Эмийн буруу хэрэглээ хүний биологийн тэнцвэрийг алдагдуулдаг
АШУҮИС-ийн Эм зүй, био анагаахын сургуулийн Эм судлалын тэнхмийн ахлах багш, доктор Н.Халиунтай антибиотикийн зохистой хэрэглээний талаар ярилцлаа.
-Монголчууд антибиотикийн бүлгийн эмний хор холбогдол, сөрөг нөлөөний тухай мэдлэггүй байж, дур мэдэн хэрэглэдэг. Та антибиотикийн талаар тайлбарлаж өгнө үү?
-Антибиотик гэдэг нь Анти-биоз буюу амьдралын эсрэг гэсэн үг. Бактерийн өсөлт үржилтийг саатуулах, үхүүлэх үйлдэлтэй бэлдмэл юм. Халдварийн гаралтай өвчний үед ямар бактериар үүссэн болохыг нь тодорхойлуулсны дараа антибиотикийг сонгож хэрэглэнэ. Зөвхөн эмчийн заавраар хэрэглэх ёстой.
-Эмийг аль болох их хэмжээгээр хэрэглэвэл хурдан эдгэрнэ гэж хүмүүс боддог. Эмийн гаж нөлөө бий юу?
-Антибиотик эмчилгээний үндсэн зарчим бол дэлхий нийтээрээ эмчийн зааврын дагуу хэрэглэхийг зөвлөдөг. Эмийн тун тохирвол эмчилгээ, тун нь хэтэрвэл хор болдог. Тэгэхээр хамаагүй эм хэрэглэх нь тус болохоос илүү хор болох талтай. Хүний биед ашигтай ба ашиггүй бактери гэж байдаг. Антибиотик нь дээрх хоёр зүйлийн бактерийг хамт устгадаг тул бие махбодийн биологийн тэнцвэр алдагдах, мөөгөнцрөөр өвчлөх зэрэг гаж нөлөө үзүүлдэг.
Сармис, цагаан гаа зэрэг нь байгалийн антибиотик юм
-Хүмүүсийн өргөн хэрэглэдэг антибиотикууд гаж нөлөө ихтэй гэсэн үг үү?
-Манай иргэдийн гэрээр ихэвчлэн ууж хэрэглэдэг амоксациллин, ампициллин, эритромицин, пенициллиний бүлгийн антибиотикийг хоолой өвдөх, амьсгалын ба бөөр, шээсний замын халдварын үед өргөн хэрэглэж байна. Мөн ямар шалтгаанаар хүүхэд халуурч байгааг мэдэхгүйгээр антибиотик хэрэглэж буй нь зохисгүй хэрэглээний бас нэг үндэс болдог. Антибиотикийн гаж нөлөө нь мөөгөнцөртөх түүнчлэн арьсаар тууралт гарах, загатнах, бие сульдах шинж тэмдэг илэрнэ. Энэ бол эмийн гаж нөлөө гэсэн үг.
Жишээлбэл, аминогликозидууд буюу гентамицин сонсголын мэдрэлийг гэмтээн дүлий болгодог. Тетрациклины бүлэг элэг хордуулан, ясжилт өөрчилдөг, хлорамфеникол буюу левомицитин цус төлжилт, ясны чөмөгний үйл ажиллагааг дарангуйлдаг, цефалоспоринууд буюу цефазолин бөөр хордуулах нөлөөтэй тул хүмүүс эм сонгон хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй.
-Хэт их хэрэглэвэл хүний биед дасал болдог учраас өвчинд үйлчлэхгүй болдог гэл үү?
-Антибиотикийн зохисгүй хэрэглээ нь дасал болдог сөрөг нөлөөтэй. Энэ нь хүний бие махбод антибиотикт дасах биш харин бактери нь антибиотикт тэсвэртэй болсон гэж ойлгох нь зөв. Өөрөөр хэлбэл, антибиотикийг зохисгүй хэрэглэвэл бактериуд нь уг антибиотикт устахаа больж эмчилгээ үр нөлөөгүй болно гэсэн үг.
-Ийм үед ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Эхлээд антибиотик мэдрэг чадварын сорил хийлгэх ёстой. Ингээд тухайн антибиотикийн дасал болсон нь сорилоор гарвал дараагийн шатны эмчилгээ буюу өөр төрлийн антибиотикийг хэрэглэх шаардлагатай болно. Нэг антибиотикийн гаж нөлөөг дарахын тулд илүү хүчтэй төрлийг нь уух хэрэгтэй болдог гэсэн үг. Гэвч тэр хүчтэй антибиотикийг гаргаж авахын тулд ойролцоогоор 10 орчим жил шаардлагатай байдаг. Хэрэв нэг төрлийн антибиотикт дасал болсон бол илүү хүчтэй антибиотик үйлдвэрлэхийг хүлээнэ гэсэн үг. Түүнчлэн антибиотикийн гаж нөлөөг дарахын тулд мөөгөнцөрийн эсрэг эм заавал уух шаардлагатай. Ингэж явсаар хүн өөрийгөө эмийн хамааралтай болгож байгаа юм. Тиймээс өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв арга.
-Малчид сүүлийн үед малдаа антибиотик хэрэглэдэг болсон. Энэ нь малын мах, сүүн бүтээгдэхүүнээр дамжин хүний биед ямар нэг муу нөлөө үзүүлэх магадлалтай юу?
-Тийм. Мал аж ахуйтай орнууд мал, тахиа, гахайндаа антибиотик хэрэглэх тохиолдол их байдаг. Энэ нь тэдгээрийн мах, сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүнээр биед орж антибиотикийн тэсвэржилт үүсэх шалтгаан болдог. Бусад хөгжилтэй орнуудтай харцуулахад манай орон антибиотикийг мал аж ахуй, практикт хэрэглэх нь бага байна.
Антибиотикийн гаж нөлөөг илүү хүчтэй төрлөөр нь дарах хэрэгтэй болдог
-Антибиотикийн үйлчлэлд дөхөж очих бидний мэдэх хүнсний бүтээгдэхүүн байдаг уу?
-Өвчнийг халдварын гаралтай ба халдварт бус гэж хоёр ангилдаг. Антибиотикийг халдварын гаралтай өвчний үед бактери устгах зорилгоор хэрэглэдэг тул түүнийг орлох хүнсний бүтээгдэхүүн байхгүй. Харин аливаа халдвар нь дархлаа суларсан үед үүсдэг тул түүнээс сэргийлэхийн тулд дархлаагаа дэмжих хэрэгтэй. Дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн байдаг тул хүнсэндээ хэрэглэх замаар халдвараас сэргийлж антибиотикийн хэрэглээг багасгаж болно. Тухайлбал, сармис, цагаан гаа зэрэг нь байгалийн антибиотик шүү дээ.
-Та хүмүүст антибиотикийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгнө үү?
-Хамгийн гол нь эмчид хандаж өвчний оношийг зөв тодорхойлсны үндсэн дээр эм хэрэглэх хэрэгтэй. Жишээлбэл, энгийн ханиад томуугийн үед вирусийн гаралтай байна уу, эсвэл бактерийн гаралтай юу гэдгийг нь оношлуулах хэрэгтэй. Хэрэв вирусийн гаралтай бол вирусийн эсрэг эм хэрэглэнэ. Харин бактерийн гаралтай бол үүсгэгч нь бактери гэдгийг тодорхойлуулсны дараа антибиотикийг хэрэглэнэ. Эмийг зөвхөн эмчийн жороор, эмийн сангаас авч зааврыг ягштал баримтлан хэрэглэж хэвших хэрэгтэй. Хэзээ ч дур мэдэн хэрэглэж болохгүй.
Ө.Дэнсмаа
Засгийн газрын мэдээ
URL: