ХЗДХ-ийн салбарын 30 мянган ажилтан, албан хаагч түймэртэй тэмцэхэд нэг өдрийн цалингаа хандивлана
Улсын хэмжээнд ой хээрийн түймрийн тархалт онц аюултай хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан өчигдөр ХЗДХ-ийн сайд шуурхай хуралдаан зохион байгууллаа.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ХСИС-ийн удирдлагуудад ой хээрийн түймэртэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ашиглагддаг тусгай зориулалтын туулах чадвар сайтай КАМАЗ, УРАЛ, ЗИЛ 131 маркийн 21 машин механизм, техник хэрэгслээр түймэр унтраах ажилд шуурхай дэмжлэг үзүүлэхээр тогтсон байна.
Мөн ХЗДХ-ийн салбарын 30 мянган ажилтан албан хаагч эх орноо гал түймрийн аюулаас аврах үйлсэд зориулж бүтэн нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ.
Түүнчлэн ХЗДХ-ийн салбарын үйлдвэрийн газрууд түймэр унтраах ажилд оролцож байгаа хүмүүст нэн шаардлагатай 10000 ширхэг брезентен бээлийг яаралтай үйлдвэрлэж нийлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тэрчлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс гал түймэртэй тэмцэж буй алба хаагчид болон иргэдийг түлэгдэж угаартах ,бэртэж гэмтэх эрсдлээс сэргийлэх, эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх үүднээс Эмнэлгийн 5 шуурхай бүлэг газар дээр нь томилон ажиллуулахаар илгээлээ.
URL: