“Хүннү Ресурс”-ийн захирал Т.Лхагвадорж австраличуудтай нийлж монголчуудаа луйварджээ

Ичиж амьдар гэж зарим хүмүүст хэлэхэд ч багадахаар байна. Тухайлбал “Хүннү Ресурс” хэмээх компанийн үүс­гэн байгуулагч Төмөрийн Лхагвадоржид энэ үгийг зориулж хэлье. Америк нэр нь George Tumur гэх энэхүү нө­хөр австралчуудтай ний­лээд мон­гол­чуудаа за­лилж, луй­вардах үйл ажил­лагаанд гол­лох үүрэгтэйгээр оролц­жээ. Өд­гөө “Хүннү Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захир­лаар ажиллаж буй  George Tumur буюу Т.Лхагвадорж нь авст­рали эр Матью Вүүдтэй нийлж “Говь хурах” ком­панийн эзэмшлийн 676 сая тоннын нөөцтэй “Үнст худаг” нүүрсний ордын лицензийг нэг ёсондоо дээрэмдсэн аж. Мэдээж дээрэмдлээ гэж хэлээд дээрэмдэхгүй шүү дээ. Асуудал ийнхүү эхэлжээ.
“Хүннү Ресурс” ХХК-ийн захирал Т.Лхагвадорж нь Говь Хурах ХХК-д анх “Бид та бүхэнтэй хамтарч ажил­лая. Хэрвээ та нар бидэн­тэй хамтарвал Үнст худаг уурхайгаас нүүрсийг үлэмж их хэмжээгээр олборлож, экс­портолно” гэж итгүүлсэн бай­на. Угаасаа ч үйл ажил­лагаа явуулж байсан Говь Хурах компанийн удирд­лага Т.Лхагвадоржид ит­гээд хятадуудтай хамтран ажил­лах гэж байсан гэрээгээ цуцлан байж “Хүннү Ресурс” компанийг сонгожээ. Харин Т.Лхагвадоржийн хувьд Говь Хурах ХХК-ийн Үнст худаг дахь хүрэн нүүрсний олбор­лолт, ашиглалтын бүхий л үйл ажиллагааг өөрт таатай байдлаар шийд­вэр­лүүлсэн байна. Гэсэн ч Т.Лхагвадорж удалгүй өөрийн хамтрагч болох Авст­рали улсын “Хүннү коул Лимитэд” компанийн үүсгэн бай­гуулагч Матью Вүүд гэгч этгээдийн дэмжлэгтэйгээр нэгэнт ашиглалтын лиценз­тэй, үйл ажиллагаа нь тогт­ворж­сон уг уурхайн нэр хүнд, үнэлэмжийг ашиглан Австрали улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа босгосон аж. Ийнхүү асар их нөөцтэй гэдэг нь сүүлийн үеийн “Jorc” стандартаар хэдийнэ батлагд­сан Говь Хурах компанийн мэдлийн уурхайн хувьцаа өдөр, сараар өсч эхэлмэгц Т.Лхагвадорж, Матью Вүүд нар Тайландын  “Banpu Public Co Ltd”-д зарчихжээ. Ингэж “Хүннү Ресурс” ХХК-ийн захирал Т.Лхаг­вадорж Говь Хурах ком­панийг хулхидах ал­хамаа хийсэн байна.
Үүнээс гадна Т.Лхаг­вадорж нар хамтарсан ком­панийн хөрөнгө болох “Хар тойром”, “Хар тойром-1”, Үнст худаг талбайнуудыг барьцаалан үнэт цаас гаргаж худалдаалахдаа Монгол талын хамтрагчдаа юу ч дуулгаагүй байна. Тийнхүү гадны зах зээл дээр “тоглолт” хийж байхдаа Таиландын  нүүрсний магнат компани “Banpu Public Co Ltd”-д хамтарсан компанийн өмчийг худал­дах гэрээг нууцаар хийсэн талаар Говь Хурах компанийн удирдлага хэлж байна лээ. Т.Лхагвадорж тэргүүтнүүд хувьцаа гаргах болон хөрөнгөө худалдах талаар монгол хамтрагчдаа огт дуулгаагүй төдийгүй өнөөд­рийг хүртэл уулзахгүй зугтаж байгаа нь цэвэр луйвар, дээрмийн шинжтэй хэрэг биш гэж үү.
Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан Үнст худаг ордоо хэдийнэ алдсанаа Говь Хурах ком­панийнхан хэвлэл мэдээл­лийн хэрэгсэл, цахим шуу­дангаас л олж мэджээ. Тэд Т.Лхагвадоржтой уулзах үйлдлийг олонтаа хийсэн гэнэ. Харин Т.Лхагвадорж хулхидсан хамтрагчидтайгаа яалаа гэж уулзах билээ, зугтаах, зайлсхийх оролд­лого хийсээр иржээ. Бүр байгууллагынхаа үүдээр дүүрэн харуул хамгаалалтын ажилтнууд зогсоох болсон аж. Бидний хувьд ч “Хүннү Ресурс” компани дээр очиход гадны хүн оруулах нь бит­гий хэл хоёр, гурван хамгаалалтын ажилтнаар үүдээ мануулсан байх юм.
Монгол хүн монгол хүнээ хулхидаж, дээрэмдэж болдог юм байж, харин хэдий хүртэл бусдаас нуугдаж, зугтаж явах бол гэдэг асуудал нэн сонин. Нүгэл нүдээрээ гарна, шунал ихэдвэл шулам болно гээд л манайхан ярьдаг, юутай үнэн үг вэ.
Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Хүннү коал” компани Үнст худаг, Цант-Уул, Алтайн нүүрс гэсэн ордуудыг эзэмшдэг тухайгаа дэлхийгээр нэг зар­ласан билээ. Тэдний Говь Хурахаас хулхидаж авсан гэх Үнст худаг уурхай хам­гийн их нөөцтэй, хамгийн том орд нь. Энэ уурхай Улаанбаатараас 360 км-ийн зайд орших Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрладаг, 676 сая тонн нүүрсний нөөцтэй.
Уг компанийн өөр нэг төсөл нь Цант-Уулын нүүрс­ний орд. 167 сая тонн сайн чанарын нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон энэхүү орд Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд оршдог аж. Тэд Цант Уулын нүүрсний ордоо ашиг­лалтад оруулахаар хэдийнэ ажиллаж эхэлжээ. Өчигдөр биднийг Т.Лхагвадоржийн “оффис”-т очиход Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд байрлах Цант-Уулын төсөлд ажиллах хүмүүсийг бүрт­гэж, заримтай нь уул­заж байна лээ. Тэгвэл Таван толгойн ордоос 45 км-ийн зайд орших энэхүү ордыг ашиглах гэж яарах хэрэг байна уу гэж тухайн үед бодогдов. Хажууханд нь Таван­толгой гэх нүсэр том төсөл хэрэгжиж байхад Цант-Уул хэмээх бяцхан ордыг үр хойчдоо үлдээсэн нь дээр биш гэж үү.
Алтайн нүүрсний ордын тухайд нөөц нь одоогоор нарийвчлан тогтоогдоогүй бөгөөд ойролцоогоор 250-500 сая тоннын нөөцтэй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Хэдийгээр ийм их нөөцтэй ордууд эзэмшиж байгаа ч “Хүннү Коал”-ынхан компаниа бүхэлд нь ху­далдах төлөвлөгөөг хэрэг­жүүлж эхэлсэн нь их мөнгө­тэй холбоотой биз. Таиландын нүүрс болон эрчим хүчний салбарын тэр­гүүлэгч компани “Banpu Public Co Ltd” их хэмжээний мөнгө амласан болохоор Говь Хурахыг хуурах арга заль хэрэглэснийг үгүйс­гэхгүй.
Тиймээс “Билэгт хайрхан уул” ХХК-ийн гэрээ, дүрмийг хүчин­гүйд тооцуулах, хам­тарсан “Билэгт хайрхан уул” ХХК-д шилжүүлсэн ашигт малтмалын гурван газрын лизензүүдийн анхны эзэмшигч болох Говь Хурах компанид буцаан шил­жүүлэх хүсэлтийг Арбитрын шүүхэд өгөөд байгаа гэнэ. Говь Хурах ком­панийнхан энэ тухайгаа “Хүннү коул Лимитэд” болон Таиландын “Banpu Public Co Ltd”-д бичгээр мэдэгджээ. Тэгэхээр шүүх энэхүү ноцтой асуудлыг шударгаар шүүж, монголчуудын талд асуудлыг шийднэ гэдэгт итгэж байна.  “Хүннү коул Лимитэд” компани өдгөө 11 орд газар эзэмшдэг. Үүний гурван лиценз буюу Үнст худагийн анхны эзэмшигч нь Говь Хурах компани юм. Тиймээс Говь Хурах компани шиг улайм цайм дээрэмдүүлсэн уул уурхайн компани олон бий. Тэгээд ч Матью Вүүд хэмээх австрали эрийг Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гарган, төслийн санхүүжилт босгохдоо гаргууд нэгэн гэж ярьдаг юм билээ. Нэг ёсондоо энэ салбараар дагнасан Матью Вүүд гэх эрхэм мон­гол­чуудын уул уурхайн турш­­лагагүй, дөнгөж анхны мэдэгдэхүүнтэйг далим­дуулаад ашиглаж байж магадгүй гэсэн хар төрж байна. Түүний талаарх мэ­дээлэл, зураг нь интернетэд бай­даг­гүйгээс үзвэл тэрбээр ихэд нууц нэгэн бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих