Нийслэлийн хэмжээнд 304 ялтанг суллажээ

Шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд ялтнуудын ялыг дүйцүүлэх ажил явагдаж байна. ШШГЕГ-аас 4727 ялтны материалыг шүүхүүдэд хүргүүлсэн байдаг. Шүүх хэлэлцээд ялтнуудын ялыг дүйцүүлэн суллахыг нь суллаж, ял бууруулахыг нь бууруулж байгаа юм.

10288

2017 оны 7 дугаар сарын 3-ны байдлаар дүүргийн анхан шатны шүүхүүд нийтдээ 930 ялтны материалыг хянаж шийдвэр гаргасан байна. ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангийн 80 ялтны материалыг хянаснаас 32 ялтныг ялаас чөлөөлж, 45 ялтны ялыг дүйцүүлэн хасч, 3 ялтны ялыг хэвээр үлдээжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хорих 461 дүгээр ангийн 97 ялтны асуудлыг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр шийдвэрлэснээс 24 ялтныг ялаас чөлөөлж, 73 ялтны ялыг дүйцүүлэн хасчээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Хорих 429 дүгээр ангийн 200 ялтны материалыг хянаж, 54 ялтныг ялаас чөлөөлж, 130 ялтны ялыг дүйцүүлэн хасч, 16 ялтны ялыг хэвээр үлдээсэн байна. Мөн Хорих 405 дугаар ангийн 23 ялтны материалыг шийдвэрлэснээс 7 ялтныг ялаас чөлөөлж, 16 ялтны ялыг дүйцүүлэн хасчээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Хорих 409 дүгээр ангийн 225 ялтны материалыг шийдвэрлэснээс  39 ялтныг ялаас чөлөөлж, 177 ялтны ялыг дүйцүүлэн хасч, 9 ялтны ялыг хэвээр үлдээсэн байна. Мөн Хорих 407-р ангийн 223 ялтны материалыг хянаж, 88 ялтныг ялаас чөлөөлж, 110 ялтныг ялыг дүйцүүлэн хасч, 25 ялтны ялыг хэвээр үлдээжээ. Түүнчлэн Хорих 411-р ангийн 18 ялтны материалыг шийдвэрлэснээс 10 нь насанд хүрсэн хүмүүс бөгөөд тэдгээрийн 1-ийг ялаас чөлөөлж, 7-гийн ялыг дүйцүүлэн хасч, 2 хүний ялыг хэвээр үлдээжээ. Мөн тус ангид ял эдэлж байсан насанд хүрээгүй 8 ялтны асуудлыг шийдвэрлэснээс 5-ыг нь ялаас чөлөөлж, 1-ийн ялыг дүйцүүлэн хасч, 2-ын ялыг хэвээр үлдээсэн байна.

Улмаар нийтдээ нийслэлийн хэмжээнд энэ сарын 3-ны байдлаар 304 ялтанг суллаад байна.

Шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлөх, оногдуулсан ял нь тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал дүйцүүлэн хасах шийдвэрийг гаргаж, хуулийн хэрэгжилтийг хангах ажиллагаа цааш үргэлжилж байна.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих