Олон өнцөгтэй С.Баяр
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Монголоо төлөөлөн элчингээр очсон С.Баярыг Ерөнхийлөгчийн сонгуулиар эргэн ирсэн тухай нь учир мэдэх хүмүүс ярьж буй. Элчингээр суух гэж очсон биш баахан асуудал ороод авсан С.Баяр улстөрд мөнхийн нөлөөллөө хадгалах гэсэн хүслээрээ Н.Энхбаяртай тун адил. Эдгээр хүмүүс өчигдөр ч, өнөөдөр ч маргаашийн нөлөөллийнхөө төлөө улстөрийн аливаа том үйл явц бүртэй холбогдсоор байгаа юм.
С.Баярын тухайд нэг тийзээр хоёр өөр амьдрал үзлээ хэмээн ярьсан нь бий. Нэг хэсэг нутгаасаа алс байсан түүнд зугтах шалтгаан мундахгүй байсан болов уу. “Саус гоби сэндс”-ийн асуудал ид шуугиан тарьж байсан 2012 онд С.Баярыг тус компанийн эздээс зэм, нударга хүртсэн гэх мэдээлэл цацагдаж байв. Тийм мэдээлэл гарсны дараа С.Баяр Америкийг зорьсон. Эргэж ирэхгүй нэлээд удсан. Тэр хооронд АМГ-ын экс дарга Д.Батхуяг нарын хэрэг шүүхээр орж, тэд ял сонссон байдаг. С.Баярыг Д.Батхуягт шууд нөлөөлсөн гэх мэдээлэл байдаг. Гэхдээ мэдээллүүдийг харьцуулаад харахаар анхаарал татах зүйл бишгүйдээ бий. Ямартаа л Айвенхоу майнзын охин компанид нүүрсний ордуудыг өгөх анхны шийдвэрүүд Н.Энхбаярын нөлөөлөлтэйгөөр үзэглэгдсэн гэхээр үргэлжлэл болсон ажиллагаанууд С.Баярын даалгавартайгаар явагдсан уу гэдэг асуулт гарч байдаг юм.
Тэгвэл “Аалзны тор”-ын сүүлийн цувралд Н.Энхбаяр “Айвенхоу Майнз”-тай нэг талд, харин С.Баяр нар “Рио Тинто”-той нөгөө талд хүч хавсран ирсэн гэх агуулгатай зүйл бий.
Тухайлбал, Ерөнхий сайд С.Баяр Оюутолгой ордыг эргэлтэд оруулахад Р.Фрийдландыг хань болохгүй гэж үзсэн тул “Айвенхоу майнз”-ыг шахах нууц тохиролцоотойгоор Рио Тинто-г оруулж ирсэн гэх. Тэрбээр Оюутолгой төслийн удирдлагыг гартаа оруулахын төлөөх Айвенхоу Майнз, Рио Тинто хоёрын тэмцэл дундаас ашиг олсон гэгддэг. Талууд хувь эзэмшлийн асуудлаас болж Арбитрын шүүхэд хүртлээ харилцаагаа хүйтрүүлж байсан үе бий. Харин дараа нь Оюутолгой төслийн 2/3 Рио Тинто-гийн мэдэлд очсон бөгөөд манай тал бүр сүүлд нь билэг тэмдэг маягаар дуугарсныг эс тооцвол манай тал Рио-гийн талд үйлчилдэг гэдгээ харуулсан. Сонирхолтой нь өнгөрсөн хавар С.Баярын эзгүйд манай парламент бизнесийн талбарынхны бухимдлыг барсан хуулийн төслийг хуульчлан баталсан нь “Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хууль байсан. Бизнес эрхлэгчдийн тухайд монголын улстөрчид сонгуулийг угтан гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах нэрийдлээр энэ хуулийг баталснаар өмнөд хөршийнхний бус өрнийн хөрөнгө оруулагчдын дагуулж ирдэг гадаадын дадлага туршлага, дэвшилтэт техник, технологи зэрэг бүхий л зүйлээс татгалзлаа гэдэг мэдээлэл гарсан. Тодорхой хэлбэл, хятадын хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжсэн хууль гаргалаа гэж үзсэн.
Харин нөгөө талд өмнийн говийн ордуудыг хятадын төрийн өмчит компанид шилжүүлэхээр санаархсан Н.Энхбаярын түнш тодотголтой Р.Фрийдландын охин компаниудын нэгийг бодлогоор шахлаа гэхчлэн талцсан мэдээллүүд гарсан юм. Ингэж харахын учрыг ухвал манай хоёр хөрш Монгол дахь өрнөдийн орнуудын томоохон хөрөнгө оруулалт, ялангуяа уул уурхайд оруулж буй хөрөнгө оруулалтад саад хаалт тавих талаар 2009 онд үзэл бодлоо нэгтгэсэн гэх. Харин манай улсын сүүлийн 20 жил баримталж байгаа гурав дахь хөршийн бодлогод шууд хаалт тавих санааг хэрэгжүүлэхийн төлөөх өрнийн хөрөнгө оруулалтын эсрэг хийрхэлийг маш хүчтэй явуулж эхлэхэд Фрийдланд, Энхбаяр нарын хамтын хүчин зүтгэлээ зориулсан талаар “Аалзны тор”-д өгүүлсэн байдаг. Гэтэл нөгөө талд Рио Тинто Монголын Засгийн газар тэрдундаа С.Баяр нартай үгсэн тохирч байгаад Оюутолгой төслийн менежмэнтийн эрхийг өөртөө авах боломж бүхий Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулалцсан гэх. Тэгэхээр С.Баяр сайн, саар ямар үр дүнг дагуулах зүйлсийг хийсэн хүн бэ гэдгийг тодорхойлохын тулд олон өнцөг хөөх хэрэгтэй болдог. Тэгвэл олон өнцөгтэй С.Баяр элчингийн ажлаа хойш тавиад энэ өдрүүдэд Монголын улстөрийн халуун тогооны хэмийг тохируулж байгаа гэх.
Эх сурвалж:Hunnu.mn
URL: