УУЛЫН ЗАМД “СУУРЬШИГЧИД” ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ

olloo_mn_1497319801_p1912cpra2k6b4d66k9f6r2unoИх хотын завгүй иргэд зун цаг ирэхтэй зэрэгцэн гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт аялал зугаалганд явах нь их. Тэр бүү хэл зарим нэг нь холын замд гарч ядрахгүй гэх шалтгаанаар хотоос холгүйхэн голын зах бараадаж, сууцгаах болжээ. Яах вэ, агаар салхинд гарч болно. Тэртээ тэргүй өвөлжин бохир агаараар амьсгалдагаас хойш зуны гурван сардаа ч болтугай цэвэр агаар амьсгалж суухад буруудах зүйл үгүй.

Гэхдээ зөв газраа суувал яасан юм бэ. Сүүлийн хэдэн жил Баянзүрхийн товчооны гүүрэн доогуур урсах Туул голыг бараадан агаар, салхинд гарах иргэдийн цуваа тасралтгүй үргэлжилсэн. Түүний ул мөр нь ч тодоос тод үлдсэн гэхэд болно.  Туул гол илт татарч, ойр орчим нь хогонд даруулж буй. Жил бүр гадаадын болон дотоодын сайн дурын идэвхтнүүд Туул голыг аврах зорилгоор ойр орчмынх нь хогийг цэвэрлээд ч дийлдэхгүй байгаа нь бидний нүдэнд илхэн. Ус нь татарч, эрэг орчим нь хогонд дарагдсан болохоор ч тэр үү улс амьтан тийшээ чиглэх нь багасав.

Харин энэхүү урт гэгч цуваа Богд уулын замыг чиглэсэн бололтой. Тодруулбал, Нисэх-Яармагаас Богд уулын араар хөвөөлөн Баянзүрхийн товчоо хүртэл үргэлжилдэг 17.1 км авто замын хажуугаар урсах Туул голын хөндийг бараадан “суурьшицгааж” байна. Их цувааг дагасан майхан сав, машин тэрэг ч олон. Түүнээс гадна хүн ихтэй газар байрших гэсэн “шорлог”, “хорхог”, “ундаа” зэрэг жижиглэн бүтээгдэхүүн зардаг иргэд ч салахаа болилоо.

Мэдээж хүн их цугларсан газрын ойр орчим бохирдох нь тодорхой. Түүнээс гадна зориулалтын бус газар хэт олноороо очиж байрласнаас болж осол, аваар ч дийлдэхээ больсон байх юм. Уг нь Богд уулын арын замыг хотын төвийн түгжрэлийг 30-аас багагүй хувиар бууруулах, иргэдийн цаг, мөнгийг ихээхэн хэмнэх, аялал жуулчлалын улиралд зочид гийчдийг түгжрэлгүй зорчуулах зорилготойгоор тавьсан юм билээ.

Дээрээс нь уулын зам учраас огцом эргэлт ихтэй. Мөн анхнаасаа зам дагуу үйлчилгээний газар төлөвлөөгүй болохоор нарийнхан замтай. Туул голд амрахаар ирсэн иргэдэд зориулсан машины зогсоол ч байхгүй. Замдаа шорлог, ундаа авах гэсэн иргэд замын хажуу руу машинаа оруулж тавьснаас болж зам тээврийн осол гарах нэг шалтгаан болжээ. Арга ч үгүй биз. Давчуухан зайнд хүмүүс амарч, худалдаа үйлчилгээ явагдаж байна шүү дээ. Аялал, зугаалганд явж болно, гэхдээ өөрсдийгөө эрсдэлд оруулах шаардлага байна уу.

Заавал амь насаа эрсдэлд оруулан зориулалтын бус газар очих ч хэрэг алга, Монголд амрах газар мундсан биш. Нөгөөтэйгүүр хууль, хяналтын байгууллагынхан ч тэнд алга. Хэтрүүлэгтэй ярьсан хүнд өглөөгүүр тав алхаад л машин зогсоож харагддаг замын цагдаа нарын бараа ч алга байна билээ. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр уулын замд чимээгүйхэн “суурьшигчид” хэрээс хэтэрлээ, хууль хяналтынхан минь. Осол, аваарь гарахаар нь л дуудлагын дагуу очдог улиг болсон зуршлаас салж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авбал дээрсэн.

Тэртээ тэргүй түгжрэл ихтэй хотын төвд чинь түгжрэлийг улам түгждэг олон цагдаагийн хэрэг ч алга. Заримыг нь ч болтугай Богд уулын арын замд ажиллуулаач. Тэгэхгүй бол тэр хавиар урсан өнгөрөх Туул голын сав газар  Баянзүрхийн товчооны түүхийг давтах нь. Түүнээс гадна өдөр бүр нийслэлийн Замын цагдаагийн албанд ирэх осол, аваарийн дуудлагын тоог улам л нэмэгдүүлэх нь байна шүү. Ер нь аливаа зүйлийг зориулалтынх нь дагуу л ашиглавал сайнсан.

Монголын мэдээ
Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих