Наадмаар шинэ ургацын гүзээлзгэнээ хураах нь
Манай аймаг өнгөрсөн 4-р сард Хөдөө Аж Ахуйн Их Сургуультай хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ” байгуулсан. Уг санамж бичигт гадаад харилцаанд тулгуурласан газар тариаланг хөгжүүлэх чиглэлийн олон ажлуудыг тусгасан байдаг.
Тодруулбал Өмнөговь аймаг-Солонгос улсын Кёнсанбуг аймаг-Монгол улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль хоорондын гурвалсан хамтын ажиллагаанд үндэслэж Өмнөговьчуудын хүнсний ногооны 50 хувиас доошгүй хэрэглээг орон нутагтаа тариалах бодлогыг баримталж газар тариалангийн ажлыг эхлүүлээд байна.
Даланзадгад сумын төвөөс баруун хойш байрлалтай Солонгос Монголын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн талбайд 300мкв хэмжээтэй 5 хүлэмжийг барьж, ГҮЗЭЭЛЗГЭНЭ болон нарийн ногооны тариалалтыг хийж байна. Говийн хөрсөнд хамгийн хурдан ургахуйц гүзээлзгэний 2 сортыг тариалсан бөгөөд байгаль цаг уурын хэт халуунд ус чийгээ алдахгүй байх бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаагаа ХААИС-ын багш, тус төслийг хэрэгжүүлэгч Т.Насанжаргал онцолж байлаа.
Судалгаанд суурилсан, говь нутгийн хөрсөнд хамгийн хурдан ургах гүзээлзгэний сортыг тариалсан нь одоо чимсэлчихсэн ба Үндэсний их баяр наадмын үеэр эхний ургацаа хураах юм байна.
Түүнчлэн ил талбайд тарвас, амтат гуа, улаан лооль, сонгино зэргийг тариалж байна. Гадаад орны туршлагаас судалж, газар тариалалтыг хөгжүүлж чадвал тодорхой хугацааны дараа Өмнөговьчуудын хүнсний ногооны 50 хувиас доошгүй хэрэглээг орон нутагтаа тариалдаг болох бүрэн боломж байна.
URL: