ГАЛЫН ГОЛОМТОД 150 ГАРУЙ АЛБА ХААГЧ ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАСААР БАЙНА

olloo_mn_1497493607_GJ1A6837Хан-Уул дүүргийн III хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн дээвэр шатсан дуудлагаар  Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги болох 12 ангийн 150 гаруй албан хаагч, гал унтраах шуурхай албаны 31 автомашин ажиллаж байна. Галын тархалт их, барилга байгууламжийн талбай том, дээвэр нь шилэн хөвөн, хар цаас, мод гэсэн шатамхай материалаар хийгдсэн тул галын тархалт эрчимтэй явагдаж, галыг бүрэн унтраахад хүндрэлтэй байгаа аж.

Гал сөнөөгчид өчигдөр/06.14/ 20:50 цагаас хойш галыг таазнаас доош тархаахгүй,  үндсэн барилга руу оруулалгүй, бүрэн унтраахаар тасралтгүй ажилласаар байна.

Галын голомтод усны нөөцийг хангалттай хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Хот тохижилт, үйлчилгээний газрын ус тээвэрлэх нийт 12 автомашинаар болон Улаанбаатар төмөр замын сүлжээг ашиглан 68 тоннын багтаамжтай ёомкс вагонтой усыг галын голомтод ойртуулан зөөвөрлөж байна.

Говь ХХК-ийн орчмын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Төмөр замын Цагдаагийн хэлтсээс обьектыг хамгаалалтад аваад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих