Өө золиг гэж New Message

Сүүлийн үед бүр тайван ч Twitter-дэж, Facebook-ээр найзуудтайгаа харилцаж чадахаа байлаа. Biznetwork, Yahoo messenger хоёр хүртэл өөр зүйлд ашиглагдах болж. Эцэст энэ муу Phone маань хүртэл элдэв бусын SMS-үүдээр дүүрлээ. Өөрийн минь хохь л энэ бололтой. Анх элдэв зүйл бодолгүй Twitter гээчид бүртгүүлэхдээ олны танил хүмүүсийг тэр дундаа төрийн том толгойтонгуудыг FOLLOW хийгээд байсны гай нь одоо гарч байхгүй юу. Facebook-ээр ч бас аль болох олон найзуудтай, танилтай болоё гэж бодоод тааралдсан бүхнээ л ADD хийгээд байсны балаг нь энэ. Biznetwork дажгүй санагдаад 1000-аад танилуудтай болчихсоныг минь яана. За тэр Yahoomessenger-тээ бүр хэчнээн хүн бүртгэлтэй байдгийгээ ч мартсан дөө. Одоо эргээд бодоод байх нь ээ Twitter 300-аад, Facebook 1100 гаруй, Yahoomessenger хоёр хаяг маань нийлээд 2000-аад, Biznetwork 1000 орчим гээд бодохоор 4400 /Давхардсан байж болох/ орчим танилтай юм аа би гэж хүн.

Уг нь бас ч үгүй овоо олон танилтай байгаа биз. Гэвч үүний ашиг тус гэж яг одоогоор бол надад алга аа. Харин ч ядаргаа болж байна гээд хэлчихмээр байна. Twitter хаягаараа орохоор өөдөөс ‘’54 New tweets’’ гээд угтана. Нээгээд үзэхээр өнөөх хэдэн УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд хаагуур, юу хийгээд, яах гээд явсан талаараа жиргэсэн байна. Дунд нь хааяа ганц нэгхэн найзууд маань жиргэсэн байх. Олон New Tweets байлаа гээд баярлаад байх юу байх вэ дээ. Хэн нэг гишүүний хаагуур, хэнтэй, юу хийж явсан нь надад ямар пад байна аа. Цааш нь New Tab нээгээд Facebook хаягаараа орж үзлээ. ‘’198 New stories’’ гээд л урамтайхан тоо урдаас тосно доо. Twitter-ээ бодвол улайн цайн улс төрийн зурвасууд бага. Гэхдээ л хоёр хүний нэг нь ямар нэг хүнийг муулсан, шүүмжилсэн, эсвэл хэт магтсан, мэдээллийн чанартай зурвасууд байж л байдаг. Үгүй юм аа гэхэд хэн нэгэн нь веб сайтныхаа линк хуудсыг Facebook-ээр нэг тараачихсан байх нь элбэг. Ажил хэрэгч хүмүүсийн гэгдээд байдаг Biznetwork хаягаараа эцэст орж шалгана. Ямар юмных нь ажил хэрэгч, бизнесмен хүмүүсийн байх вэ дээ, бас л баахан сайтны линк холбочихсон, аль эсвэл ямар нэг улс төрийн шинжтэй санал асуулгыг тараачихсан гэх зэргээр өөр зорилгоор л ашиглагдаад эхэлчихсэн байх юм.

Миний бодлоор сонгууль арай л эрт эхлээд байх шиг. Хаана ямар л хаягаараа орно түүнд нь сонгууль, улс төр, лобби, гүтгэлэг гүжирдлэгийн шинжтэй мэдээллүүдээр дүүрэх болж. Ажлаа хийгээд сууж байхад маань хүртэл Yahoomessenger хаягаар хэн нэг найзын маань хаягнаас цааш нь дамжуулна уу гэсэн уриатай мэссэж тасрахаа байлаа. Линк хаяг дээр нь дараад орохоор Хэн нь шилдэг улс төрч вэ, шилдэг эмэгтэй улс төрчийг нэрлэнэ үү, та ирэх сонгуульд саналаа өгөх үү ч гэх шиг элдэв санал асуулгууд, асуултууд ирэх юм.

Над шиг хэн нэгэн нь яг энэ байдалд байгаа л байх. Тийм бол та надтай нэг л зүйл дээр санал нийлэх буй. Хурдан л сонгууль нь болоод дуусаасай гэж. Тэгж байж л тайван Twitter, Facebook, Biznetwork, Yahoomessenger хаягуудаараа ордог болно байх даа. Өө золиг гэж утсанд Message ирж байна… /Та шилдэг залуу 50 улс төрчийг нэрлэнэ үү/…


URL:

Сэтгэгдэл бичих