Дэлхийн эдийн засаг бага зэргийн уналтын дараа сэргэнэ
Дэлхийн, тэр дундаа Европын орнуудын эдийн засаг дахин бага зэрэг унана, дараа нь буцаад сэргэнэ гэж Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын бизнес эрхлэгчид үзэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворковичийн хэлснээр, Ази-Номхон далайн бүс нутгийн ажил хэргийн хүрээнийхэнтэй Оросын төрийн тэргүүн албан ёсны бус зоог барих үеэрээ энэ тухай ярьжээ.
«Ажил эрхлэлтийн түвшинг сайжруулах боломж олгохооргүй тийм удаан өсөлт биднийг хүлээж байна. Уулзалтад оролцогчид ойрын хугацаанд байдал муудаж, дараа нь эргээд сайжирч эхэлнэ гэж үзсэн» тухай тэрбээр хэллээ.
Уулзалт оролцогчид Орос улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэхийг дэмжиж буйгаа илэрхийлснийг А.Дворкович тэмдэглэжээ.
Түүний мэдээлснээр, уулзалтын үеэр арваад сэдвээр асуудал хөндөн ярилцсан байна. Оросын сонгуулийн талаар ч мөн хэлэлцжээ.
«Д.Медведев өөрийн эхлүүлсэн өөрчлөн байгуулалтаа үргэлжлүүлэхийн тулд Засгийн газарт орж ажиллах бодолтой байгаагаа бизнес эрхлэгчдэд батлан хэлсэн» гэж Дворкович нэмж хэлсэн байна.
З.Амгалан
Эх сурвалж: “Монцамэ”
URL: