэ. Сонгуульд ялагдал хүлээхэд буруутай хүмүүстэйгээ хариуцлага тооцох эсэх яриа танай намын дунд яригдаж байна уу?
-Саяны сонгууль маш олон эргэлзээг ард түмэнд төрүүлсэн сонгууль боллоо. Жирийн үед сонсогддоггүй зүйл сонгуулиар ил гарч ирлээ. Үнэн мөнийг одоо тогтоох хэрэгтэй. Үүнийг нам дотроосоо эхлүүлэх хэрэгтэй.
Нам бол үзэл бодолдоо итгэж нэгдээд явж байгаа баг хамт олон. Бие биендээ итгэх ёстой. Хэрвээ нэгэнт эргэлзээ бий болсон бол үүнийг заавал тайлах ёстой.
-Эргэлзээ гэж та юуг хэлж байна. Тухайлбал, таны уриалгадаа бичсэнээр 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудалд хариултаа өгөх хэрэгтэй гэж хэлж байна уу?
-Иргэдийн дунд яригдаад байгаа бүх асуудалд хариултыг өгч эргэлзээг тайлахгүйгээр цаашаа явж болохгүй. Би одоо энд ямар асуудал гэдэг дээр нэр цохож хэлмээргүй байна. Тэгээд ч би үнэн, худлыг нь тогтоодог байгууллага нь биш. Холбогдох тэр мэргэжлийн байгууллагуудаар үнэн худлыг нь тогтоолгох ёстой.
Сонгуулийн дүн зөвхөн М.Энхболдод ард түмэн дүн тавьсан биш шүү дээ. М.Энхболдыг хэн дэгээдэж унагаав. Тэр хүмүүстэй хариуцлагыг тооцох хэрэгтэй. Өнөөдөр МАН-д шинэчлэлийг үргэлжлүүлэх, шинэ удирдлагаа гаргаж ирэх, 2020 он гэхэд намаа, улс орноо засч залуурдаад явах боломж байна гэж харж байна. Тийм учраас сонгуулийн дүн гарсны дараагаар, улсын баяр наадам өнгөрсний дараагаар буюу өчигдрөөс эхлэн шинэчлэлийг ярьж хэлж эхэлж байна.
Би бол энэ намын нэг л жирийн гишүүн. Миний хувьд наадмын өдрүүдээр уулзаж ярилцсан уур амьсгалаас үзэхэд хариуцлага тооцож намаа шинэчлэе гэсэн хүмүүс олон байгаа гэдэг нь харагдсан.
-Таны санаачлага, дэмжлэгийг намын гишүүд чинь хэр их дэмжиж хүлээн авч байна. Эсвэл дэмжихгүй байна уу?
-Олон хүн их дэмжиж байна. Би анх 2009 онд өөрчлөлт шинэчлэлтийг хүсч, “Хас” банкнаасаа өргөдлөө өгч гараад улс төрд орж байсан. Тухайн үеийн гэнэн цайлган итгэл үнэмшил өнөөдөр багассан ч намыг шинэчлэх, улсаа шинэчлэх гэсэн сэтгэл зүтгэл маань хэвээрээ. Би энэ өөрчлөлтийн эхний мөсийг хагалж замыг нь нээгээд өгье. Олон түмний дэмжлэгггүйгээр энэ хэмжээний өөрчлөлтийг нэг хэсэг хүмүүс хийх боломжгүй. Тиймээс МАН-ын хамт олон өөрчлөлтийг дэмжих хэрэгтэй.
Олон түмэн дэмжих хэрэгтэй. Яагаад гэвэл бид бүхний амьдралд Ардын нам нөлөөлсөөр л байх болно. Сая сонгуульд мөнгө хол явсангүй. Эрх мэдэл, төр, засаг ашиглагдаад ч явсангүй. Засгийн эрхийг барьсан, УИХ-д 65 суудалтай эрх мэдлийг атгасан хүмүүс бүхий л төр засгийн байгууллагуудын хүчийг дайчилж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлаад ч явсангүй.
Ний нуугүй хэлэхэд төр захиргааны байгууллагууд, шүүх, хүчний байгууллагууд бүгд сонгуульд ажилласан. Тэгээд ийм дүн тавиулж байна. Тэгэхээр энэ нь болохгүй байгаагийн дохио. Муугийн цондон. Үүнийг эрүүл сэтгэхүйгээр хүлээн авч шинэчлэлт өөрчлөлт хийлгүйгээр бидэнд цаашаа явах зам байхгүй. Үүнийг сийрэг толгойтой хүмүүс харж байна.
Намын доторх нэгдмэл байдлаа эвдлэхгүйгээр сонгуульд оролцсон дарга нар өөрсдөдөө дүгнэлт хийж намаа, улсаа хэрэв бодож байгаа бол зайгаа тавьж өгөх хэрэгтэй.
-Тэгээд МАН чухам яаж шинэчлэгдэх юм?
-Үндсэн хуулийг өөрчилнө гэж хичнээн жил ярилаа. Улс орноо ямар нүхэнд унагаж байж тэр яриад байдаг шинэчлэлээ хийх гээд байгаа юм бэ. Өөрөө л болж байвал улс хамаагүй гэсэн хоноцын сэтгэлтэй дарга нарыг чинь нийгэм одоо хүлээж авахаа больчихлоо . Амласан бол хийдэг.
Хүний нүдийг гурилаар хуурдаг биш. Ядрааж байгаад хүүхдийн 20 мянган төгрөгөөр хуурдаг биш, санал худалдаж авдаг биш, ийм байдлаар цааш явахгүй гэдгийг нийгэм харууллаа. Нийгэм дотор болж байгаа, болохгүй байгаа бүх зүйлд Ардын нам ямагт холбоотой. Дандаа Их хуралд суудалтай, эрх мэдлийг гартаа барьж асуудлыг шийдсээр явж ирсэн нь үнэн.
Манай дарга нар хэлж амласнаа хийхгүй, эрх мэдлийн төлөө яагаад улайраад байдаг болчихов. Яагаад дарга нар гишүүддээ хариуцлага тооцдог мөртлөө өөрсдөдөө хариуцлага тооцох дургүй байна.
Яагаад намын Их хурал зарлачихаад орон нутгаас ирсэн хүмүүсээ зочид буудалд байрлуулж хайрцаглаж байдаг юм бэ.
Хурал нэртэй мөртлөө лоббигоор бүгдийг шийддэг. Хурлаа шүүмжлэл дүүрэн нээлттэйгээр яагаад хийж болдоггүй юм. Намынхаа даргыг яагаад нийт гишүүдээсээ сонгож болдоггүй юм. Нийт гишүүддээ нэг удаа яагаад эрх мэдлийг гарт нь олгож болдоггүй юм гэх мэт олон олон асуултын хариултыг одоо олох цаг ирсэн.
-Ардчилсан нам намынхаа даргыг нийт гишүүдийнхээ саналаар сонгосон. Бүх шатны сонгуулиа намын гишүүдээрээ шийдүүлдэг болсон гэгддэг. МАН-ын хувьд намын жирийн гишүүдээ сонсдог болох боломж бий юу?
-Бид сайныг аваад алдааг нь засч, жинхэнэ олонхоороо буюу 50 нэмэх нэг гэдгээр намынхаа даргыг сонгож болно. Гишүүдээ бүртгэлжүүлж намынхаа эв нэгдлийг бэхжүүлэх, урам зоригийг өгөх, намынхаа үнэт зүйлсийг нэмэгдүүлэх боломж бий. Ардын нам гэдэг нэрнээсээ ч эхлээд ард түмнийхээ санаа бодлыг оролцуулдаг болох хэрэгтэй.
Намын санхүүжилтийг ил болгох тухай яриад л байдаг. Дарга болгон сонгогдож гарч ирэхдээ энэ талаар ярьдаг ч сонгогдсоныхоо дараа таг алга болчихдог. Ах нам нь өөрсдөө шинэчлэлийг эхлүүлж үлгэр манлай болж байж нийгмийг зөв дүгт уриалан дуудаж чиглүүлдэг түүхэн боломж өнөөдөр гарч ирж байна.
-УИХ-д 65 суудал авчихаад жил ч хүрэхгүй хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн нь юутай холбоотой гэж үзэж байна?
-УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулчихаад мэргэжлийн Засгийн газрыг байгуулна гэсэн. Би үүнд тайлбар хэлэх нь илүүц байх аа. Хэдийнэ хүмүүс дор бүрнээ дүгнэлтээ өгчихсөн байгаа. Үнэндээ ард түмэндээ боов үмхүүлчихсэн шүү дээ.
Өнгөрсөн есдүгээр сард татвар нэмэх тухай санал оруулаад ирэхээр нь хувийн хэвшлийн бид хэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзалдаж байж хойш татуулсан. Тэгтэл Сангийн яамнаас зээлийн эргэн төлөлттэй яг тулгаж байгаад дахиад оруулж ирэн хүчээр баталчихсан.
Батлуулахдаа ОУВС-г барьцаа ахиулах боломжийг нь олгож, Монголын банкны эх үүсвэрээр дамжуулж гаргана гэсэн маргаантай заалт хийж байж барьцаа алдсан. Хэлэлцээрийн ширээний ард буурьтай суурьтай байдлаас хандахгүй бол нөгөө тал барьцаа улам ахиулах нь ойлгомжтой. ОУВС-гаас орлогын төрлөө нэмэгдүүл, үргүй зардлаа тана гэсэн болохоос биш дөнгөж бүрэлдэн бий болж буй дунд ангийнхаа татварыг нэмээдэх гэж зөвлөөгүй.
Хийдгээ хийгээд гавьяаныхаа амралтад гарах гэж буй хүмүүсийн насыг нэмээдэх гээгүй. Өнөөдөр амьдралд нь арайхийн хүрч буй цалингаас нь тэтгэврийн шимтгэл аваадах гэж захиж хэлээгүй.
Эрх баригчид ноолоход амархан гэж үзээд баялаг бүтээгчдийнхээ нуруун дээр ачаа үүрүүлж, ард иргэд хөдөлмөрчдөөсөө шууд хасч танаад эхэлсэн.
Улсын төсвийн ямар зардлыг танаад ороод ирэв, татварыг аль хэсгээс нэмэв гэдгийг нь харахаар иргэдийнхээ нуруун дээр ачааг үүрүүлсэн харагдана. Энэ нь 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо амалж байсан амлалтуудаасаа 180 градус эсрэг эргэсэн. Би тухайн үед арга замыг заасан мэдэгдлүүдийг хийж байсан. М.Энхболд даргад хандаж байгаад татвар нэмэхийнхээ оронд үүнийг ийм байдлаа ингэж шийдвэрлээч ээ гэсэн эдийн засгийн гаргалгааг хүртэл хэлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж байсан.
Шинэчлэлийн ажлаа хий, амласан зүйлээсээ битгий буц гэдгийг бичсэн, сануулсан. Ардын намын гишүүний хувьд хэлэхэд хариуцлагатай сонгуулийн өмнө ийм хариуцлагагүй гох дэгээг өөрөө өөрсдөдөөө тавьж байдаг ухаантнууд хаанаас гараад ирэв гэдэгт ихэд гайхаж байсан. Ард түмнийг арай л хэтэрхий баслаа.
-Та Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдыг дэмжиж, өрсөлдөгч Х.Баттулгыг оффшор данстай гэж хэвлэлийн хурал хийж байсан. Та намынхаа даргыг дэмжиж байсан хэрнээ одоо хариуцлага тооцох тухай ярьж байна уу?
-Би уначихсан дээр нь дэгээдээд авчихъя гэсэн байдлаар асуудал хандаагүй юм шүү . Манай намын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гээд аль нэг жилийн өмнө намын дүрмийнхээ заалтыг хойш нь тавьж байгаад УИХ-ын дарга болж, Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг тавьсан.
Урьдаас төлөвлөгдсөн ажил биеллээ олж өрсөлдсөн. Ардын намын гишүүний хувьд би манай намаас нэр дэвшиж буй хүний хувьд дэмжинэ. УИХ-д 65 суудалтай намын нэр дэвшигч Ерөнхийлөгч болвол өсөн өндийж байгаа эдийн засаг цаашаа бэхжээд явах, цаашид ямар нэгэн гацаа үүсэхгүй байх гэж би бодсон.
Баттулгыг би Монгол Улсын Ерөнхийлөгчид тохиромжтой хүн гэж анхнаасаа хараагүй. Мөн Төв аймгаас сонгогдсон УИХ-ын нэг суудал, намын даргын суудал, УИХ-ын даргын суудал сулраад ирэх боломж гарна. Энэ нь намд шударгаар ирвэл тэнцвэртэй шинэчлэл ирнэ гэж хүлээсэн. Ийм л шалтгаанаар би саяны сонгуульд оролцсон.
Сонгуульд манай улсын нэр төртэй бүх хүнээр л дэмжүүлж үг хэлүүлж үзлээ.ХХхөшигний ардуур албан тушаалын томилгоо хийдгийн гор нь өнөөдөр гарч байгаа байхгүй юу. Ард түмэн сохор биш шүү дээ.
-Намын дараачийн даргад та хэнийг дэмжиж байна. У.Хүрэлсүх гэх мэтээр таамагласан нэрс эхнээсээ дуулдаж эхэллээ?
-Өөрчлөлт шинэчлэлт авчрах манлайлагчийг би дэмжинэ. Дэмжиж ажиллана гэдэг маань нийт намын гишүүдээсээ сонгогдох дүрмийн өөрчлөлтийг зоригтойгоор хийх аавын хүү манай намд байгаа.
-Тэр хүнийг хэн гэж харж байна. Таны ард С.Батболд байна гэж харж болох уу?
-Би намынхаа нөхдүүдийг янз бүрийн таамагт, хэл ярианд оруулаад яахав. Манай намд манлайлаад удирдаад явж буй цөөхөн хүн бий. Хэн нь чиг шударга, хэлсэндээ хүрээд байдаг билээ. Хэн нь нь элдэв бусармаг асуудалд хутгалдаад явдаггүй намын даргатай болж байж шинэчлэгдэнэ.
Намын хамт олон 2020 онд улс төрийн сонгуульд оролцоно. Үүнийгээ тооцож өнгөрсөн нэг жилийн хугацаанд гаргасан бүх алдаа дутагдлаа засч залруулах ёстой.
Дүн шинжилгээ хийх ёстой. Улс ардынхаа төлөө ажил хийдэг чин сэтгэлтэй дарга нар бидэнд хэрэгтэй. Энэ нь нэг намын асуудал биш. Мэдлэг, чадвартай, боловсролтой, чин сэтгэлтэй даргатай болж үзмээр байна. Энэ нам одоо төрийн эрхийг барьж байна. Ямар л бол ямар өөрчлөлтийг хийх эрх мэдэл нь байна. С.Батболдын хувьд хэлэхэд би ердөө Ерөнхий сайд байхад нь Сангийн дэд сайдаар кабинетэд нь ажиллаж байсан л хүн.
Сүүлийн таван жилд нам дотроо биддотроо дандаа ажиглагчийн байр суурин дээр явж ирлээ. Миний хийж буй улс төрийн акцыг хэн нэгэн дээрээс зааж зааварласан зүйл байхгүй. Миний итгэл үнэмшил бол энэ.
Би намаа шинэчлэх уриалгыг өөрийн гараар үг үсэг бүгдийг нь оюун ухаанаараа тунгаан буулгаж бичсэн. Би өөрийн итгэж хүндэлдэг хүмүүсээсээ зөвлөгөө авах гэж хичээсэн нь үнэн.
Эх сурвалж: Өдрийн сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Гайтай 60 тэрбумын эздийг тонилгохоор гараа зангидсан генсекийгээ МАН-ынхан дотроосоо гөвөөд эхэллээ. Гөвөөд байгаа хэд нь 60 тэрбумын ханхүү Сандуйгийн багийнхан ч байх шиг. Сандуй өмдөндөө шээж байгаа юм шиг байна хөөрхий
Одоо хужаа нараас салах цаг боллоо. Энхболд, Эрдэнэбат гэсэн хужаагийн эрлийзүүдээр улсаа удирдуулах уу үгүй юу … Эд нар ард түмнийг авилгалдаад ерөнхийлөгч болчихно гэж бодсон чинь ард түмэн мөнгийг нь аваад Монгол ерөнхийлөгчөө сонгосон доо. Ийм л ухаантай ард түмэн. Одоо энэ хоер хужааг төрөөс цэвэрлэе.