Хятад, Оросыг холбох хамгийн аюулгүй гүүр нь Монгол
Би явж байна, Бээжин сууж байна гэдэг үг бий. Эртний Монгол жинчид их говийн харгуйгаар өмнөд хөршийг зорин, арьс түүхий эдээ, торго дурдан, нар хамба, нандин чавгаар арилжихаар одохдоо ийн хэлэлцэж байсан биз. Хөршүүдийн харилцаа тэр цагаас хойш хавьгүй өргөжиж, одоо Хятад шошготой бараа Монголыг нөмөрчээ. Голдуу бараа солилцоо, зээл тусламжид суурилсан харилцааг шинэ шатанд гаргах боломж нь 2013 онд Бээжингийн санаачилсан XXI зууны торгоны зам төсөл байж болох юм.
Хятад үндэстний шаргуу чанараар уг төслийг урагшлуулсаар Ази, Европыг дэд бүтцээр холбох санаачилга дүр төрхөө олж эхэллээ. Өнгөрсөн сарын 14-15-нд Бээжинд болсон “Нэг зам, нэг бүс” форумд 29 орны төр, засгийн тэргүүнүүд цугларч, Хятадын Ерөнхийлөгч Шин Жинпин уг санаачилгыг хэрэгжүүлэх таван зарчмыг тунхаглав. Үүнд:
- Зорилгодоо хүрэх зөвхөн энхийн арга замыг сонгох,
- Бүх асуудлыг шийдэх түлхүүр нь эдийн засгийн хөгжил,
- Нээлттэй зарчим,
- Инновацын технологийг дэмжих,
- Оролцогч улсуудын харилцан ойлголцол, хүндэтгэл, итгэлцлийг онцолжээ.
Харин Монголын хувьд их хөршийн төслөөс хүртэх гэдэг гуйврын сэтгэлгээнээсээ салж, идэвхтэй, эн тэнцүү оролцогч болох боломж нээгдэж байгаа юм.
Нэг зам, нэг бүс нь хэд хэдэн чиглэлтэй. Монголоос гадна Казахстанаар дамжин Европт хүрэх, Пакистаны нутгаар Ойрх Дорнод, Хойд Африк руу гарах, урд далайгаар Персийн булан хүртэл усан замын хөтөлбөр гэсэн чиглэлүүдийг дурдвал зохилтой.
Эдгээр чиглэл тус тусын давуу талтай боловч өөр өөрийн аюул, эрсдэлийг агуулдаг. Өнөөгийн Америк, Европ төвтэй дэлхий ертөнцөд мөнгө капитал, нөлөөллийн хүрээний төлөөх шинэ төвүүдийн тэмцэл ид хурцдаж буй үед Хятадын санаачилга улс төрөөс ангид байна гэдэг төсөөлшгүй хэрэг.
Бүх асуудлыг шийдэх түлхүүр нь эдийн засгийн хөгжил
Хуурай газрын гол чиглэлүүдийг авч үзвэл, Пакистаны чиглэлийн хувьд аюулгүй байдлын болон геополитикийн эрсдэл дагуулдаг. Долоо хоногийн өмнө Пакистаны Балужистан мужид Хятадын хоёр иргэнийг барьцаалан амийг хөнөөсөн хэрэг гарав. Исламын хэт даврагчдын энэхүү үйлдэл төслийн ирээдүйд ямар эрсдэл учирч болохыг дахин санууллаа. Нөгөө талаас бүс нутгийн их гүрэн Энэтхэг улс саяын форумд оролцсонгүй. Пакистантай газрын нутгийн маргаантай бүсээр Хятадын хөрөнгө оруулалтаар зам тавьсан нь Шинэ Делид таатай санагдаагүй бололтой Бээжингийн форумд оролцохоос татгалзсан.
Казахстанаар дамжих замыг найдвартай, техникийн хувьд хэрэгжих боломжтой талаас нь харвал давуу тал нь илэрхий. Казахстан исламын шашинтай гучаадхан жилийн өмнө тусгаар тогтнолоо олсон, нэг хүний удирдлага дор олон жилийн нүүр үзэж буй орон. Ерөнхийлөгч Назарбаевын дараагийн удирдагч хэн байх вэ, нийгэм улс төрийн байдал нь хэрхэн өөрчлөгдөх вэ, исламын хэт даврагчдын өсөн нэмэгдсээр буй нөлөөг дарж чадах уу гэх мэт олон асуулт хариултаа хүлээсэн хэвээр. Дээр нь Казахстанд хүрэхийн тулд Хятадын Шинжан Уйгурын өөртөө засах орноор дамжина. Энд исламистууд хэдийнэ үүрээ засаж, хэд хэдэн удаа Хятадыг донсолгосон халдлага гарсан боловч нам жим болсон. Өөрөөр хэлбэл, бүрэн аюулгүй бүс гэж үзэхэд хангалттай бус.
Хятадын санаачилга анх эхэлж байсан 2013 оноос хойш дэлхий ертөнцийн аюулгүй байдал, геополитикийн нөхцөл ихээхэн өөрчлөгдлөө. Өрнөдийн дэмжлэгтэй Украйны хувьсгал хуучин Зөвлөлтийн орнуудын харилцааг өөрчилсний сацуу үнэн алдартны шашинтай слав угсаатны гурван улс Орос, Украйн, Беларусьт тулгуурласан Евразийн томоохон эвсэл байгуулах Москвагийн мөрөөдөл нэг хэсэгтээ замхрав бололтой. Америкийн төрийн зүтгэлтэй Збигнев Бзежинскийн хэлснээр “Украйнгүйгээр Орос улс Евразийн их гүрэн байхаа болино” гэсэн стратеги үндсэндээ хэрэгжсэнийг өнөөгийн байдал харуулна. Иймээс гарвал нэгт Украйнтай дайсагнаж, Крымийг эрхэндээ авсны улмаас өрнөдийн хориг, НАТО-гийн хүчинд баруун талаасаа бүслэгдээд буй Орос орон дорно зүг рүү хандсан нь зүй ёсны гарц.
Дэлхийн хоёр дахь их гүрэн хэмээх өргөмжлөлийг хэдийнэ хүртээд буй Хятад улс Москваг баяртайгаар биш юмаа гэхэд өөрийн эрх ашгийн хүрээнд найрсагаар угтсан нь мэдээж. Хоёр улсын эдийн засгийн харилцаагаа түлхүү хөгжүүлэхийг тунхагласан хэдий ч улс төрийн хувьд АНУ тэргүүтэй өрнөдийн ноёрхлыг тэнцвэржүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна. Хятад улс цэвэр эдийн засгийн хөгжилдөө анхаардаг цаг үе өнгөрч, бүс нутагтаа улмаар дэлхийд нөлөөгөө өргөжүүлэх алхмуудыг хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бодлогоор дамжуулан хэрэгжүүлж буй нь нууц биш.
Гэтэл Бээжин Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлууд дээр цэргийн байгууламж барьж эхэлсний улмаас өмнөд хөршүүд ялангуяа Япон зэрэг АНУ-ын холбоотнуудтай илэрхий сөргөлдөх боллоо. Хойд Солонгосын цөмийн туршилт гэх бас нэг асуудал Бээжингийн толгойн өвчин болоод буй. Пхеньяныг бүх зүйлээр хангадаг ойрын түншийн хувьд цөмийн ба пуужингийн туршилтыг зогсооход үүрэг гүйцэтгэхийг ятгах, шахахыг хослуулан Хойд Солонгостой харилцдаг Хятадын компаниудын эсрэг хориг тавих асуудлыг Америкийн конгресс сөхөн тавьжээ. Гэхдээ иймэрхүү геополитикийн томоохон асуудал Монголд онц хамаагүй мэт санагдавч цаад талдаа таагүй нөхцөлд буй хоёр их хөрш маань манайхаар дамжуулан хамгийн аюулгүй замаар хоорондоо харилцах, дэд бүтцийн хоосон шахам орон зайг дүүргэх шийдэлд хүрэх боломжтой.
Шинэ торгоны зам, нэг зам-нэг бүс, талын зам, эдийн засгийн коридор гэх мэтээр нэр нь хувираад хөгжөөд байгаа болохоос агуулга адил төсөл ахисан юмгүй өдийг хүрлээ. Энэ талаар олон ч эрдэмтэн мэргэд, сайд дарга нар цэц уралдуулан ашиг тусыг нь магтан дуулж, өчнөөн тоо баримт гаргасан. Харин саяхан Оросын төмөр зам компани Казахстанаар бус Монголын нутгаар дамжуулан Хятадаас ачаа тээвэр хийх боломжийг судалж байгааг мэдээлжээ. Эдний тооцоогоор Монголоор дамждаг маршрут долоо хоногоор богино, 15-20 хувь хямд аж. Байгаа дэд бүтэцдээ түшиглэн бага гэлтгүй ашиг олох жижиг зүйлээс эхэлбэл том юм ярин зүгээр сууснаас дээр гэдгийг энэ жишээ харуулна.
Монголын зүгээс хэрхэн хандаж, олон жил ярьж буй эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах тал дээр аль хэр тууштай, шаргуу бодлого явуулахыг аль аль талаас харж байгаа биз. Хоёр хөршийн эрх ашиг тэнцэж, хоёулаа хамтран ажиллахад бэлэн байгаа ийм түүхэн цаг үе Монголд ховорхон тохиож байсан болов уу. Монголоос өөр гарцгүй хэмээн цээжээ дэлдэх буюу та нараас өөр авралгүй хэмээн жижигрэлгүй, гурван талын ашиг сонирхлыг тэнцүүлсэн голч бодлого баривал дипломатын асар туршлагатай, өгөө аваагаа мэддэг хоёр хөршөөс ахиухан ашиг хүртэх боломж байгаа.
30 жил ардчилал хэмээн шоудаж, тив алгасан гүйсээр ардах улс орон, эдийн засаг маань сэмэрхий даавуу шиг хэврэг болсныг ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөр гэгч гуйврын, цаг нөгцөөсөн арга хэмжээ гэрчилнэ. Улстөржиж, зээл тусламжид найдан тулхтай, тулгууртай эдийн засгийн суурь тавилгүй, дөрвөн жилээс цаашыг сэтгэх чадваргүй хүмүүс ээлжлэн тоглосны үр дүн энэ. Ардчилал гэдэг нь улс төрийн тогтолцоо болохоос бэлэн хоол, өмсөх хувцас биш гэдгийг манайхан одооноос л ойлгож байх шиг. Дэлхийн хамгийн түргэн хөгжиж буй бүсэд баян гүрнүүдтэй зэрэгцэн оршдог атлаа Монгол яахаараа ингэтлээ ядуурчихаад бадар бариад явж байдаг нь ойлгомжгүй хэмээн халаглах гаднынхан цөөнгүй.
Нэг сайдад мөнгө өгтөл маргааш өглөө нөгөөх нь солигдчихсон байхыг хүсэх зээлдүүлэгч лав байхгүй. Гадаад улс төрийн биш юм гэхэд эдийн засгийн харилцаанд залгамж чанар илт дутагдаж байна. Хоёр хөрш тогтвортой байдлыг, амлалт, хэлсэн үгэндээ эзэн байхыг манай талаас хүсээд байгаа нь нууц биш. Засгийн газар нь нэг юм хэлдэг, Ерөнхийлөгч нь өөрийг сэтгээд суудаг, төрийн түшээ нэртэй хүмүүс нь шал өөр юм хийгээд явж байдаг тогтолцоо нь нэг чиглэлтэй төсөл, хөтөлбөрийн хамгийн том саад юм. Нэг зам, нэг бүсэд манай зүгээс нэгдсэн бодлого хэрэгтэйг цаг үе шаардаад байгаа бус уу.
Ц.Улам-Ундрах
Засгийн газрын мэдээ
URL: