Ширэнгэ ой, голтой агуй
Вьетнамын Куан Бин муж дахь Пхонг Нха-Ке Банг дархан цаазат газарт газар дор нуугдсан Ханг Сон Донг хэмээх агуй байдаг. 1991 онд анх олж мэдээд, 2009 онд анхны судалгаа шинжилгээг хийсэн энэ агуйг дэлхийн хамгийн том агуй хэмээн үздэг билээ. 2009 онд хэсэг эрдэмтэн, судлаачид уг агуй руу нэвтрэн ороход битүү ногоон давхарга, ой модтой байсан нь бүгдийг гайхан бишрэхэд хүргэсэн юм.
Ханг Сон Донг агуйн нийт урт есөн км. Газар доорх гол, гайхалтай ногоон бүрхүүл, өтгөн ой, мод буттай. Тус агуйд нарны гэрэл тусдаг хоёр том хөндий байгаа нь ийнхүү олон гайхамшиг бүрэлдэхэд хүргэсэн хэмээн эрдэмтэд үзэж байна.
Британийн агуй судлалын холбоо, дараа нь National Geographic-ийн Газар зүйн судлалын багийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар, Ханг Сон Донг агуйн хамгийн том хөндий нь таван км урт, 200 метр өндөр, 150 метр өргөнтэй болох нь харагджээ. Судалгааны үеэр таазнаас унжиж тогтсон 70 метр гаруй урт тогтоцууд нэлээд хэд олджээ. Гэрэл зурагчин Райан Дебод дрон болон мэргэжлийн аппаратны тусламжтайгаар агуйн зураг, бичлэгийг хийсэн нь дэлхийн хэвлэл мэдээллийн гол тренд болж байна. Энэ бичлэгийг Vimeo сайтаас Hang Son Doong Moumtain river cave хэмээн хайлт хийж үзэж болох ажээ.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: