О.Магнай: Цаг нь ирсэн хувьсгалт өөрчлөлтийг ямар ч хүчтэй цагдаа зогсоож чадахгүй
-МАГНАЙ УИХ-Д НЭР ДЭВШИХГҮЙ, АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ХАМТ ГУДАМЖИНДАА БАЙНА-
“Иргэний хөдөлгөөн”-ий удирдагч О.Магнайтай ярилцлаа.
-Цагдаагийн байгууллагын тухай болон дагалдах хуулиудад өөрчлөлт орвол жагсаж, цугласан иргэдийн өөдөөс цагдаа буу шагайх эрхтэй болох нь. “Иргэний хөдөлгөөн”-ий удирдагчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Байлдааны зэвсгийг дайсны өөдөөс хэрэглэдгээс ард түмний өөдөөс хэрэглэдэггүй юм. Усан буу, нулимс асгаруулагч хий зэргээр, олон янзын үймээнийг шийдэх арга хэрэгсэл байсаар байтал, яагаад заавал байлдааны галт зэвсэг гэж. Байж боломгүй зүйл. Өнөөдөр Сирийн Ерөнхийлөгч Ассад гэж нөхөр танкаар иргэдийнхээ эсрэг буудаж байгааг л энд давтах нь дээ.
-Та тэмцэгч ард түмэн амжилтад хүрдэг гэж ярьж байсан. Тэгэхээр тэмцэх эрхийг нь хаачихаар юу болох вэ?
-Дан ганц энэ асуудал ч биш. Өнөөдрийн төр барьж буй бүлэглэл агуулгаараа Монголд дарангуйллыг бий болгохыг зорьж байна. Онцлог нь нэг хүний бус МАНАН гэх бүлэглэлийн дарангуйлал юм. Энэ тогтолцоогоо удаан хугацаанд хадгалахын тулд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж өөрсдийгөө хамгаалж байгаагийн нэг нь Цагдаагийн байгууллагын тухай хууль гэж харж байна Сонгуулийн тухай хуулийн төслийг ч хар л даа. Яаж ч тооцсон шинэ улс төрийн хүчин, шинэ хүн гарах боломжийг бүрэн хаалаа. Үүнийг нам дамжсан бүлэглэлийн үүрд засаглах гэсэн санаархал гэхээс өөр тайлбар олдохгүй байна.
-Хохирогчдын нэгдсэн холбоо, Амлалт нэхэх ард түмний холбоо зэрэг иргэний хөдөлгөөний байгууллагууд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг ийм хуулийн төсөл УИХ-д оруулсныхаа төлөө огцрох ёстой гэж үзэж байгаа. Харин та…
-Дэмжилгүй яахав XXI зуунд Ардчилсан Монгол Улсад иргэдийнхээ эсрэг галт зэвсэг хэрэглэнэ гэсэн хуулийн төсөл бичих эр зориг, итгэл үнэмшилтэй хүн сайдын суудалд байх нь бүү хэл манай нийгэмд байх ёсгүй.
Би иргэдийн эвлэлдэн нэгдэн хийж буй бүхий л тэмцэлд талархалтай ханддаг, булхайтай болсон бөхийн барилдааныг эсэргүүцээд усныхаа савыг шидэж байгаа иргэдийг хүртэл зөвөөр хардаг хүн. Гэхдээ агуулгаар нь харахад энэ нийгэмд хувьсгалаас өөр гарц байхгүй болчихож. Энэ бол миний харж байгаа өнцөг. Сонгууль бол дөрвөн жилд нэг удаа нийгмийг шинэчлэх гарц. Гэтэл Сонгуулийн хуулийг 48:28-аар баталчихсан тохиолдолд хувьсгалаас өөр гарц үлдэхгүй.
-Хувьсгал хийхээс чинь өмнө цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлсэн бүрэлдэхүүнээр галт зэвсэгтэйгээ анаад зогсож байхаар хууль баталчих гээд байгаа юм биш үү?
-Цаг нь болсон байхад ямар ч зэвсэгт хүч энд саад болж чадахгүй, Монголын ард түмний эр зориг, дээрээс нь шударга ёс тогтоох чин эрмэлзлийг юу ч зогсоож чадахгүй.
-Тэгвэл та Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эсэргүүцэж ямар нэгэн зүйл хийх үү?
-Агуулгаараа бол өөрсдийнхөө тогтолцоог хамгаалахаар хийж байгаа олон ажлынх нь л нэг шүү дээ. Тэгэхээр МАНАН-ын мафийн шинжтэй, гэмт бүлэглэлийн тогтолцоог нь л нураах ёстой. Нураахын тулд хувьсгал хийх ёстой. Нураахын төлөө ч явах болно.
-Хэзээ тэр хувьсгалаа хийх вэ?
-Хүмүүс энэ асуултыг олон асууж байгаа. Хувьсгал бол үйл явдал биш, үйл явц. Бидний эхлүүлсэн хувьсгалт үйл явц 2005 оноос эхэлсэн. Одоо ч үргэлжилж, үзэл санааны хувьд ч улам бэхжиж байна. Урьд нь төр барьж байсан хүмүүс ч “Хувьсгал гарцаагүй боллоо” гэж ярьж байгааг анзаарсан байх.
-Та хувьсгалын үйл явц үргэлжлээд байна гэж байна. Тэгтэл эрх баригчид хуульд өөрчлөлт оруулах зэргээр саад хийгээд байгаа юм биш үү?
-”Нэгэнт цаг нь ирсэн хувьсгалт өөрчлөлтийг ямар ч хүчтэй арми, хэн ч зогсоож чадахгүй ” гэсэн үг байдаг. Ц.Нямдоржийн батлуулах гэж байгаа тэр хууль ердөө л өөрсдийгөө хамгаалах гэж оролдсон нэг арга. Түүнээс Ц.Нямдорж шиг юмны барьж гүйсэн хуулийн төслөөс болж хувьсгал зогсоно гэж байхгүй. Үүнд битгий санаа зов.
-УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнг иргэд эсэргүүцэх л юм бол буудуулчих байдал бий болох юм биш үү?
-Өнөөдөр тэр хууль батлагдаагүй байна. Дээрээс жагссан л бол буудна гэж арай ч байхгүй байх. Сонгуулийн дүн нь өнөөдрийн батлагдах гэж байгаа хуулиар бол ямар гарах нь бараг тодорхой байна. Ийм тохиолдолд зөвхөн өөрсдөдөө зориулж баталсан хуулийн эцсийн үр дүнг зөвшөөрөхгүй байх эрх ард түмэнд байх нь ойлгомжтой. Тэр 48:28 гээд байгаа хувилбар нь үнэхээр шившиг л дээ. Ялагдсан ч гишүүн болдог, дээрээс нь намуудад тавьж буй босго нь долоон хувь гэдэг бол инээдэм л дээ. Оросууд хүртэл босгоо долоон хувиар найман жил явсныхаа дараа тавруу оруулж байна шүү дээ.
-Та өөрөө УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?
-48:28-аар сонгуулийн хууль тогтвол нэр дэвшихгүй, шаардлага ч байхгүй.
-Тэгвэл та УИХ-ын 2012 оны сонгуулийн дараах үр дүнг урьдчилж хараад байна уу?
-Математик гэж юм байна. Яг одоо тооны машин байвал аль нам хэдэн суудал авахыг тооцоолоод гаргахад өнөөдөр ч гаргаж болно. Хэн нь ч олонхи болохгүй учир дараагийн засаг ч МАНАН дээр тогтоно.
-Та хувьсгал гэж ярьж байна. Тантай нэгдээд хувьсгал хийх хүмүүс байна уу?
-Ер нь энэ хувьсгалыг Магнай хийх гээд байгаа ч юм биш. Монголын ард түмний баялгийн шударга хуваарилалтын төлөө, шударга бусад хариуцлага тооцох хувьсгал байх болно.
-Яаж сэрээх вэ?
-Удахгүй сэрнэ. Харж л байгаарай, маш их итгэлтэй байна.
-”Долдугаар сарын 1″-нд төр иргэнийг буудаж чаддагийг харуулаагүй гэж үү?
-Иргэд айх шаардлагагүй. Ерөнхийдөө тайван замаар, эх орноо аврах хувьсгалыг зайлшгүй хийнэ. Хувьсгал хийх шалтгааныг ч эрх баригчид хангалттай өгч байна. Тэд иргэдийг буудна гэж ярьж байгаа нь ард түмнийг айлгах биш харин ч эрх чөлөөгөө хамгаалахад хүргэж байна, дуршлыг өдөөж байна шүү дээ.
-Та их итгэлтэй байна. Харин иргэд үзэл бодлоо илэрхийлэхээс айдастай байгаа юм биш үү?
-Би үзэл санаа ярьж байна. Хэд нь айгаад орондоо хэвтэх хэд нь зориглоод жагсахыг би хэлж мэдэхгүй. Гэхдээ зүрх сэтгэлдээ өөрчлөлт шинэчлэлтийг олонхи нь хүсэж байгааг мэдэж байна.
-”Долдугаар сарын 1″-ний хэргээр ял сонссон залуус танай хувьсгалд нэгдэх болов уу?
-Тэд Монголын төрөөс авлагатай хүмүүс. Тэгэхээр авлагаа авах байлгүй дээ.
-Тэгвэл хувьсгалын манлайлагчаар та өөрөө явах уу?
-Би сүүлийн нэг жил тайван амьдарлаа. Нийгэмд өөр залуус гарч ирээд тэмцээд явах болов уу гэж харлаа. Хэн ч гарч ирсэнгүй. Тэгэхээр үүрэг бидэнд л байгаа юм байна.
-Бид гэдэгт та хэнийг хамааруулж байна вэ?
-Нэрийг нь тоочвол дуусахгүй, Миний нөхөд гэж ойлгож болно.
-УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй бол та АН-аасаа гарах уу?
-Гарахгүй. Гэхдээ хувьсгалын эцсийн үр дүн нь улс төрийн намуудыг бүгдийг нь татан буулгах шинээр бүртгэх гэх мэт асуудлууд гарч ирнэ.
-Тэгвэл та намаасаа УИХ-д нэр дэвшээд парламентаас үгээ хэлээд явж болохгүй гэж үү. Эсвэл сонгуульд ялахгүй гэж тооцоолоод байна уу?
-Би Улаанбаатарын аль ч тойрогт нэр дэвшсэн УИХ-д гараад л ирнэ. Зуун хувь итгэлтэй байна. Тэгэхдээ эдний зохиосон дүрмээр шинэчлэлийг парламентаас хийх боломжгүй. Тиймээс Магнай УИХ-д нэрээ дэвшүүлэхгүй, ард түмэнтэйгээ хамт гудамжиндаа байна. 48:28 хувилбараар сонгуулийн үр дүн яаж ч гарсан ард түмэнд зөвшөөрөхгүй байх эрх байгаа. Би тэднийгээ төлөөлж, удирдаж тэмцэнэ.
-Иргэд АН-ын Магнайгийн үгийг сонсох болов уу. Иргэний хөдөлгөөний Магнайг дэмжих болов уу?
-Аль, аль нь нэг л юм ярьдаг шүү дээ.Тэгэхээр ингэж тусад үзэх шаардлагагүй байх.
-Тэгвэл яг хэзээ гудамжинд гараад тэмцэх юм бэ?
-Удахгүй байх. Үйл явцыг ажиглаж байна.
-Тантай хамтрахаа илэрхийлсэн хэд орчим хүн байна вэ?
-Олон хүн байгаа. Иргэний хөдөлгөөнийхөн өнгөрсөн хугацаанд зүгээр суугаагүй ажилласан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон аймагт зэрэг тэмцэл эхлүүлэх бүтцийг бий болгож чадсан. Итгэл үнэмшилтэй нэг хүн, хувийн сонирхолтой 10 мянган хүнтэй тэмцэнэ гэсэн үг байдаг шүү дээ. Итгэл үнэмшилтэй олон хүн надад байна
-Та өмнө нь ярилцлага өгөхдөө иргэд мэдээлэлгүйгээс болж эрх баригчдыг дэмжиж байна гэж чамлалттай байгаагаа илэрхийлж байсан. Яагаад гэнэт иргэдэд итгэлтэй болчихов оо?
-Хамгийн сүүлийн судалгаагаар нийт иргэдийн 30-аас дээш хувь нь хувьсгалт өөрчлөлтийг дэмжиж байгаа дүн гарсан. Энэ бидний хүлээж байсан тоо. МоАХ-ны даргын тооцдог аргачлалтай ч харьцуулахад ойролцоо харагдаж байна.
-Иргэдийн үзэл бодлыг юу тийм хурдан хугацаанд өөрчилчихсөн юм бол?
-Эрх баригчдын байж байгаа байдал нэгийг бодогдуулаа байлгүй дээ. Эх орон гэсэн өчүүхэн ч сэтгэлгүй нөхдүүдийг хараад олон хүний нүд хорсож байгаа байлгүй дээ.
-Таныг “Долдугаар сарын 1″-нд нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан гэж үзэх хүн олон. Тийм байхад таныг итгээд дагах хүн хэр олон байгаа бол?
-Энд надад итгэх асуудал биш нийгмээ шинэчлэх өөрчлөх асуудал яригдаж байна. Монголд жаргаж байгаа хүн цөөхөн байна. Тэр дундаа жирийн иргэд ямар байгаа билээ. Миний төлөө биш өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө тэмцэх л ёстой.
-Цаашид жагсаал, цуглаан хийх эрхийг цагдаагийн байгууллагаас авдаг болох юм биш үү?
-Мэдэхгүй, Нямдоржоос асуу.
-”Долдугаар сарын 1″-ний хохирогчид тантай холбоотой байдаг уу?
-Холбоотой байдаг.
-Тэгэхээр тэд тантай нийлнэ гэсэн үг үү?
-Надтай биш. Хувьсгалд нийлнэ
-Тэгвэл хувьсгалын үр дүнг монголчууд хэзээ мэдрэх вэ?
Шударга ёс гэдэг бол боломж, Монголын ард түмэнд хувьсгалын үр дүн боломжийг авчирна. Энэ нь хорин нэгэн мянгаас үнэтэй зүйл.
-Нэр бүхий гэж засаг барьж байгаа гишүүдийг хэлж байна уу?
-Өнгөрсөн 20 жилд цөөн тооны хүмүүс л төр барилаа шүү дээ.
-Мафийн бүлэглэлд орсон гээд байгаа эрх баригчид хувьсгалд тийм амархан бууж өгнө гэж үү?
-Гэмт хэрэгтнүүд их аймхай байдаг шүү дээ.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
“ӨДРИЙН СОНИН”
URL: