Цагдаагийн албан хаагчдад ял оноов
Цагдаагийн албан хаагч К.Монголхүү, О.Нямдэлгэр нар нь гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд хүлээгээгүй бөгөөд энэ хэргийн талаар news.mn вэб сайтад худал ташаа мэдээлэл өгч байжээ. Эдгээр хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг Улсын Дээд Шүүх хянан тогтоосон байна. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан хаагч К.Монголхүү, О.Нямдэлгэр нар нь бүлэглэн 2009 оны долдугаар сарын 4-ний шөнө иргэн Г.Вандандоржийг “Жаахан хүүхэд байж архи уулаа, хэнтэй ууж хэнтэй зодолдсон” гэх зэргээр түүний толгой, нүүр цээж рүү нь цохин өшиглөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулжээ.
Уг хэрэгт хяналтын прокурор И.Энхтуяа хуульд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Тус дүүргийн шүүх уг хэргийг энэ оны гуравдугаар сарын 9-ний өдөр хэлэлцээд О.Нямдэлгэр. К.Монголхүү нарыг бүлэглэж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, тус бүрийг дөрвөн сар баривчлах ял оногдуулсан аж.
Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүх ялтан нарын болоод хохирогчийн гомдлоор О.Нямдэлгэр, К.Монголхүү нарт холбогдох хэргийг дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хэлэлцээд “…Хохирогч Г.Вандандорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулан тогтоолын бусад заалтыг хэвээр баталжээ. Мөн оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдаанаар ялтан нарын болон хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор уг хэргийг хянан хэлэлцээд цагдаагийн албан хаагч К.Монголхүү, О.Нямдэлгэр нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүх хуульд заасан ял оногдуулсан ба мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн байна.
URL: