Зээлийн өрийн үлдэгдлийг байгалийн баялгаас төл & Монгол Улс 6 сар л тэснэ
Улстөрийн намууд сонгууль болгоны өмнө худал амлалт өгч, иргэдийн саналыг “худалдаж авдаг” тогтолцоо нэгэнт хоцрогдсон арга гэдгийг хаа хаанаа хэлж буй. Амлалтын уршигаар эдийн засгаа элгээр хэвтүүлж, хөгжлийнхөө замаас хазайсан гэдгийг захын эдийн засагчид хэлдэг. Гэхдээ энэ үзэгдэл ихэвчлэн УИХ-ын сонгуулийн үеэр идэвхждэг. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд зүсээ хувирган халдварлаж, иргэдийн хамгийн эмзэг сэдвээр улс төр хийж буй улстөрийн намыг нэг хэсэг нь шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг санал нийлж, дэмжиж байна.
Өрсөлдөгч намын нөлөө бүхий хүмүүсийн тэглүүлсэн өр нийт иргэдийн өрийг тэглэсэнтэй тэнцэж байхад яагаад болохгүй гэцгээж байна. Тодруулбал АН-ынхан өнгөрсөн амралтын өдөр нэгэн дуулиантай мэдэгдэл хийсэн нь иргэдийн зээлийг өрийг тэглэх байв. Тэд өөрийн намаас нэр дэвшигч Х.Баттулгад намын даалгавар нэрээр “Тэтгэвэр, цалин, оюутны сургалтын төлбөрийн болон малчны зээлтэй нийт иргэдийнхээ одоо байгаа зээлийн өрийн үлдэгдлийг байгалийн баялгаас иргэдэд хүртээх өгөөж болон иргэдэд эзэмшүүлэх хувьцааны ногдол ашгаар төлүүлэх”-ийг даалгав. Энгийнээр бодоход хүн бүрийн зээлийг өр тэглэгдчихвэл иргэдийн нуруун дээрх ачаа хөнгөрөх мэт боловч эдийн засагчид үүнийг жинхэнэ “дампуурлын шинж тэмдэг” хэмээж Монгол улс 6 сар л тэснэ гэцгээж байна. Ингээд АН-ын мэдэгдлийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын мэдэгдлийг “24VS24” булангаараа харьцуулан хүргэж байна.
Монгол улс 6 сар л тэснэ
Бид чинь “жоом алах гээд байшингаа шатаана” гэдэг л болох гээд байна уу даа. Улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, ард иргэдийг байнга ажилгүй, орлогогүй, ядуу зүдүү, харанхуй бүдүүлэг байлгаж, ингэснээр эцэст нь ходоодоор нь гогдож сонголт хийлгэх IPPON мэх үү?
Ямар ч хамаагүй аргаар төрийн эрхийг булааж авах эцсийн мөч! За сонгуулийн хууль зөрчих энэ тэр бол бүр цаашаа боллоо!!!
Хэрэв сонгуулийн үр дүнд АН-ын энэ “өргүй болгох” мэдэгдэл нөлөөлбөл Монгол улс 6 сар л тэснэ!!!
ЯАГААД?
-Иргэн зээлдэгчийн тоо 943 668
Хэрэв АН-ын мэдэгдлээр иргэдийн нийт зээлийг төр батлан даалтанд авбал иргэд зээлээ төлөхгүй ХАРЗНАХ сөрөг хүлээлт бодитоор шууд үүснэ.
Хэдийгээр энэ бүхэн Их хурал, Засгийн газраар явах асуудал боловч нэгэнт олон нийтийн дунд ийм хүлээлт, сонголт бий болчвол удирдах эдийн засгийн боломжгүй учраас төвөгтэй байдал үүснэ. Үүнд иргэдийг буруутгах зүйл огт байхгүй, зүй ёсны эдийн засгийн хариу үйлдэл байх болно.
Харин үүний үр дүнд 6 сарын дараанаас банкны системийн нийт зээлийн 44% нь чанаргүй болж ирнэ! Энэ хэмжээгээр өөрийн хөрөнгөө идэж эхэлмэгц хамгийн багаар бодоход 25%-аар эрсдлийн сан байгуулахад 1.4 их наядын алдагдал нийт банкууд хүлээх болно.
Жилийн дараа 100% алдагдал хүлээж, систем бүхэлдээ гацаанд орох өндөр эрсдэл бий болно. (зээл нь 5.6 их наяд бол өөрийн хөрөнгө үүнээс 45%-аар бага буюу 3.1 их наяд гэдгийг онцгой анхаарах!!!) За дээрээс нь яг энэ үеэр ОУВСангийн банкны системийн активын дахин үнэлгээний хяналт шалгалтын үе таарна.
Уг нь манай иргэдийн зээл 95%-ийн эргэн төлөлттэй хамгийн бага эрсдэл бүхий багц байдаг! Ингээд 6 сарын дараанаас банкуудын зээлжих зэрэглэл огцом буурна, энэ комиссын нь улсын зэрэглэлд шууд нөлөөлөхөөс гадна банкны системийн төдийгүй гадаад өрийн тогтворгүй байдал үүснэ!!! Мөн яг 6 сарын дараа өмнөх ЗГ-аас үүссэн богино хугацааны Чингис бондын 500 сая ам.долларын өр төлөх хугацаа давхцана!!!
Бид үүнийг л хүссэн гэж үү?
|
Зээлийн өрийн үлдэгдлийг байгалийн баялгаас төл
Юуны өмнө Монгол улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч X Баттулга таны мөрийн хөтөлбөр иргэд, сонгогчдын талархлыг хүлээж, та 517.2 мянга буюу хамгийн олон санал авсанд намын хамт олны зүгээс талархал дэвшүүлье. Энэ бол Ардчилсан намаас нэр дэвшигчид Монгол Улсын Ерөнхийлөгчид иргэд итгэж байгаагийн илэрхийлэл хэмээн Ардчилсан нам үзэж байна
Аливаа сонгууль бол улс төрийн намуудын хувьд хууран мэхлэлт, худал амлалт бус бодит ажил, бодлогын зөв шийдэл байх учиртай. Монгол Улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн өнгөрсөн он шилүүдэд Ардчилсан нам ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө тууштай байж, иргэдийнхээ Үндсэн Хуулиар олгогдсон үг хэлэх, хэвлэн нийтлэх, сурч боловсрох, хөдөлмөрлөх зэрэг олон чухал суурь эрхүүдийг хангаж хамгаалж чадсан.
Гэвч иргэдээ эдийн засгийн хувьд хараат бус, бүрэн эрх чөлөөтэй болгох. шударга хөдөлмөрийнхөө үр дүнд хангалуун сайхан амьдрах нөхцөл боломжийг төгс бүрдүүлэх нь Та бидний ирэх жилүүдийн бодлогын шийдэл, хамтын ажиллагааны үндсэн чиглэл байх шаардлага зүй есоор гарч ирж байна
Сонгуулийн сурталчилгааны хугацаанд таны очсон газар, уулзсан иргэн бүр бүхий л чадлаа шавхан нойр хоолгүй ажиллаж байгаа ч өр зээлийн сүлжээнд гүн орж, зээлээс зээлийн хооронд, өрийн дарамтанд амьдарч байгаагаа хэлж байсныг Та санаж байгаа.
Өнөөдрийн байдлаар МУ-ын нийт 943668 иргэн /давхардсан тоогоор/ 5 их наяд 845 тэрбум төгрөгийн зээлтэй. Үүнээс 277192 төрийн албан хаагчид 1 их наяд 776 тэрбум төгрөгийн цалингийн, 228839 ахмадууд, 642 6 тэрбум төгрөгийн тэтгэврийн, 502 оюутан 130.2 тэрбум төгрөгийн оюутны сургалтын, 285595 малчид 283,6 тэрбум төгрөгийн малчны зээлийн өртэй байна.
Эдгээр зээлийн барьцаанд Монгол Улсад тоологдсон 60 0 сая гаруй толгой мал болон орон сууц, хашаа байшин эд хогшил, унаа тэрэг бүхэлдээ банкны барьцаанд барьцаалагдаж, эдийн засгийн хувьд эзэд нь захиран зарцуулах эрхгүй, барьцаалагчийн хараат болсоныг бодит тоо, баримт нотолж байна.
Иймд Та Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллах тохиолдолд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг шуурхай, тууштай авч хэрэгжүүлэхийг АН-ын зүгээс Таньд санал болгож, үүгээр даалгаж байна
Үүнд: Тэтгэвэр, цалин, оюутны сургалтын төлбөрийн болон малчны зээлтэй нийт иргэдийнхээ одоо байгаа зээлийн өрийн үлдэгдлийг байгалийн баялгаас /зөвхөн Эрдэнэс таван толгой ХХК-ийн хувьцааны 2 жилийн ногдол ашгаас төлөхөд хүрэлцэх тооцоо бий/ иргэдэд хүртээх өгөөж болон иргэдэд эзэмшүүлэх хувьцааны ногдол ашгаар төлүүлэх;
Жич: 2015 онд батлагдсан Монгол улсын эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагуудыг татварын өрөөс чөлөөлж, тэдгээрт учирч байсан татварын өрийн дарамтыг бодлогын шийдвэрээр хөнгөлж байсан болно.
АН-ын дарга С.Эрдэнэ
|
URL: