Тэрбум ам.доллар босгосон улстөрч

10057

“Хэн нь хэн бэ” булан мааь Монгол төрийн түшээдийн хэн нь хэн бэ, өмнө  нь хэн байв, одоо хэн болсон, юу хийж байна, сонгогчдынхоо итгэл найдварыг дааж чадах  түшээ мөн үү гэдгийг тольдон уншигчиддаа хүргэж  байгаа билээ.  Өмнөх  дугаартаа   УИХ-ын  1-12 тойргийн гишүүдийг онцолж, нэр дэвшигчдийн намтар цаашлаад төр түших ажлаа хэр хийж буй талаар  нь өгүүлсэн. Тэгвэл энэ удаагийн дугаарт, УИХ-ын 14 дүгээр  тойрог болох  Дорноговь  аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн  Борхүүгийн Дэлгэрсайханыг   онцолж байна.   Ирэх долоо хоногийн  дугаартаа Дархан-Уул аймгийн түшээ   Г.  Жавхлан   таныг онцлох болно.

“Болдтөмөр Ерөө гол”-ын Б.Дэлгэрсайхан

Саяхныг хүртэл түүнийг ингэж л нэрлэдэг байлаа, ард түмэн. Амжилтад нь атаархсан зарим нь  “Уулыг ууталж хөлжсөн нөхөр” гэж ирээд л гоочилж, заримдаа нүд үзүүрлэдэг  байлаа.  Үнэндээ ч  эдүгээ “Эрт урьдын цагт бус энэ зууны эхээр  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт,,,, “хэмээн  үлгэрт домог болж  үлдсэн  төмрийн хүдрийн  орд  бүхий хүглийн харагдах Минжийн хайрханы салбар уулсын нэгийг  шороо болгон ууталж орхисон гэм түүнд бий.

Гэхдээ олон зуун хүнийг тэжээж, тэдний ар амьдралыг  авч  явахын  сацуу улсад  маш их хэмжээний татвар төлж яваа  бизнесмен, нийгмийн сайн сайхны төлөө,  төрж өссөн Дорноговь аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд санаа тавин  харамгүйгээр хөрөнгө оруулж,  тойргийнхоо сонгогчдод ямагт ойр байдгийг нь бодохоор  бүх гэмийг нь өршөөж болохоор. Шулуухан хэлэхэд, алдаа оноог нь ард түмэн  байнга дэнсэлж байдаг төрийн түшээг уншигч авгай танд танилцуулъя.

Хэний тухай өгүүлэх гэж байгааг минь ч гадарласан буй за.  Хөрөнгө бэлийн чадал тэнхээгээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан  айргийн тавд багтдаг юм билээ. Хувьдаа төмөр замтай  гээд бодохоор  түүний хөрөнгө хэдэн тэрбум, ам доллароор хэмжигдэж таарна.  Сэлэнгийн Ерөө суманд байх 110 сая тоннын нөөцтэй төмрийн хүдрийн орд  түүнийх. Мөн  олборлосон төмрийн хүдрийг нь зөөх  115 дэлгэмэл  төмөр зам нь эрхэм түшээгийн хувийн өмч.

Дэлхийд хувьдаа төмөр замтай тэрбумтан хэд ч байдаг юм, бүү мэд. Манайдаа л анхдагч нь юмдаг.  Тэрхүү зам дээгүүр 84 сая ам.долларын өртөг  бүхий  20 ширхэг зүтгүүр, 270 сая ам.долларын 3000 ширхэг вагон өглөө, үдэшгүй  хүдэр тээвэрлэдгийг  нэмэх хэрэгтэй. Бас  бусдын хүдэр ачсан  вагоныг араасаа чирдгийг мартаж болохгүй. Тэр нь мэдээж үнэгүй биш. Заримдаа ачааны чингэлгээ  түрээслүүлдэг гэж дуулдсан.  Ингээд бодохоор ойгүй баян хүн болж таарч байгаа юм.  Гэхдээ дотоод сэтгэл нь байгаа хөрөнгө шигээ талбиун биш гэж гоочлох улс захаас аван таарах нь тиймхэн. 

Энэ нь түүний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн ”тансаглалаа хэмнэе” гэх  “шүүлтүүргүй” үгээс үүдэлтэй. Алдаа гаргадаггүй, алддаггүй  хүн гэж үгүй.  Хамгийн гол нь алдаагаа олж хардаг, түүнийгээ  засч чаддаг байх явдал. Мань хүн  алдаагаа ухамсарлан уу яасан,   эдийн засгийн хямралыг  даван туулахад дэм болох үүднээс хувиасаа  100 сая төгрөг хандивлаж байсныг та бүхэн мартаагүй болов уу.  Баярласан ард түмний  зарим нь “Ядрах цагт хүний хүн чанар танигддаг” гэдэг хэмээн  талархсан  сэтгэлээ илэрхийлж байлаа.

Ингэхэд, Б.Дэлгэрсайхан гэж хэн юм бэ.  Түүний намтартаа өгүүлснээр, тэрбээр Дорноговь аймгийн уугуул нэгэн агаад  аймгийнхаа  арван жилийн нэгдүгээр  дунд сургуулийг 1982 онд, НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг  /одоогийн Хууль сахиулах их сургууль/ хуульч мэргэжлээр 1987 онд тус тус дүүргэжээ.  Ажил амьдралынхаа гарааг мөн л төрөлх нутгаасаа эхлүүлж, 1987-1989 онд  Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч , 1989-1992 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, тасгийн даргаар ажиллаж байгаад хувийн хэвшил рүү шилжсэн  гэж дурджээ.

Тэрбум ам.доллар босгосон улстөрч  

Оффшор гээч гайтай зүйлийн талаар чих дэлсэхэд мань хүний нэр тэр дунд цохиж явсан.  Өндөр ашиг олохын хэрээр улсад төлөх татварын хэмжээ ихэсдэг юм хойно яалтай. Үүнээс нуугдах арга зам нь оффшор бүст данс нээх асуудал байсан байж мэднэ хэмээн таамаглаж байсан ч өөрийнх нь хийсэн тайлбараар Төмөр зам байгуулах төслийг нь санхүүжүүлэх банк Монголоос олоогүй тул арга буюу гадны  банкны  тавьсан шаардлагын дагуу хилийн чанадад данс нээн санхүүгийн дэмжлэг авсан юм гэнэ лээ.    Б.Дэлгэрсайханыг юуны учир  оффшорт данстай болсон тухайд  өнөөдрийг хүртэл хэн ч түүнээс асуугаагүй.  Өөрөө ч нэрээ цэвэрлэх  гэж гүйгээгүй. Хүнийх нь зан тийм бололтойдог.

Нөгөөтэйгүүр,  бизнес эрхэлж байгаа болон  дөнгөж  хөл тавьж байгаа  залуучуудад  юу юунаас илүүтэй түүний   бизнест гаргасан   амжилт  сонин байх нь дамжиггүй. Алдаа оноо  нь ч тэр.   УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг  нь 1993 оноос  тасралтгүй  бизнесийн салбарт хүч сорьж явааг  хэн хүнгүй мэддэг болсон.   Энэ эрхэмд   бусдын адил төрийн албанаас завсарлага авч ганзагын наймаанд шогшиж явсан  үе  бий.

Гагцхүү тийн шогшиж явахдаа  алсын хараатай хөдөлж чадсаны үр дүнг тэр эдүгээ эдэлж яваа.  Үүнийг нь ашиггүй хэмээн үйл ажиллагаа нь тасалдахад хүрээд байсан  аймгийнхаа мах, хүнсний үйлдвэрийг хувьчилж, хөл дээр нь босгосон түүх гэрчилнэ.  Эдүгээ Дорноговь аймгийн хөгжил цэцэглэлтэд  түүний  байгуулсан, “Чандмань”ХХК,  “Дорнын говь”ХХК-ийн  хувь нэмэр их бий гэдгийг төрөлх нутгийнхан нь баталдаг. 

Уул уурхайн салбарт ч хөл тавиад алдаагүй.  “Болд төмөр Ерөө гол” ХХК-иар дамжуулан Монгол Улс төмрийн хүдрийн зах зээлийн тодорхой хувийг хангах үүрэг хүлээсэн. Олсон ашгаа Монголдоо авч үлдэхийн төлөө түүний хийсэн зүйл бол дээр дурдсан төмөр замыг ашиглалтад оруулсан явдал.  Тодруулбал, хувийн хэвшлийнхнээс хувийн төмөр замтай болсон цорын ганц  бизнесмэн бол Б.Дэлгэрсайхан. Эл амжилт түүнд хялбар ирээгүй. Монголын баялгийг түүхийгээр нь Хятад руу гаргаж хөлжсөн  нөхөр гэх хэл ам мөнхөд түүнийг дагадаг.   Тэгсэн мөртлөө  нутаг усныхаа хөгжил цэцэглэлтэд оруулж буй хөрөнгө оруулалтынх нь талаар нэг ч үг дуугардаггүй.   Харин тэр босгосоор, сүндэрлүүлсээр.

Дорнын говийн “хөрөнгө оруулагч”

Итгэл хүлээлгэж, төрд илгээсэн нутаг усныхан нь түүнд ам сайтай.  Төрж өссөн Сайншанд хот нь нүдэн дээр өнгө зүс нэмж байхад баярлахгүй хэн байх билээ.  Тэрбээр сүүлийн найман жилийн дотор асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг Дорноговь аймагт хийсэн байдаг.  Хувийнхаа хөрөнгөөр эмнэлэг,  50 хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль зэргийг  барьж ашиглалтад оруулсныг дорноговьчууд “Манай Дэлгэрсайхан гишүүний хөрөнгө оруулалт” хэмээн бахархах.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хувьд олон жил тойргоо усалж буй нэгэн. Улстөрч болоогүй байхдаа ч додомдсон нэгэн. Түүнийг  шинэ гишүүдийн тоонд багтаадаг  ч төрийн алба хийгээд бизнест хуримтлуулсан туршлагаараа  бусдыг хол хаяна уу  гэхээс хоцрохгүй.  Боломж л гарвал тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзаж, тэднийхээ үгийг сонсдог талаар  захын хүн хэлнэ.  

Дорноговь  аймгийн хөгжил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, хөдөө аж ахуй, малчдын амьдрал ахуйг өөд татах, тэр тусмаа хөгжлийн гарцаа хэмээн тодорхойлж буй   Улаанбаатар- Хамарын хийд чиглэлийн дотоодын  аялал жуулчлалыг бүрэн утгаар нь хөгжүүлж байгааг та бид бэлхэнээ мэдэж байгаа.  Эрхэм гишүүн  өнгөрсөн  амралтын өдрүүдэд ч тойрог руугаа сүнгэнэж, эхлүүлсэн, шавийг нь тавьсан барилгуудаа  эргэн, ажлынх нь явцтай танилцаад ирсэн  байх жишээний.  Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд нийтдээ 50 гаруй хоног   аймагтаа ажиллажээ,  Энэ нь  УИХ-ын гишүүний хувьд тойргоо хамгийн их “усалдагтай”  салшгүй холбоотой биз ээ.

Бүхэл бүтэн нэг аймгийг УИХ-д ганцаараа төлөөлнө гэдэг амаргүй. Нэг талаар талцаж хуваагдалгүйгээр  шийдвэрээ өөрөө гаргадаг нь  хурдтай  ажиллах давуу тал болж  мэдэх ч  нөгөө талаар хөрөнгө санхүү дутмаг энэ цаг үед, хамтдаа зүтгэж, харилцан ярилцдаг,  улстөрчдийн дэмжихгүй асуудлыг дэм дэмэндээ зүтгүүлэх хамтрагчгүй байх нь  тиймхэн юм уу.   Тэрбээр  төрөлх нутгаа хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах талаар чамгүй ажил хийсэн байна. Тухайлбал, нутагт нь үйл ажиллагаа эрхэлдэг  уул уурхайн компаниудыг цуглуулан “Хариуцлагатай уул уурхай-хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулсан нь үр дүнгээ өгч тэдний байгуулсан “Их хөгжил” сангийн хөрөнгөөр нийгэмд үйлчлэх  хэд хэдэн барилгыг санхүүжүүлж эхэлжээ.  Аймгийн төвүүдээс анх удаа 4Dкино театртай болох зорилт түүнийх.

Зураг төсөл нь бэлэн, шав нь ч тавигдсан байна лээ.   “Алтан говь” худалдааны гудамжийг тохижуулах асуудлыг  ажил хэрэг болгожээ.  Одоо лав  бүтээн байгуулалтын ажил нь эхэлсэн байх. Түүнчлэн Сайншанд Зүүнбаян- Ханги Мандалын хилийн боомт хүрэх шинэ төмөр зам тавих асуудал ч түүний санаачилга. Мандах-Хатанбулаг сумдыг байнгын эрчим хүчинд холбох асуудал эдүгээ шийдэгдсэн. Айраг сумын барилгуудыг  төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох асуудлыг энэ зун багтаан эхлүүлнэ гэж байсан.

Үүнээс гадна 1000 айлын “Мандах наран” цогц хорооллыг ашиглалтад оруулах асуудалд  санаа тавьсны үр дүнд  812 айлыг шинэ орон сууцанд  нүүн орох юм.  Мөн Замын-Үүд хилийн боомтыг эдийн засгийн чөлөөт бүс болгох  асуудал олон жил яригдсан ч биелэлээ олоогүй. Харин эдүгээ түүнийг ажил хэрэг болгохоор зүтгэж УИХ, Засгийн газрын төвшинд   шийдвэрлүүлэхээр саналаа хүргүүлсэн  гэж дуулдсан.  Б. Дэлгэрсайхан төрийн түшээгийн хувьд санаачлагатай гишүүдийн тоонд багтдаг. Хэд хэдэн хуулийн төслийг боловсруулах  ажлын хэсэгт ажилласны зэрэгцээ тухайн үед нь шийдвэл зохих олон асуудалд хамгийн зөв хувилбарыг санал болгох нь бий.

Энэ бүхэн түүнийг хэн болохыг уншигч танд  хэлээд өгөх биз ээ.  Нам улс төрийн эрх ашгаар биш улсын хөгжил, үгүй ядахдаа аймаг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө 76 гишүүн маань  энэ мэт  сэтгэл зүрх гаргаад ажиллаасай. Хууль боловсруулах, төрд төлөөлөх ажлаа нэр төртэй хийнэ гэдэг ямар ч магтаалаас илүү сайхан зүйл. Тойргийнхоо иргэдтэй уулзах нүүртэй, хийсэн ажилтай, хэлэх үгтэй байна гэдэг хамгийн чухал. Энэ үүргээ хангалттай биелүүлж яваа гишүүдийн нэгээр   Б.Дэлгэрсайхан тодрох нь гарцаагүй.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ


URL:

Нэр: Зочин Огноо: 9 June 2017

Б.Дэлгэрсайхан гишүүн: Ерөөгөөс гарагсан хэдэн мянган тонн төмөрийн хүдэрийнхээ нэгхэн хувийг Дорнын говьд хөрөнгө оруулалт хийсэн чинь \Юм үзээгүй юм болхоор\ нутгийнхан их л баярлаж байна лээ гэж бичихгүй яасан юм…

Сэтгэгдэл бичих