Баруун таван аймаг нийслэл хоттой бүрэн хатуу хучилттай замаар холбогдоно

f8849a820ef343dabf630debb253c66f_x3Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан баруун аймгуудыг нийслэл хоттой холбох их бүтээн байгуулалтын ажил Байдрагийн гүүр-Говь-Алтай чиглэлийн 126.7км авто замын нээлтээр үргэлжилж байна.

Тус зам энэ онд бүрэн ашиглалтад орох бөгөөд өнгөрсөн долоо хоногт ажлаа эхлүүлсэн Баянхонгор- Байдрагийн гүүр чиглэлийн 129 км авто замтай холбогдож баруун бүсийн аймгууд болох Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн нийслэл хоттой босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дуусах юм. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Говь-Алтай аймгийг ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм болон Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэд оролцсон юм.

Энэхүү авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай аймгийн төдийгүй дайран өнгөрөх Ховд, Баян-Өлгий аймгийн ард иргэд тав тухтай, аюулгүй түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ эдгээр аймгийг зорин очих гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, тухайн бүс нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой талаар зочид төлөөлөгчид хэлсэн үгэндээ онцолж байлаа. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Нийслэл хоттой авто замаар холбогдоогүй 6 аймгаас энэ жил Дорнод аймгийг нийслэл хоттой холбосон авто замын ажил хийгдсэнээр Увс, Завхан аймгууд үлдэнэ.

Энэ хоёр аймгийн бүтээн байгуулалтын ажил ч шат дараатай хийгдэж эхлээд байгаа. 2020 он гэхэд бид Монгол Улсын 21 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбоно” гэж мэдээлэл өглөө.



URL:

Сэтгэгдэл бичих