СОНГОЛТЫН ӨМНӨ
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч хэдхэн хоногийн дараа тодрох гэж байна. Улс төрийн намууд хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаагаа хааж, нэр дэюшигчид уулзалт ярилцлагаа зогсооно. Энэ сарын 06-ны өдрөөс эхлэн албан ёсоор сурталчилгааныхаа нээлтийг хийж, гурван талаас зэрэг хөдөлсөн гурван нэр дэвшигч барианд ойртож ирээд байна. Тиймээс сонгуулийн сурталчилгааны халуун өдрүүдэд өрнөсөн үйл явдлуудыг багцлан хүргэж байна.
Бодит мэдээллээс ангид мэтгэлцээнгүй өрсөлдөөн
Иргэдийн сонгох, мэдэх эрхэнд туслах зорилгоор ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн явуулдаг тогтсон уламжлалтай. Сонгуулийн суртачилгааны хөөсөрсөн мэдээллээс илүүтэй нэр дэвшигч нарыг тодорхойлж өгөх энэ мэтгэлцээний үр дүн санал хураалтад яалт ч үгүй нөлөөлдөг. Халз мэтгэлцээний гол мөн чанар бол бодлогын асуудлаар өөр хоорондоо мэтгэлцэх, өрсөлдөгчийн байр суурийг няцаах, сул талыг илрүүлэх явдал билээ. Сонгуулийн кампанийн төгсгөл дэх улс төрийн лидерүүдийн халз мэтгэлцээн нь сонгогчдын хамгийн ихээр сонирхон үздэг телевизийн сурталчилгаа болдог. Тиймээс халз мэтгэлцээнд тухайн лидер хэрхэн оролцох нь сонгуулийн эцсийн дүнд хүчтэй нөлөө үзүүлдэг байна.Харин энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны мэтгэлцээнээс зарим нэр дэвшигчид халширч, халгаж зугатсаар… МАН-ын зүгээс мэтгэлцээнийг зохион байгуулах урилга, саналыг хоёр ч удаа явуулаад Х.Баттулгыг зөвшөөрүүлж чадсангүй. АН-ын нэр дэвшигч Х.Баттулга мэтгэлцээнд оролцох нь ашиггүй гэдэг тооцоог аль эрт хийж, яг мэтгэлцээнтэй өдрүүдэд хөдөө орон нутагт уулзалттай гэсэн шалтаг ирүүлсээр сонгуулийн сурталчилгаа хаах өдөртэй золгов. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын хувьд ч гэсэн “Надад төлөвлөгөө байна” гэдэг сайхан уриатай ч төлөвлөсөн зүйл тун багатай байгаа учраас энэ удаагийн мэтгэлцээнээс аль болох хол байхыг бодож байгаа бололтой. Анх Телевизүүдийын холбоо мэтгэлцээн зохион байгуулахаар төлөвлөж байхдаа иргэдээс 14.000 орчим асуулт хүлээн авсан байна. Тэгвэл албан хүчээр шахам ганц удаа Үндэсний телевизийн ганц цагийн мэтгэлцээнд оролцоод энэ олон асуултад хариулна гэж байхгүй. Тэгэхээр иргэдийн мэдэхийг хүссэн 14,000 асуулт хариултгүй үлдэж байна гэсэн үг. Ганц удаа орсон бороо бүхэл зуны ганг тайлахгүйтэй адил ганц мэтгэлцээн юуг ч өөрчлөх аргагүй гэдгийг ард түмэн бэлхнээ харж байгаа.
Урвагчдаар дүүрэн улс төр
Энэ сонгуулийн сурталчилгааны цөөхөн хоногт хэн нууцаар бичлэг хийж, нөгөө талд аваачиж худалдах вэ гэдэг уралдаан, товчхноор хэлбэл урвалт шарвалт дүүрэн сурталчилгаа болж өнгөрлөө. Маш нууц гэсэн тодотголтой, нууц баримтууд илэрлээ гэсэн сүржин гарчигтай мэдээллүүд дандаа нууц бичлэгээр бамбай хийв. МАН-ын дарга нарын золголт, шинэ жилийн үеийн уулзалтын бичлэгийг АН-д аваачиж худалдав. АН-ын нэр дэвшигч Х.Баттулгын өрөөндөө алдарт 60 тэрбумын хэрэг гэгчийг дэглэж, Доржкодов гэгчид үг зааж өгч, өөрөө энэ жүжгийнхээ найруулагчаар ажиллаж байгаа бичлэг мөн л өндөр үнээр худалдагдан МАН-ынханд иржээ. Шударга ёс, хууль дүрэм ярьж, бүхнийг манлайлан хэмээн хөөрцөглөсөн “Босоо” Ганбаа 50 сая вон барьсан Солонгосчуудын дэргэд бөхийчихсөн байгаа бичлэгийг бас л нууцаар авч, өндөр үнэ хүргэн худалдаж чадлаа. Нэр дэвшигч бүрийн дэргэд нэг нэг тагнуул сууж байгаад нууц бичлэг хийгээд байсан гэвэл хэн ч үнэмшихгүй. Харин тэдний итгэл хүлээлгэсэн хамтран зүтгэгчид нь өөрсдийнхөө нэр дэвшигчийг хорлон, өөрөө хэдэн төгрөгтэй салав бололтой. Урвалт шарвалт дагасан хийрхэл ч энэ хэдэн өдрүүдэд хангалттай үргэлжлэв. Өнөөх нууц гэсэн бичлэг бүр нь эвлүүлэгтэй, дуу шуум сайтай, хардсан үг хэллэгээр дүүрэн байх юм.
Нэр дэвшигчдийн үнэн хаана байна вэ?
Уг нь сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд сонгогч олон хэн нь хэн бэ гэдгийг бүрэн таньж мэдэж авч чаддаггүй юм гэхэд тэдний талаар ядаж наад захны ойлголттой болох учиртай. Харамсалтай нь нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл бүрэн нууцлагдмал байсаар сурталчилгаа дуусав. АН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдвол МУ-ын тэргүүн хатагтай хэн болох нь гэдэг нь тодорсонгүй. Еврей эхнэртэй, эрлийз хүүхдүүдтэй гэсэн хэл аманд өртөж байсан Х.Баттулга салсан эхнэрээсээ төрсөн охиныг дагуулж гарч ирээд л алга болов. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 50 сая вон авсан, МҮҮН-ий шашинтай холбоотой, визний залиланд нэр холбогдсон гэсэн мэдээллүүдэд ямар ч тайлбар өгсөнгүй. Х.Баттулга өөрөө болон хүүхэд нь яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа хэргээ тас нуув. Ний нугүй үнэнийг хэлэхэд Монголчууд сонгуулийн сурталчилгаа хаагдаж байхад Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ ямар боловсролтой, хаана ямар сургууль төгссөн, хэдэн хүүхэдтэй гэдгийг хүртэл мэдэж чадсангүй.
Дэмжигчдээ доромжилсон нэр дэвшигч
Сонгуулийн сурталчилгаанд оролцож байгаа урлаг соёлын алдартнууд энэ удаа нэр дэвшигчдээс илүү хэл аманд өртөж, доромжлол амслаа. АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг Асашеорюү Д.Дагвадорж, Олимпийн аварга Н.Түвшинбаяр нарын одууд дэмжив. Тэдний эсрэг нэг хар үгийг хэлсэнгүй, шийдсэнгүй, чиглүүлсэнгүй. Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг Олимпийн аварга Р.Бадар-Ууган, жүжигчин Цолмонбаяр, МУГЖ Жаргалсайхан, МУГЖ Г.Ариунбаатар, Төрийн соёрхолт Д.Болд зэрэг олондоо хүндлэгдсэн нөхөд дэмжсэн. Үүний төлөө тэд сошиал орчинд хангалттай балбууллаа. Женко Х.Баттулгын зүгээс ална, тална, шудна, бөгс долоогч, худалдагсан гэх мэтээр доромжилж, зургийг нь эвлүүлэн, 50-100 сая төгрөг авсан хэмээн гүтгээд авав. Эндээс эхлээд л нэр дэвшигчдийн боловсрол, хүмүүжлийн ялгаа бэлхнээ харагдаж байх шиг байна. Монгол улс хоёр олимпын аваргатай. Гэтэл нэгийг нь Х.Баттулгыг дэмжсэн сайн хүн, нөгөөх нь М.Энхболдыг дэмжсэн бялдууч гэж цоллодог хүн ард түмний эв нэгдлийг хэрхэн сахин хамгаалах вэ. Р.Бадар-Ууганыг дэмждэг ард түмнийг Женко гадуурхаж, дээрэлхэж, хоноцын хүүхэд шиг ад шоо үзэх үү гэсэн асуулт хүртэл гарч ирнэ. Аль ч орны ямар ч сонгуульд нэр дэвшигчид, өрсөлдөгчид, бас тэднийг дэмжигчид гэж бий. Нэр дэвшигчийг муулж болох ч дэмжигчдидтэй нь хамт муулж, сонгогчоо давхар доромжилдог сонгуулийн сурталчилгаа сая монголд өрнөлөө. Сүүлдээ бүр дооз нь хэтэрч, Х.Баттулгынхаар бол МАН-ыг дэмждэг бүх хүн худалдагдсан, бөгс долоосон бялдуучид болж таарч байх шиг байна.
Сонгуулийн сурталчилгааны гол дүрүүд
Энэ сонгуулийн сурталчилгаа хэд хэдэн гол дүрийн баатартайгаар өндөрлөв. МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжигчид Н.Багабанди, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Р.Бадар-Ууган, жүжигчин Н.Батцэцэг, Т.Бархүү, дуучин Д.Болд… Түүнийг дэмжсэн, үг хэлсэн, хамт дагуулж явсан хүмүүс бүгд л улс төрд болон олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, оюунлаг, салбар салбартаа манлайлсан эрхмүүд… Төр барьж байгаа намд давуу тал байдаг л байх. Харин АН-аас нэр дэвшигчийг дагаж, түүний сурталчилгааг өнгөлсөн нөхдүүд жаахан хэл амтай байна. Баг зүүж, буу бариад дэлгүүр дээрэмдэж явсан Г.Доржзодов, “Дамбын Хишгээ хоёр хүн алаад булахыг өөрийнхөө нүдээр харсан хэмээн цагдаад мэдүүлж, сэтгэфийн эмнэлэгт хүргэгдэж, ял хүртэл сонсож явсан сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, гадаад нөхөртэй Ц.Оюунгэрэл, Ц.Цэрэн гэх мэт эрхмүүдийг өмнөө гаргаж барьсан нь баахан хэл ам таталлаа. Цэвэр цус хэрэгтэй, эрлийз хурлийзуудыг устгаж, толгойг нь таслах тухай ярьж явсан Х.Баттулга өөрөө эрлийз хүүхдүүдтэй, эврей эхнэртэй, түүнийг дэмжиж байгаа хүүхнүүд гадаад хүнтэй суусан, харь нутгийн бэр болж таарав. Х.Баттулгыг дэмжиж МУ-ын Еоөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай бас л базаахгүй үг унагав. “Х.Баттулга бол нохой” гэж ярьдаг буурал улс төрч энэ удаа бас л эрлийз, хурлийзуудыг дарах тухай ярьж, буриадуудынхаа цөсийг хөөргөх гэж оролдож байх шиг байна. Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын дэмжигч нь Н.Энхбаяр. Н.Энхбаяраас өөр чирэгчгүй нэр дэвшигч маань өдөр бүр томоохон зах дэлгүүрээр явж, хандив мөнгө цуглуулан өрөвдүүлэх тактик барьж чамгүй сайн ажиллаа. Харамсалтай нь ард иргэдийнхээ өдрийн орлогоос хандив нэрээр 5000 төгрөг авч халаасалчихаад орой нь гэртээ шашин буруутай Солонгос ноёноос 50 саяар нь авилга аваад сууж байдаг хоёр нүүртэн болж таарав. Хоногийн хоолноосоо илүүчилж, С.Ганбаатарт мөнгө өгсөн иргэд буцаан нэхэхэд болохгүй гэх газаргүй мэт.
Монголчуудад иргэний дайн бус эв нэгдэл хэрэгтэй
Сонгуулийн сурталчилгааны өдрүүд бороогүй бүгчим, халуун салхи салхилж, шороо боссон бүүдгэр байлаа. Бид тун удахгүй сонголтоо хийж, сонгууль дуусаж амьдрал үргэлжилнэ. Улс төрийн халуурал, нэр дэвшигчпийн гүжир гүтгэлэг, бие биенийхээ дээр гарах гэсэн атаа жөтөө, эвлүүлэг мантож, үнэн худал нь ялгагдаагүй цуурхал дундаас бид ирээдүйн ерөнхийлөгчөө олж зурах хэрэгтэй болох нь. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга мөрийн хөтөлбөрөөсөө илүүтэйгээр 200 хүний толгой тасдаж, цус урсгах тухай аймшигт төлөвлөгөөгөө ярьж, өөртөө “Урт хутгат” гэдэг нэр өгөөд ташуур барьсаар сурталчилгаагаа дусгалаа. Сонгуулийн хууль зөрчсөн хэргээр С.Ганбаатар санал хураалтад оролцох, оролцлоо гэхэд түүний авсан санал хүчинтэй байх эсэх нь ч тодорхой бус байна. Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд эвтэй Монгол ялна уриатайгаар сонгуулийн сурталчилгаагаа дуусгав. Монголчууд бид цөөхүүлээ. Гурван сая гаруйхан хүн амтай, дэлхий ч бүтнээр нь залгихад бэлэн байгаа хоёр том гүрний бөөрөнд оршдог Монголчууд хоорондоо дайтаж, цус урсгаж гэмээнэ бид л хохирно. Бидэнд ямар нэг дайн тулаан, хагарал бутрал хэрэггүй гэдгийг бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ.
Сонгууль өгөх өдөр, таны үзэгний хошуугаар ирээдүйн Ерөнхийлөгчийн нэр тодорно. Иргэд хар Пи Арт итгэж, эвлүүлгийг таалж, урваачийг шүтэж, үзэн ядалтаар цензүүрдэж сонголт хийх үү, ирээдүйгээ, эв нэгдлээ, итгэл үнэмшлээ дагаж сонголтоо хийх үү гэдгээ өөрсдөө л шийдэх хэрэгтэй болно. Та ирээдүйнхээ өмнө хариуцлага хүлээх тийм том сонголт хийх гэж байна…
http://olloo.mn/n/43962.html
Эх сурвалж: Оллоо.мн Х.Тэргэл
URL: