Монголд ямар хүмүүс ерөнхийлөгч болдог вэ?!
Өчигдөр, өнөөдөр, маргааш гээд аливаа юм гурван цагийн хэлхээн дээр л боловсорч төгс төгөлдөр болдог билээ. Хүн төрөлхтөн уламжлалаасаа сургамж авч, эдүгээгээрээ амьдарч, ирээдүйгээ төсөөлдөг. Ингэж ч иржээ. “Түүхээ судал”, “Өвгөдийн үгийг сонс”, “Өнгөрснөө бүү март”, “Хэн байгаад хэн боллоо” гээд Монголчууд уламжлалаа оюун тархиндаа үргэлж тээж явдаг ард түмэн. Аливаа зөв зүйтэйг, сайн сайхныг амнаас ам дамжуулан амьдрал ахуйдаа хэрэгжүүулж иржээ. Нүүдэлчин монголчуудын эерэг амьдрал өнөөгийн шинжлэх ухаан, орчин цагийн зөв ёс зүйтэй тохирч байх нь гайхалтай. Монголчууд төрт ёсыг дээздэлж төрийн хар хүнийг түмэн үеэрээ дээдлэж иржээ.
“Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэж монголчууд хэлдэг. Энэ нь “өнгөнд явчихав?”, “үгэнд хууртав?” гэсэн сануулга юм. Одоо цагийн ойлголтоор санаандгүй юманд панаалдуулчихав аа л гэсэн хэрэг. 1993 онд Кирсан Илюмжинов өрх бүрт ч бил үү, хүн бүрт ч бил үү 100 доллар өгнө гээд л Халимагийн Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Одоо энэ түүхийг сонсохноо дундад зууны явдал шиг санагдана биз. Гэхдээ л угаасаа монгол хүн учраас бас ч гэж “Төр төмбөгөр, Ёс ёмбогор”-ыг гуйвуулж чөлөөт сонгуулийг монголчилж чаджээ. Энэ явдлыг тэр цагт хэн ч шүүмжилсэнгүй. Өнөөдөр бол өнөө уугуул Монголд нь ч энийг эсэргүүцнэ дээ.
Меритократ гэж ойлголт байна. Манайхан ч сүүлийн үед их ярих болсон. Хүн дутагдсан юмаа л их ярьдаг шүү дээ. Манайд төрийн албаны дэг жаяг ус агаар шиг хэрэгтэй болоод байгаа юм. Аливаа юмыг албажуулах урлаг төрд хомсдоод байна. Ер нь төр санаандгүй хүмүүсийн цуглуулга болдог болж гэж ярьж, шүүмжилж эхэлж байгаа нь сайн хэрэг. Онгоцоор мөнгө тараахад л гишүүн болчих мэт ойлголт одоо ч байна. Меритократ гэдэг зохистой засаглал, тогтвортой төр, дэг жаягтай төр засаг гэхчилэн ухаан санааг агуулдаг ойлголт юм. Хүмүүсийн хийсэн ажил, явсан зам мөр, эзэмшсэн, эдэлсэн мэргэжил, ур чадвар, авьяас билэгт нь тулгуурлан төрийг удирдах ёсыг хэлнэ.
Манай анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Дарга гэдэг мэргэжил юм” гээд жаахан бүдүүвчлэн хэлсэн боловч меритократын гол санааг хоёр гурван үгэнд багтаагаад хэлчихсэн юм шүү дээ, уг нь. Энэ нь гарал үүсэл, бэл бэнчингийн хэмжээ зэргийг авч үл хэлцэнэ. Чадвар, мэргэжил, туршлага дээр тулгуурлана л гэсэн хэрэг. Манайд Богдын үеэс л Балингийн Цэрэндорж, Да лам Цэрэнчимэд гээд угсаа гарал, бэл бэнчин үл харгалзан төрд нөлөө бүхий хүмүүс байсан. 1921 оны хувьсгалаас хойтох жилүүдэд нэг хэсэгтээ алдагдаад Ю.Цэдэнбалын үед 50, 60 оноос дахин бэхжиж ирсэн. Хувьсгалжихаар л улс орны тогтсон амьдрал алдагдаж замбараагүйн туйл руу явдаг гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. Социализмын үед меритократыг Боловсон хүчний бодлого энэ тэр гээд нэрлэж байв. Хүнийг сургана, судална, дадлагажуулна, анхан шатнаас нь ажиллуулна, шалгана шаардана, дахин дахин сургаж боловсруулна, нэг местэн дээр хоёроос гурван хүнийг боловсон хүчин нөөцлөн уралдуулна, намд элсүүлнэ, тэгснээ нам хүмүүжүүлнэ гээд түмэн үе шаттай. Муу юм огт байсангүй шив дээ, энэ тал дээр.
Меритократын концепци төрт ёстой зэрэгцэн үе үеэр, зуун зуунаар хөгжиж ирсэн билээ. Жишээ нь конфуцийн гүн ухаанд их заасан байдаг юм гэсээн. Тиймээс өнөөдрийн хятадын улс төр 10, 10 жилээр ахиж тогтвортой хөгжиж байна. Орчин цагтаа Збигнев Бжезинский хүртэл энэ тал дээр цагаа зарцуулсан байдаг. Олон үеийн олон эрдэмтэн онолчдын юм байдаг юм билээ.
Монголд ч нэн шинэ туршлага бий.
Жишээ нь: Ц.Элбэгдоржийг монголчууд 20 жил тасралтгүй “чанаж” байж, үйлийг үзэж байж, шандасыг нь таньж байж Ерөнхийлөгч болгосон юм шүү дээ. Энэ хооронд түүнийг гадаадын тагнуул болгож шүүхээр оруулав. Арай л таслаагүй. Хужаагийн эрлийз гэж хүртэл төрсөн эхэд нь нулимстай нь аваачиж золгуулж зовоов. Хоёр ч удаа Ерөнхий сайд болгож үзэв. Хоёр ч удаа огцруулав. Унагаж үзэв. Босгож үзэв. Элдүүрийг нь хангаж байж Ерөнхийлөгчид сонгосон юм шүү, манай монголчууд. Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр болтол нь таньж байж сонгосон.
Манай сонгодог зохиолч ЧЛодойдамба гуай ‘Тунгалаг тамир” романдаа Хонгор, Бат хоёрыг Заяын хүрээнд шавилахаар шинэ дээл өмсөн мордоход Нямаа өвгөн хэлдэг дээ. Энд монголчууд эртнээс төрийн хар хүнийг хүндэтгэн дээдэлдэг нь харагддаг. Нямаа хүүхдүүдийн дээлийг мялаагаад: “За хүүхдүүд минь! Хүүр дагая гэвэл зурхайч бол, Хүн алъя гэвэл домч бол, Хүүрнэж хэрэлдье гэвэл гэвш бол, Хүн шиг явъя гэвэл төрийн хар хүн бол гэдэг юм даа” гээд хөгжилтэй инээв гэж буй. Эндээс л 100 жилийн өмнө төрсөн Ч.Лодойдамба гуай 100 жилийн өмнөх монголчуудын амьдралыг бичсэн буй. Эртнээс Монгол төрийн хар хүнд ач холбогдол өгч ирснийг энд гэрчилнэ. Гэтэл манайхан бизнесмэн төрийн хүн хоёроо одоо болтол хольж хутгасаар байгаа билээ. Өнөөдөр тогтвортой төр, амгалан амьдрал байж гэмээн сайн эмч, сайн эрдэмтэн, эрдэмт сэхээтэн төрнө. Иймд төрийн тэргүүнээ санаандгүй хүнээр биш усыг нь ууж, ёсыг нь мэдсэн хүнээр сонгож байх нь тухайн ард түмний тогтвортой оюун бодлыг илтгэнэ.
Н.Багабанди Ерөнхийлөгч бол бас л анхан шатнаас нь нам төрийн ажилтай хутгалдсан байдаг. Тэр үеийн төр засгийн ажил бол нам засгийн ажил байсан билээ. Үндсэн хуулиндаа ч заагаад баталгаажуулчихсан байв. Тэгээд анхан шатнаас нь явсан зам мөртэй нэгэн. Тэгээд УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга, УИХ-ын дарга хүртэл гээд дараалсан нам төрийн ажил хийж явсан. Түүнийг элдэвээр шүүмжилж, элдүүрийг нь хангаж байсаан. Гүтгэж доромжилж байв. Бас яаж зүгээр байхав гэж Туул жин пан-д хятад толь бариулаад үзсэн. Гэвч мэлмий мэргэн ард түмэн нь дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон. Тэр улс төрд яавч санаандгүй хүн биш байсан бөгөөд эрх баригч намын хоёрдугаар хүн байв. Төрийн гурван өндөрлөгийн нэг байв. УИХ дахь намын бүлгийн дарга гэдэг улс төрийн Ерөнхий тогооч юм шиг байгаа юм.
П.Очирбат гуай бас л сонгодог меритократ замаар явсан. Яамны мэргэжилтэн, хэлтсийн дарга, Шарын голын уурхайгаар дамжаад, эрчим хүч, уул уурхайн чиглэлийн орлогч сайд, сайд, гадаад эдийн засгийн чиглэлийн улсын хорооны дарга, депутат, НТХ-ны бүгд хурлын гишүүн, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга гээд 20 гаран жил улс төрийн дээд эшелонд явж байгаад дараа нь 48-тай Ерөнхийлөгч болсон хүн.
Өнөө Н.Энхбаяр ч бас л улс төрийн меритократ зарчмаар л явсан юм шүү. Соёл урлагийн хорооны тэргүүн дэд дарга, Соёлын яамны сайд, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Төрийн гурван өндөрлөг гэгчийн гурвууланд нь байж үзсэн эр дээ. Дахиад ч бас болоогүй Ерөнхийлөгч болно гэж үзлээ. Одоо ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх байсан, намайг хуйвалдаж хассан гээд л гомдолтой л яваа юм. Уг нь мань хүн Солонгост уддаггүй байсан юм.
Товчхондоо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ядаж УИХ-ын дэд дарга, Их хурал дахь намын бүлгийн дарга, Парламентад суудалтай намын дарга хийсэн хүмүүсийг бол улс төрийн том фигур гэнэ л дээ. Ер нь бол П.Очирбат, Н.Багабанди, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг, С.Баяр, Ц.Нямдорж, Сү.Батболд, Р.Амаржаргал, Н.Энхбаяр, Д.Лүндээжанцан, С.Төмөр-Очир, Д.Дэмбэрэл эцэст нь Ч.Сайханбилэгийг ч тэмдэглэж болох юм. Нэр нь лидер сонсогдож байгаа биз дээ. Яагаад гэвэл эд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Төрийн гурван өндөрлөгт багтаж байсанд учир байна. Төрийн дээд албанд бэлтгэгдсэн гэсэн үг. Ер нь бол Ю.Цэдэнбал, Ж.Самбуу, Ж.Батмөнх, П.Жасрай, Ж.Наранцацралт гэвэл лужир сонсдоно. Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, гэхээр ч бас л сонсголонтой байгаа биз. Тогтсон нийгэм бол тогтсон жаягтай байдаг. Тэгж байж улс орон нь амар амгалан оршиж, хүн ард нь сэтгэл тайван амьдардаг.
1990-ээд оны донсолгоонд постсоциалист оронд чөлөөт сонгууль жинхэнэ утгаараа явж эхлэв шив дээ. Тэгэхэд Югославт 18-тай хүү парламентын гишүүн болж дэлхийн улс төрийг гайхшруулж байлаа. Өнөөгийн Япон, Англи, Швед бүр тэрбум хагас шахуу хүнтэй Хятадад ч ийм юм болох уу. Естой ой тойнд багтахгүй байгаа биз ээ. Гэтэл нялхсын өвчинд идэгдсэн Югослав лүгээ нөхцөлтэй Монголд 1990-ээд онд 23 настай С.Баярцогт АИХ-ын депутатаар сонгогдоод улмаар УБХ-ын гишүүн болж байлаа. 1996 онд 27 настай залуу хүү Ч.Сайханбилэг Гэгээрлийн сайд болж байв. Тэд маань ямар шалгуур давсан хүмүүс байв даа, зайлуул. Хувьсгалаар төрөгсөд л гэдэг
энэ бөлгөө. XXI зууны босгон дээр л монголчуудад санаандгүй хүн улс төрийн оргилд гарах боломж үлэмж багасах ард түмний дархлаа сууж байх шиг байна. Төрт ёсыг дээдэлдэг Хятад, Япон, Орос, Англи, Германд Си Жиньпин, Шинзо Абэ, В.Путин, Тереза Мэй, Ангела Меркель нарт нэг ч санаандгүй хүн байхгүй. Дор хаяж л дүүрэг тойргийн депугат, хот мужийн орлогч дарга, дарга, агентлаг, яамны сайд, намын дарга гээд төрийн болоод улс төрийн албаны шаталбарыг гатлан туулсан байгаа. Харин африк, арабад цэргийн бага дарга ч нэг шөнийн цэргийн эргэлтээр төрийн тэргүүн болсноо зарлаж болно. Тэнд бол энэ нь сонин үзэгдэл биш. Латин америкт Уго Чаавас ч төрнө. Че Гевара ч төрнө. Монгол бол арай өөр байх ёстой. Өнгөрсөн 27 жилд нялхсын өвчнөөр ч жаал өвдөв. Одоо цэгцтэй, ойлгомжтой төр нийгмийн төлөө явах цаг.
Меригократ гэдэг утгаараа одоогийн гурван нэр дэвшигчээс яг сонгодог болзол хангасан хүн бол М.Энхболд л юм даа. Яавч огт санаандгүй хүн биш. Түүнийг юу гэж ч хөөргөж догиогоод нэмэргүй. Юу гэж ч гутаан доромжлоод ашиггүй. Явсан зам хийсэн ажил нь гэрчлээд өгнө. Намын дарга байсан уу, байсан. УИХ-ын дарга, дэд дарга, Ерөнхий сайд, Шадар сайд, хотын дарга, дүүргийн хурлын дарга, дүүргийн орлогч дарга гээд төрийн албаны бүх шат дамжлагаар явсан ёстой л мэргэшсэн төрийн хүн. Ер нь түүн лүү муу болгоныг цацдаг. Улаанбаатар хотод сайн сайхан юм болгон бий бол түүний хотын мэр байсан үетэй холбогдоно. Хотожсон улс орны иргэд бол хотын даргадаа Улсынхаа Ерөнхийлөгчөөс дутуугүй хүндэтгэлтэй ханддаг. Тэр Улаанбаатарын мэрээр найман жил, меритократ хүний болзлыг 100 хувь хангасан хүн. Уламжлалаа дагаж улсаа бодьё гэвэл энэ гурав дотроо эхний ээлжинд Миеэгомбын Энхболд л байна даа. Х.Баттулгад Ерөнхий сайд болох, намын дарга хийх, ядаж УИХ дахь намын бүлгийг удирдах гээд угтан хүлээгдэж буй ажил урд нь сайхан ирээдүй харагдана. Төмөр замаа гүйцээх, Аж үйлдвэрийн паркаа босгох гээд зам урт. Аж ахуйн сайд, бизнесмэн хүн гэдэг нь нотлогдсон, спортын шилдэг менежер хүн гэдгээр нь монголчууд мэднэ. Хугацаа байна аа, байна. Дэлхийн шатрын холбооны К.Илюмжинов, Монголын жудогийн Х.Баттулга гээд хоёр монгол хүн спортын топ менежер гэдгээ харуулсан шүү, харин ч нэг. Энэ нь хувь хүний нийтэд хамаатай гавьяа. С.Ганбаатар саяхан парламентад суудалтай намд элслээ. Меритократ зарчмаар бол төрд жаахан чанагдах л хэрэгтэй байгаа юм шиг. Сайхан ч ярихын хувьд сайхан ярих хүн юм аа. Саруулхан ч ухаантай хүн байж болно. Гэхдээ өөрийн зам мөрөө меритократын зарчимд тултал нь гаргах хэрэгтэй л дээ.
Ийм л байгаа юм.
Х.БҮРЭНТОГТОХ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Юуч хийж бүтээсэнюмгүй 27 жилд,баахан өр тавьж 50 тэрбум $ шүү.1990 онд улаан хацартай цоо эрүүл саруул ард түмэнийг хүлээж авсан одоо хардаа.Өөрсдөө их тариалж көөркий көөркий их Сайн Күмүүс шүү