Баян-Өлгийн хяналтын тооллогод зөрүү гарсангүй

download

Баян-Өлгий аймгийн сонгогчдын саналын дүнд техникийн хяналтын тооллого хийж, дүнг баталгаажуулжээ. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар тус аймгийн сонгуулийн дүнг будлиантуулсан гэсэн гомдол гаргаж, дахин тоолохыг шаардсан. Мөн МАН ч Баян-Өлгий аймгийн саналын хуудсанд бүхэлд нь хяналтын тооллого явуулахыг шаардсан юм. Эдгээр хүсэлтийн дагуу хяналтын тооллого хийж үзэхэд тус аймгийнхны санал автомат машинаар тоолсон дүнтэй таарсан байна. Өөрөөр хэлбэл, автомат тооллого болон гар тооллогод ацаг шүдний ч зөрүү гараагүйг тус аймгийн Сонгуулийн хорооноос нийтэд мэдэгдлээ.

Баян-Өлгий аймаг 89 хэсэгтэй. 89 хэсгээс 50 хувь буюу 42 хэсэгт зургадугаар сарын 26-ны сонгуулийн өдөр техникийн тооллого хийгдсэн. Үлдсэн 47 хэсэгт нь техникийн тооллого хийгдэх шийдвэр гарсан учир Баян-Өлгий аймгийн гурван намын хороодод зургадугаар сарын 29-нд албан бичиг хүргүүлж, техникийн тооллогод ажиглагч оролцуулах хүсэлт тавьжээ. Гэвч С.Ганбаатарын саналыг луйвардлаа хэмээн мэдэгдсэн МАХН-аас хяналтын тооллогод оролцохоос татгалзжээ. Мөн АН-ынхан ч хяналтын тооллогод оролцох шаардлагагүй гэж мэдэгдсэн ажээ. Харин МАН-аас дөрвөн ажиглагчийг байлцуулан гар тооллого хийж дүнг баталгаажуулсан байна.

Баян-Өлгий аймаг нийт 58910 сонгогчтой. Үүний 39253 нь Ерөнхийлөгчийн сонгуулиар саналаа өгчээ. Тэдний 19332 нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжсэн бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын төлөө 14218, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт 5205  нь саналаа өгсөн байна. Харин 498 иргэн  хэнийг нь ч дэмжээгүй аж. Юутай ч сонгуулийн дараах хардлага сэрдлэг, гомдол, маргаан, эргэлзээг энэхүү гар тооллого тайллаа. Тэгэхээр хяналтын тооллогод оролцоогүй АН, МАХН-ынхан Баян-Өлгийнхний сонголтыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Харин луйвар хэмээн чанга дуугарч байсан МАХН-ынхан одоо өөр гарц хайж, цагаан хуудсаар санал өгөхийг уриалж явна.


URL:

Сэтгэгдэл бичих