ТҮҮНИЙ ШОУДСАНААР БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨНӨӨДӨР ХАРХОРИНООС АЖИЛДАА ИРЖ БАЙХ БАЙЛАА
Даанч тэр сүр дуулиантай шоу нь “моу” болсноос өнөөдөр Ерөнхийлөгч маань нөгөө л бөглөрөө таглаа болсон замаараа өглөө бүр гэлдэрч байна. Бөглөрөөд явж байх хүсэл нь ч түүний шоу болж хувирсан. Уг нь өөрөөр сэтгэдэг, өөрөөр хардаг Ерөнхийлөгч бол “Ард түмэнтэйгээ хамт бөглөрнө” гэж хэлэхгүй “Ард түмнээ дагуулаад бөглөрөөнөөс гарна, ангижирна” гэх байсан даа.
7 САРЫН 1 VS Ц.ЭЛБЭГДОРЖ
Энэ хар өдөр гурван сая хүрэхгүй монголчуудын тоо таваар хорогдсон. Сонгуулийн луйвар хүний амь настай холбогдсон энэ түүх гашуун. Монгол улсын 18 нас хүрсэн иргэн сонголтоо хийж санал өгч эхэлсэн цагаас хойш сонгуультай холбоотойгоор нас барсан иргэд байж болох л доо. Санал өгөх гэж яваад автын осолд ордог ч юмуу, гэнэт халуунд зүрх нь хаагдах, даралт нь ихэсч цус харвах зэрэг тодорхой шалтгаантай үхлүүд гарч л байсан байлгүй. 2008 оны сонгуулиар таван залуу монгол хүн болж төрснийхөө төлөө, жирийн монгол иргэн учраас амь насаа алдсан. Буудуулж нас барсан таван залуугаас гадна онцгой байдлын албаны дөрвөн цагдаа, дотоодын цэргийн 393 албан хаагч, 401 иргэний биед гэмтэл учирч, 155 иргэн, 118 аж ахуйн нэгжид эд хөрөнгийн хохирол учирсныг мөрдөн байцаалтаар нэгэнт тогтоосон билээ. Тэнд байсан хүмүүс л суманд өртөж, шархдаж, гэмтэх учиртай юм бол яагаад Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан, Д.Энхбат, Ц.Элбэгдорж нарын хамарнаас ч цус гараагүй юм бэ? Энэ өдөр Ц.Элбэгдорж юу хийж байсныг эргэн саная. АН-ын дарга тэрээр намынхаа байранд УИХ-ын сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл хийв. Дараа нь Сүхбаатарын талбайд гарч ирэн тойрон хүрээлсэн хүмүүсийнхээ хамтаар төрийн ордныг тойрч гороолчихоод намын байр луугаа орж алга боллоо. МАХН-ын байрны өмнөх жагсагчдын авир ширүүсч, өмнөх тугийг авч шатаах гэж оролдож байх үеэр болгоомжилсон АН-ынхан цагдаад хамгаалалт хүссэн албан бичиг явуулав. Сонгуулийн үр дүн булхайтай гарч байгаатай холбогдуулан Ц.Элбэгдоржоос төр, засгийн өндөрлөгүүдэд мөн л бичиг явуулсан юм. МАХН-ын байрны нэгдүгээр давхар шатаж эхлэх үеэр АН-ын дарга Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбай дээр үг хэлэв. Ингэхдээ МАХН-ын байрны өмнө жагсаж буй иргэдийг талбай руу ирэхийг урьсан байна.
7 сарын 1-нд жагсагчдад хандаж Ц.Элбэгээгийн хэлсэн үг: “Эрхээ, өөрсдийнхөө сонголтыг хамгаалж энд хүрэлцэн ирсэн та бүхэнд юуны өмнө талархаж байгаагаа илэрхийлье… Энд зогсч буй хүмүүс та бүхэн хэнд, хаана саналаа өгсөн бэ гэж бие биенээсээ асуугаарай. Бүгдээрээ ардчилалд гэж хэлнэ. Монголын ард түмний хийсэн энэ ариун сонголт, ард түмний энэ дээд шийдвэр яагаад ийм амархан будилав аа. Би өглөө ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн… Өнөөдөр Улаанбаатарт ард түмэн ардчиллынхаа төлөө, хийсэн сонголтынхоо төлөө тэмцэж байгааг бүх монголчууд харж чадахгүй байна. Үүнд би их харамсаж байна… Энд байж өдрийн халуун, шөнийн сэрүүнд байсан та бүхэнд баярлалаа. Дахин дахин уулзана” гэжээ. Юутай ч тэр жагсаал цуглаанаас хол байгаагүй, гэхдээ хэлсэн үгэндээ тайван замаар ярилцаж хэлэлцэж шийдэх нь зүйтэйг дурдаж байсан юм. Орой нь тэрээр Монгол улсын ҮАБ-ын зөвлөлийн гишүүдтэй уулзжээ.
7 дугаар сарын 1-ний хэрэг явдлаас үүдэлтэйгээр хуйвалдаан эхэлсэн гэдэг. 2008 оны сонгуульд хэдэн суудлын төлөө юу ч хийхээс буцахгүй үзэлцсэн хоёр намын даргын хооронд энэ хуйвалдааны салхи сэвэлзсэн. С.Баяр сонгуулийн дараа Их тэнгэрт болсон нэг уулзалтан дээр хэвлэлийнхэнд “Ц.Элбэгдорж бид хоёр Үндсэн хуулийг өөрчилж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох талаар тохиролцсон. Харин сонгуулиас хойш Ц.Элбэгдорж ярьсан тохирсноосоо буцаад байна. Албан тушаал нь өөрчлөгдөхөөр эргэж буцаад байх нь зохимжгүй шүү дээ” гэж байжээ. Энэ мэт шалтгаанаас үүдээд МАХН өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийнхөө нэр дэвшигчийг бус Ц.Элбэгдоржийг дэмжсэн гэдэг хардлагад өртсөн.
ТЭР ӨДРИЙГ ЭЛБЭГЭЭ ДУРСДАГ БОЛОВ УУ?
Одоогоос 13 жилийн өмнө Дундговь аймгийн Адаацаг сумын Бага газрын чулууны ойролцоо нэгэн автын осол гарч байв. Тухайн үеийн хэвлэлүүдээр “Монголын эрхэм дээдсийн хувьд ёс суртахууны алдаа дээд цэгтээ гаарч байна” хэмээн бичихэд хүргэж байсан автын аваар одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой байлаа. Ерээд оны эхээр эрх ямбатан, дарга даамлуудын тусгай хангамж, эрх дархыг шүүмжлэн гарч ирж байсан залуучууд хэдхэн жилийн дараа өөрсдөө эрхтэн дархтан болж, элдэв зугаа хөөх болсны нэг илрэл нь энэ авто аваарын хэрэг болж ул мөрөө үлдээжээ. Энэ үеийн сайд, дарга нарын дотроос дүн өвлөөр нисдэг тэрэг хөлөглөн дархан цаазат аргал угалз, хандгай руу буу шагайж байсан нөхдийн тухай ч жиг жуг хийдэг. Үүнийг батлах гэсэн мэт Ц.Элбэгдоржийн амарч зугаалж явсан машинуудын нэг онхолдож, хүн нас барсан эмгэнэлт хэрэг гарсан билээ.
Монгол улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Цахиагийн Элбэгдорж 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдөр эхнэр, хоёр хүүхэдтэйгээ Дундговь аймгийн Адаацаг сумын Бага газрын чулууны ууланд амрахаар явжээ. Тэрээр дөрвөн бие хамгаалагч дагуулан, хоёр жип машинтай хотоос гарсан байна. Харин хоёр хоногийн дараа буюу 8 дугаар сарын 30-ны өдөр Адаацаг сумаас зүүн хойш 13 километрт УБЗ 00-16 дугаартай Ниссан Патрол маркийн автомашин нь онхолдсон юм. Зүүн хойд талын дугуй нь зад буудаж онхолдсон энэ машиныг бензин аваад буцаж яваад осолдсон гэдэг ч ан хөөж явсан гэх хардлага давамгайлдаг. Хойд талын дугуй буудахад онхолдоно гэдэг нь машин хэт их хурдтай давхиж байсныг илтгэдэг аж. Энэ үед Элбэгээ зээр хөөмөөргүй, Бага газрын чулуунд аргал угалз л байдаг гэж нутгийн иргэд ярьж байв. Мөн хар сүүлтийн мах яг энэ үед салахын аргагүй сайхан амттай байдаг даа, хар сүүлт хөөсөн юм биш байгаа ч гэлцсэн. Элбэгээ албан тушаал ахисан цагаасаа л ан авд хорхойсох болсон нь нууц биш. Тэр байтугай авд явахаараа заавал олзтой ирэхийг эрмэлздэг. Хэрэв бүтэлгүйтвэл бухимдаж уурандаа шил виски ганцаараа хүртчихдэг нэгэн. Мөн тэр анд явахдаа тухайн орон нутгийн дарга нараас бараа болгож дагуулдаг заншилтай. Онхолдсон машинд Ц.Элбэгдоржийн жолооч, авгайнх нь дүү, сумын засаг дарга нар явсан. Энэ машинд сууж явсан сумын засаг дарга Г.Дашзэвэгийн давсаг нь хагарч, хэд хэдэн хавирга хугаран биед нь хүнд гэмтэл үүсч Улаанбаатар хот руу нисдэг тэргээр ирсэн ч дөрөв хоноод нас баржээ. Хэдийгээр хүний амь аврах зорилготой нисдэг тэрэг дуудсан ч “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгч болжээ. Нисдэг тэргийг ч Ц.Элбэгдорж хууль зөрчин дур мэдэж дуудсан байдаг. Түүнд дүрэмдүүлсэн ИНЕГ-ын дарга М.Дагва аргагүйдэж нэг “Ми-8”-аа явуулжээ. Харин ослын газарт шөнө дөлөөр очсон нисэгчийг “Буух боломжгүй газар байна” гээд буцах гэхэд нь үүрэг гүйцэтгэгч түнэр харанхуйд дөрвөн түүдэг асаачихаад “Энд буу” гэж аюул дагуулсан буулт хийлгэжээ. Энэ үеэр улсын хоёр машин эзэгнэж амарч зугаалсан Элбэгээ ИНЕГ-ыг хувийн зорилгодоо ашиглаад зогсоогүй Гэмтлийн эмнэлгийг ч “өмчлөөд авсан” байдаг. Тухайн үед Гэмтэл согогийн сэргээн засах клиникт жирийн иргэдийг оруулахгүй хөл хорьсон. Энд хэд хоногтоо л тусгай дэг журам үйлчилж Элбэгээтэй хамт явж байгаад осолд орсон хүмүүст эмчилгээ үйлчилгээ “вип” ангиллаар хүрч, иргэдэд хүндрэл үүсч байсан гэдэг.
Элбэгээгийн орооцолдсон энэ хэрэгт эрүүгийн 808247 тоот хавтаст хэрэг үүсгэжээ. Хэргийн түүх 1998 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн Дундговь аймгийн сум дундын шүүхийн 208 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор өндөрлөсөн байна. Шүүхийн шийдвэрийг үзвэл машиныг жолоодож явсан Х.Болор-Эрдэнэд 3 жилийн хорих ял оногдуулж, үүнийг хоёр жил тэнсэн харгалзахаар шийдвэрлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь нэг жил таван сараар хасчээ. Тэрээр ослын үед хүнд гэмтсэн хүмүүсийн нэг юм. Энэ осол аваарт жолооч, хамгаалалтын ажилтнуудын буруу гэж юу байх вэ? Ц.Элбэгдорж Дундговь руу зугаацахаар тэр хүмүүсийг авч яваагүй бол идэр залуу “Бүгд найрамдах” уншуулахгүй, эрдэнэт хүн алтан амиа алдахгүй л байсан. Ноён Ц.Элбэгдорж өнөөдөр тэр өдрийн араас гэмшиж, залбирч суудаг байлгүй дээ.
БОЛОХГҮЙ БҮХЭНД ОРОЛЦДОГ Ч УСНААС ХУУРАЙ ГАРДАГ “ГОЁ АРГА” ТҮҮНД БИЙ
“Бороо гоулд”-ын гэрээгээр хамаг бүхнээ гадагш тавиад туучихсан гэм зэм одоогийн Засгийн газрын тэргүүний толгойд л буугаад байдаг ч үнэндээ энэ хэрэгт оройлох хамаатай хүн нь Ц.Элбэгдорж өөрөө юм. Энэ гэрээнд гардаж гарын үсэг зурсан хүмүүс нь тухайн үеийн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж болон түүний танхимын гишүүд болох Аж үйлдвэрийн сайд Б.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхай, ашигт малтмалын газрын дарга Сү.Батболд нар байв. Монгол улсын хийсэн хамгийн алдагдалтай, манай ард түмэнд хамгийн их хохиролтой гэрээгээр өнөөдрийн байдлаар “Бороо гоулд”-ын Тогтвортой байдлын гэрээ “шалгарна”. Бороогийн уурхайн 45 тонн алтнаас Монгол улс сохор зоос ч авахгүйгээр 5 жил ашиглуулах уг гэрээнээс иргэдийн тэмцлийн буянаар ганц сая долларын ашигт малтмал ашигласны төлбөр авсан болоод дууссан. Гэвч Ц.Элбэгдорж энэ бүхэнд огтхон ч хариуцлага хүлээдэггүй. Түүний нэр энэ бүх бохир гэрээ хэлцэл, наймаанаас гадна үлдчихээд байдаг нь бас нэг авьяас шүү.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газар, шүүх, прокуророор шулуухан оролдсон. Түүний шударга нэрийн дор хийж буй олон арван томилгоонууд, өөрийгөө тойрон хүрээлэгчид, сонгуулийн штабаараа төрийг дүүргэж буй их “өөрчлөлт” өртөөчлөн үргэлжилсэн. ЕТГ-ын дарга Д.Дорлигжав Ч.Сангарагчаагаар оролдож эхлэх үед л хөшигний цаана Авлигатай тэмцэх газрын удирдлагыг солих яриа газар авч ирээдүйн томилогдоогүй даргуудтай уулзаж учрах ажил өрнөөд эхэлсэн. Ц.Элбэгдоржийн шүдний өвчинг анх хөдөлгөсөн хүн нь жирийн нэг ажил үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагч, АТГ-ын судалгаа шинжилгээний албаны дарга. Тэр хариуцан хийж буй ажлынхаа хүрээнд ноён ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн хууль нь АТГ-т шалгагдаж буй хэргийн найман зүйл ангийн 16 төрлийн гэмт хэргийн 14-ийг багтааж болзошгүй гэдгийг урьдчилан сануулсан. Үүнийх нь хариуд Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс АТГ-т хандан “ам задгай” албаны даргад хариуцлага тооцохыг шахаж шаардаж байв. Судалгааны албаны даргын хэлсэн үг үнэн болох нь хууль хэрэгжиж эхлэнгүүт харагдав. Өршөөлийн хуулиар 2009 оны 6 дугаар сарын 29-өөс өмнөх, 1991 оноос хойшхи хууль хүчний байгууллагуудын албан тушаалын хэрэгтнүүдтэй хийсэн хориод жилийн тэмцэл, хүч хөдөлмөр үгүй болсон. Авлигын хэрэг гэдэг нь өөрөө албан тушаалтны л хэрэг. Албан тушаалаа урвуулан ашиглах, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн хэргийг олж тогтоох, илрүүлэх, нотлох гэдэг нь хутга бариад хүн алчихсан хэрэг дээр ажиллахаас ч илүү барьцгүй, далдын далд оршиж байдаг. Гэтэл Өршөөлийн хууль гарснаар Эрүүгийн хуулийн 263, 264 дүгээр зүйл заалтууд утгаа алдаж хоёр арван жил дамнан улсын хөрөнгийг идэж ууж, завшиж тарамдсан зуу зуун авлигач, “цагаан захтнууд”-ын нурууг тэнийлгэсэн. Энэ бүхнийг харахаар Ц.Элбэгдорж “Авлигачдын нурууг тэнийлгэж, ард түмний нурууг бөхийлгөнө” гэх гэж байгаад андуураад “Авлигачдыг бөхийлгөнө, ард түмнийг тэнийлгэнэ” гэж манийгаа хошгоруулжээ. Өршөөлийн хууль гарснаар хүчний байгууллагын олон ажилтан, төрийн албан хаагчид сэтгэлийн хүнд дарамтанд ажил үүргээ гүйцэтгэж байгаа нь нууц биш. Ялангуяа, АТГ-ын мөрдөн байцаагчид өөрсдийн хийсэн өмнөх ажлаа үгүйсгэж, гэм буруутайг нь мэдсээр байгаа хэрнээ буруугүй хэмээн огт өөр бичиг цаас үйлдэж сууна. Үүгээрээ төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээ гэгчийг бас л нулимж орхилоо. Энэ газрын шийдвэрлэсэн хэргийг хаана, хэрхэн гуйвуулж яаж гэм зэмгүй авч гардгийн жишээг Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын дэд дарга Ж.Цогтбаатар, ИНЕГ-ын дарга С.Батмөнх нарын хэрэг харуулна. Ж.Цогтбаатар албан тушаалаа ашиглан Монгол улсад хөдөлмөр эрхлэхээр ирсэн хятад ажилчдад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн бичгийг хуурамчаар гарган өгч, хятад ажилчдын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаах ёстой байсан арван сая төгрөгийг хахуульд авчээ. АТГ-аас Ж.Цогтбаатарт холбогдох дээрх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж ГИХАЭГ-ын мэргэжилтэн С.Нямжаваас Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Эрдэнэцогтоор зуучлуулан 2006 оны 9 дүгээр сард “Икс Ди Эф” компаний хятад ажилчдын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаах ёстой байсан арван сая төгрөгийг хахуульд авсныг тогтоон прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Гэвч үлэмж хэмжээний мөнгийг хээл хахууль болгон авсан энэ хэргийг Ц.Элбэгдоржийн санаачилсан Өршөөлийн хуульд хамааруулан шийдвэрлэжээ. Гэм буруутайг нь мэдсээр байж өмнө нь шалгаж тогтоосон ажлаа үгүйсгээд өөр тайлбар бичээд сууж байх нь төрийн албан хаагчийн ёс зүй, сэтгэл санаанд ямархуу тусч, итгэл үнэмшилд нь хэрхэн нөлөөлөхийг эрхэм Ерөнхийлөгч бодож үзээ бол уу? АТГ-аас энэ сарын дундуур прокурорт шилжүүлсэн бас нэг хэрэг нь Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Нацагнямтай холбоотой. Албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг урьчилан хийхээр амлаад бусдаас хахууль авсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаад Замын-Үүд дэх сум дундын прокурорын газарт шилжүүлсэн байна. Б.Нацагням нь иргэн А.Даваадорж, Ц.Мэндбаяр нараас их хэмжээний хахууль аван улсын хилээр хууль бусаар малын мах, чоно, зээр, зэрлэг гахай, хур шувууны мах, үнэг, хярсны арьс зэргийг нэвтрүүлэхээр урьдчилан үгсэн тохиролцсон байжээ. Сэлэнгэ аймгийн орлогч прокурор Ш.Болд-Эрдэнийн хэрэгтнээс авсан нэг сая төгрөгийн хэрэг ч энэ сард шийдвэрлэгдэж прокурорт очсон. Ш.Болд-Эрдэнэ прокурор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн Р.Батбаярт холбогдох бусдын биед хүнд гэмтэл учруулсан эрүүгийн гэмт хэргийн мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж байхдаа хэрэгсэхгүй болгож өгнө хэмээн амлаж нэг сая төгрөг авчээ. Хэрэг илэрч сэжигтнээр шалгагдаж байхдаа ч хуурамч бичиг баримт үйлдсэн хэргийг үйлдэж амжсан байв. Хурдан шийдвэрлээд өгөөсэй гэж иргэдийн зүгээс хүсч, харж байсан нэг хэрэг бол ИНЕГ-ын дарга С.Батмөнхийн хэрэг юм. Төсөвт тэрбумаар нь мөнгө төвлөрүүлдэг саалийн үнээний дэлэн шувтарч суухдаа олон зуун сая төгрөг идэж завшсан гэдэг асуудал С.Батмөнхийг байнга дагаастай явсан. АТГ-аас хэргийг шалгаад 136.7 сая төгрөгийн хохирлыг улсад учруулжээ гэдгийг нь тогтоон прокурорт шилжүүлэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах саналыг хавсаргасан байна. С.Батмөнх нь МАСЗХ-ны “Алтан сарнай” арга хэмжээг зохион байгуулах ажилд 30 сая төгрөг, “Дондогдулам” киног бүтээхэд 15 сая төгрөг, Очирваань шүтээн залахад нэг сая, МАХН-ын байрыг сэргээн засварлах ажилд 30 сая төгрөг хандивласан зэргээр 30-аад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд улсын 140-өөд сая төгрөгийг Эрдэнэсийн сангийн эзэн шиг аашлан тарааж Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг зөрчиж баярхсан байх юм. Энэ бол АТГ-ын мухарлаад буй хэргүүдийн зарим нь.
ХУДЛАА ХИЧЭЭЛ ЗААЖ, БУСДЫН ҮЙЛДЛЭЭР ХҮРТЭЛ ӨӨРИЙГӨӨ СУРТАЛЧЛАГЧ
Элбэгээ Ерөнхийлөгч болсноосоо хойш жил бүр 9 дүгээр сарын 1-нд МҮОНТВ-ийн 600-гийн студиэс орон даяар хичээл зааж байгаа. Шинэлэг сайхан ажил. Гэвч хичээлийн сэдэв, арга нь зааж буй сурган хүмүүжүүлэгчийнхээ гарт тийм сайн ороогүй. Тэр бүү хэл энэ хичээлийн жилд Монгол хүүхдүүд Добусохор гэдэг нэгэн үл таних өвөг дээдэстэй болж орхив. Ц.Элбэгдорж зөвхөн шоундаа анхаараад зааж буй хичээлийнхээ агуулгыг, түүнд гарч буй нэр ус, түүхийн талаар юу ч мэддэггүйгээ харуулав. Тэрээр Добумэргэн, Дувасохор нарын нэрийг хольж хутган Добусохор гэгч өвөг дээдсийн тухай ярив. Эрхэм Ерөнхийлөгчийн нэр дурдсан Добусохор гэгч монголчуудын бус түүний өвөг дээдсийн дунд л байсан тийм нэг түүхэн хүн бололтой. Тэгээд л над мэтийн хүмүүс нь Добусохор гэгчийн тухайд өдийг хүртэл дуулж сонсоогүй явсан юм болов уу?
Манай Ерөнхийлөгч Брак Обамадуулсан тухай бид битгий хэл дэлхий шуугьсан. Гар хөлөө протокол ёсоор авч явдаггүй бусдын Ерөнхийлөгчийн бурууг ч хаа сайгүй бичив. Өөрийнхөө Ерөнхийлөгчийг өндөр намаар нь гоочиллоо гэж өмөөрөх аяс ч цухалзав. Харин Ц.Элбэгдорж энэ үйлдлийг дөвийлгөгчдийн нэг нь өөрөө байлаа. Дарханд хийсэн уулзалтынхаа үеэр тэрээр “Тэр чинь л ПиАр байхгүй юу, миний ПиАрыг Обама хийж өгсөн юм” гэж шоудаж явжээ.
Ш.Монголтоосго
URL: