Хатан туулын ирээдүй бүрхэг байх учиргүй

527-1497429036p1biipdh89gsf1k8l1qjp1oemb2k1Энэ голын бохирдлын асуудал нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахгүй болох аюул нүүрлээд байгааг бид бүх шат шатандаа олон жил ярьж асуудал дэвшүүлж, арга хэмжээ авч ирсэн гэдэг ч бодит байдал дээр дорвитой өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж амжаагүй л байна.

Их хотын иргэдийг ундны усаар хангаж байгаа Туул голын ирээдүй бүрхэг байх аваас нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ч хөндөгдөх нь лавтай. Нийслэлчүүдийн эн тэргүүнд шийдвэрлэх асуудал бол хотын усан хангамжийн ойрын ирээдүйн төлөв байдлыг тодорхойлж, урьдчилан сэргийлэх бүтээн байгуулалтын болон байгаль орчныг хамгаалах ажил гэж болно.
Өнөөдөр 1 сая 200 мянга давсан хүн амтай Улаанбаатар хотыг усаар хангадаг Туул гол хавар болохоор тасрах болсон бидэнд нэгийг сануулаад байгаа юм. Туулын бохирдлын асуудал өнөөдөр ямар хэмжээнд хүрээд байгааг олон жил шүүмжилж ирсэн. Өнөөдөр тодорхой шат дараатай шийдэж, нааштай хандлага гарч байгаа ч асуудлыг бүрэн  төгс шийдвэрлэж чадаагүй л байна.
Нийслэлчүүд, хотын үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дутуу цэвэрлэсэн бохир усаа Туул голд нийлүүлдэг зохисгүй үйлдэл гарсаар байгаа. Нийслэлийн хөрсийг гэр хорооллын нүхэн жорлон бохирдуулж улмаар гүний усанд сөргөөр нөлөөлж хор уршиг нь ямар түвшинд хүрсэнийг мэдэх аргагүй. Энэ мэтээр Туул голын бохирдол, нөөц, урсац хүртээмж нь өнөөдөр  нийслэлчүүдийн санааг зовоосон хурц асуудал хэвээр байгаа бөгөөд эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүний эрх зөрчигдсөөр байгаа нь нууц биш юм.
Энэ удаа Туул голын бохирдож байгаа асуудлыг хөндөхийг зорьсонгүй. Харин Туул гол орчмын хөрсөнд маш их эвдрэл үзүүлсээр байгаа элс, хайрга, дайрганы олборлолтын асуудлыг хөндөж байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу Шувуун фабрик орчмын элс, хайрга, дайрганы карьерын үйл ажиллагааг хууль бусаар явуулж байгаа нь энд оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг илэрхий зөрчсөөр олон жилийг үдлээ. Тус хороо нь 5672 га нутаг дэвсгэртэй, зүүн талаараа 12 дугаар хороо, хойд талаараа СХД, баруун болон урд талаараа Төв аймгийн Алтанбулаг сумтай хиллэдэг.
Туул голын дагууд түүний голдиролд өөрчлөлт үзүүлэхүйц цөм нутгийн нэг нь хайрга, дайрганы олборлолт явуулж буй тус хорооны нутаг дэвсгэр юм. Элс хайрганы карьерын асуудал нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулиар зохицуулагддаг. Уг хуулинл голын эргээс 200 метрээс дотогшоо олборлолт явуулахгүй гэж хуульд заасан байдаг ч энэ хууль хэрэгжихгүй байна.
Өнөөдөр Туул голын газар ашиглалт элс, хайрга олборлолтын асуудал яг хууль журмын дагуу явагдвал асуудал үүсэхээргүй байгаа ч  хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Үүнийг байгаль орчны системийг задалсантай холбоотой гэдгийг зарим мэргэжилтнүүд ч хэлж байна.
                          Хүний эрх зөрчигчдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсооё   
Өнгөрсөн тавдугаар сарын 22-нд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ХУД-ийн ажил байдалтай танилцах үеэр 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр очиж бодит байдалтай танилцаж, оршин суугчидтай уулзсан юм.
Одоогоос 10 гаруй жилийн өмнө хурдан морьд уралдаж, зүлэг ногоо ургасан сайхан хөндий байсан уг газар өнөөдөр ухаж сэндийлсэн, нүд хальтрам болсныг оршин суугчид нь хотын даргад учирласан юм.
Нийслэлийн Байгаль орчны газрын мэдээлснээр ХУД-т хайгуул, ашиглалтын лицензтэй 87 аж ахуйн нэгж бий. Үүний дийлэнх нь хайрганы лиценз эзэмшдэг. Эдгээрээс 43 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Энэ уулзалтын үеэр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Энэ онд бид 43 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, 13 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон. Дахин 17 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр холбогдох газарт хүргүүлсэн. Мөн 35 тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар холбогдох газарт мэдэгдээд байна.  Эдгээрээс 6 компани нөхөн сэргээлт хийсэн хэмээн албаны хүмүүс танилцуулав. Харин нутгийн оршин суугчдаас яг ямар компани нөхөн сэргээлт хийсэн, нэрийг нь хэлэхийг шаардсан. Тэрбээр, Их дэлгэрмөрөн, Элит 3 багана, Минжийн хангайн төгөл, Очир ням, Боржгоны тал гэсэн нэрсийг хэлэхэд, иргэд Боржгоны тал ямар ч нөхөн сэргээлт хийгээгүй, ганцхан “Очир ням” компани л нөхөн сэргээлт хийсэн гэв. Мөн иргэдийн зүгээс Боржгоны тал компани 5 гүний худаг гаргаж цэвэр усаар хайргаа угаадаг. Гаргасан худаг нь лаг шавар болоход дахиад л шинэ худаг гаргадаг. Тэд одоо бүр айлын хашаанд тулчихаад байна. Тус компанийн үйл ажиллагааг  2015 онд хориглосон ч одоог хүртэл ажиллаж байна хэмээн  нэгэн иргэн хэлсэн юм.
“Ил тод байдал” ТББ-ын гишүүн Г.Отгонбаатар, Бөхөнгийн гол татарч тасарсан. Шөнө дөлөөр олон компани ажилладаг. Би 9 настай хүүхдээ карьерын усан цүнхээлд алдсан хүн. Өнөөдөр бидний амьдрах орчин үнэхээр хүнд байна гэсэн бол гишүүн Б.Болд манайх замын хажууд байдаг. Энд шөнийн цагаар 100 гаруй автомашин холхиж явж байна. Үнэхээр хүнд нөхцөлд бид амьдарч байгаа гэв.
Хотын Захирагч С.Батболд, Захирамжийн биелэлт хангалттай хэрэгжихгүй байгааг харлаа. Энэ нутаг бол миний төрсөн нутаг. Энд наадмын хурдан морь эргэдэг байсан. Би долоон настайгаас л энэ газрыг мэднэ. Үнэхээр байгаль дэлхий гундсан, эмгэнэлтэй байна. Энэ нутагт дахиж сөөм газар ч ашиглуулахгүй, бүгдийг зогсооно. Нутгийн иргэд, ТББ-ууд сайн ажиллаж байна. Тэд энэ нутгийн хаана ямар үйл ажиллагаа явуулж байгааг тодорхой үзүүлсэн зургийг гаргажээ. Бид ЗЦГ, Нийслэлийн Байгаль орчны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гээд холбогдох мэргэжлийн байгуулагуудтай хамтарч үе шаттай ажиллана. Нийслэлийн Засаг даргын хувьд иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй. Туул голын хойд талд үйл ажиллагаа зогссон байна. Одоо голын урд талыг зогсооно. Мөн Төв аймагтай хил залгаа учраас  бас хамтарч шийдвэрлэнэ. Замын асуудлыг ч цэгцэлнэ. Бүгдээрээ хамтраад шат дараалсан арга хэмжээ авч шийдвэрлэх боломжтой гэж хэлсэн нь иргэдийн талархалыг хүлээсэн юм.
Эндээс хувийн дүгнэлтийг онцлон хэлэхэд, карьеруудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан ч доод, дунд шатны эрх мэдэл бүхий шийдвэр гаргагчид үүнийг ажил хэрэг болгодоггүй байдал нь ужиг өвчин мэт болсныг харуулж байна. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль бодит амьдрал дээр ийнхүү өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй иргэдийн амьдардаг газрыг нь ухсаар байгаа нь хачирхалтай. Иймд энэ нутагт нэг ч аж ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохгүй байх нь хамгийн зөв шийдвэр юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон жил Шувуун фабрик орчмын элс, хайрга, дайрганы карьерын үйл ажиллагааг хууль бусаар явуулж байгаа асуудлыг хөнддөг ч энд оршин суугчдын төдийгүй нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр л байна.
Энэ дашрамд, нэг асуудлыг хөндөж санал болгоход, Туул гол хавар болохоор тасарч байгаагийн гол шалтгаан нь нийслэлийн газрын доорх усны хэрэглээтэй холбоотой. Туул гол өвлийн ид хүйтэнд урсацгүй болох тохиолдол цөөнгүй гардаг. Өнөөдөр нийслэлчүүд өвлийн турш гүний усаа хэрэглэдэг. Харин хавар мөс, цас хайлан Туул гол урсахдаа газрынхаа гүн рүү  шургаж ордог. Үүнээс болж Хатан Туул тасрах шалтгаан болж байна. Иймд голын эх хэсэгт урсацыг нь тохируулах боомт барих шаардлага байгааг шийдвэр гаргах түвшинд танилцуулдаг ч өнөөг хүртэл хөрөнгө мөнгөн дээр очоод гацдаг. Хэрэв энэ асуудлыг шийдвэл Туул гол үерлэсэн үед нь ус хуримтлуулж аваад хэрэгтэй үед нь урсгадаг нөхцөл бүрдэх юм.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих