Засаг дарга Э.Цасчихэр хийгээд цадиггүй албан тушаалтнууд

Увс аймгийн дарга нар

-УВСЫН ДАРГА ДӨРВӨН ТӨСВИЙН ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ҮРЭН ТАРАН ХИЙЖЭЭ-

Аймгийн Засаг даргын жолоо цулбуурыг атгаж байх ёстой хүмүүс бол ИТХ-ын тэргүүлэгчид байдаг. Хөдөө орон нутагт эсрэгээрээ Засаг дарга нь бүхний дээд талд заларч ИТХ-аа удирдаж хяналтаа тогтоосон байдаг юм билээ. “Барс мэт ноёныг чоно мэт түшмэл дагана” гэгчээр Увс аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан гэж унадаггүй, нугардаггүй нөхөр бий. Улаангом сумын ЗДТГ-ынхаа төсвийг барьцаалж байгаад арилжааны банкнаас зээл авчихсан байдаг юм. Даргынх нь компани банкнаас зээл авчихсан учир Тамгын газрын ажилчид бүтэн зургаан сар цалингүй гүрийцгээсэн гэнэ.

Засгийн газраас “Атрын III аян”-ы хүрээнд Увс аймагт 200 сая төгрөгийн зээл олгоход  Д.Батсайхан даргын “Гурил Увс” хувьцаат компани авчээ. Одоо хүртэл төлөгдөөгүй байгаа юм. Тэгэхдээ ХХААХҮЯ-тай хуурамч гэрээ бүрдүүлж, хууран мэхлэх замаар зээл авсныг шүүх тогтоосон гэнэ. Гэвч одоо хүртэл зээлээ төлөлгүй явсаар байгаа юм билээ.

Авлигатай тэмцэх газраас ИТХ-ын дарга Д.Батсайханыг хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу бөглөсөн хэмээн буруутгасан аж. Мань даргын “мартаж” орхисон хөрөнгө гэвэл дөрвөн давхар 3147 м.кв талбайтай барилга,  цехийн зориулалттай 400 м.кв талбайтай барилга, өвлийн конторын зориулалттай 80 м.кв талбайтай барилга, 875 м.кв гахайн байр, сэлбэгийн агуулахын зориулалттай 600 м.кв талбайтай барилга, 240 м.кв талбайтай уурын зуухны барилга, 3000 ширхэг чацарганы суулгац бүхий хоёр гүний худаг, засварын цех, улаанбулангийн зориулалттай 450 м.кв талбайтай барилга, 30 мянган ширхэг хувьцаа гэх мэт.

Нэг аймгийн ИТХ-ын дарга ийм хэмжээний хөрөнгө мартаж байна. Хууль бус аргаар олж авсан болохоор мартсан болов уу. Авлигатай тэмцэх газраас ИТХ-ын дарга Д.Батсайханыг хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатайгаар худал мэдүүлсэн хэргээр огцруулах арга хэмжээ авахыг удаа дараа шаардаж байжээ. Ер нь хууль зөрчсөн, хулгай хийсэн, авлига авсан Засаг даргыг огцруулах шаардлагыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд хүргүүлдэг. Харамсалтай нь “Нэг тэрэгний өрөөсөн дугуй” болсон ИТХ-ын төлөөлөгчид “Огцруулах шаардлагагүй” гэсэн шийдвэрийг гаргадаг аж. Зарим нь бүр хэлэлцэхгүй байсаар он жилүүдийг барж байгаа бололтой.

САЙДЫН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ МАЛЖУУЛАХ ТӨСЛӨӨС ШОМБОДЖЭЭ

Аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийг тойрон хүрээлсэн нөхдүүд л мөнгө хийдэг гэхэд болно. Тухайлбал Засгийн газрын  “Зудны улмаас малгүй болсон иргэдийг малжуулах төсөл”-ийн хүрээнд эхний ээлжинд 147 сая төгрөгийн мал тараахаар болсон байна. Нэг малчинд 1,180 сая төгрөгөөр арван хонь 30 ямаа өгөхөөр болсон гэнэ. Энэ буянтай ажлыг Сайдын бие төлөөлөгч Б.Чимэддоржоор хийлгэх болсон байна. Нэг сарын дотор хийх ажлын үйл ажиллагааны зардалд  23 сая төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн байгаа юм.

Шатахууны зардалд л гэхэд зургаан сая, хоол цайнд  1,8 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Нэг сумаас нөгөө сум руу явахад 30-40 км л байдаг. Тэгэхээр зургаан сая төгрөгөөр 27 мянган км газар өлхөн туулна. Тэгэхэд Увс аймгийг хөндлөн гулд туулахад  2970 км гэж байдаг гэсэн. Малчдын хотоор явахад хоолны мөнгө, ор хоногийн мөнгө гэж нэхээд байхгүй нь лавтай. Гэтэл Б.Чимэддорж үйл ажиллагааны зардал гэж 23 сая төгрөг цохиод зогсохгүй малжуулах төслийн малын үнээс хүртэл ашиг унагаасан байгаа юм.

Аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийн нөмөр нөөлөгт орохгүй бол Увс аймагт ажилд орно гэж байхгүй, тендерт ялах ч үгүй. МАН-ын гишүүн гэсэн тодотголтой арван хэдэн дарга нарын бизнес цэцэглэж, зарим нь яаж хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадахаа байсан гэнэ.

Аймгийн Засаг дарга Э.Цасчихэр ч гэсэн өмч хөрөнгөө нуух гэж үйл тамаа идэж байгаа нэгэн. “Мөнхжим”, Мөнхжим-Өргөө” гэсэн хоёр компанитай. “Мөнхжим-Өргөө” компани нь гүүр дутуу барьсан,  таван давхар барилгыг дөрөв болгосон гэх мэт асуудлаас болоод Э.Цасчихэрийн өмчлөлөөс гараад явчихсан. Энэ компаниа  хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлэхээ байгаад удаж байгаа юм. Бүхэл бүтэн компани алга болчихоод байхад хэн ч нэхэхгүй байгаа билээ.

Увс аймгийн Засаг  дарга нарын компаниуд тендерүүдийг авахын тулд бага үнэ хэлдэг. Тэгээд явцын дунд нэрлэсэн үнээ хэд дахин нэмээд хөрөнгө авчихдаг юм билээ.

Жишээ хэлэхэд “Мөнхжим” компани Увс аймгийн төрөхийн эмнэлгийн барилгыг 180 сая төгрөгөөр барихаар тендерт ялсан байна. Тэгээд барилга барихын оронд хөрөнгө мөнгө нэхээд эхэлсэн гэнэ. Нийтдээ гурван удаа нэмэлт хөрөнгө авч 500 сая төгрөгт хүргэж эмнэлгийн барилгаа дуусгасан байгаа юм. Ямар ч барилгыг хугацаанд нь өгнө гэсэн ойлголт байхгүй юм билээ. Цаг хугацаа явах тусам төсвөөс хөрөнгө гарч байдаг аж.

АВЛИГЫН  ХЭРГЭЭР ШАЛГАДАГ ХЭДИЙ Ч АХ НАР АРГАЛДАГ ГЭНЭ

АТГ-аас Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Норовсамбуу нарыг үгсэн хуйвалдаж төсвийн 600 сая төгрөг зувчуулсан байж магадгүй хэмээн шалгахаар болсон байна. Гэтэл орон нутгийн прокурорын газраас Увс аймгийн дарга нарт холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгосон аж. Засаг дарга Э.Цасчихэр болон түүний командыг хууль хяналтын байгууллага удаа дараа шалгадаг байна. “Тийм хэмжээний хөрөнгө мөнгө шамшигдуулсан, үрэгдүүлсэн” гэдэг нь хуулиар тогтоогдоно. Хэсэг хугацааны дараа хэргийг хэрэгсэхгүй болгодог байна.

УИХ-аас Увс аймагт жилдээ 14-20 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төсөвлөдөг. Бүтээн байгуулалтын төсвийн хөрөнгө дээрх дарга нарын  компаниар  орж төсвийн 4,4 тэрбум төгрөг үрэн таран болсон гэнэ.Цулайтлаа баяжиж буй эдгээр  дарга нарыг УИХ-ын  гишүүд болон Увс аймгаас гаралтай томоохон албан тушаалтнууд хамгаалж байдаг сураг бий. Тэр ч бүү хэл хэн хэний нөмөр нөөлөгт байдаг талаар иргэдэд нь барин тавин ярьдаг юм билээ.

Увс аймгийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн улсын хэмжээнээс хоёр дахин бага буюу 1067 байдаг гэнэ.

Энэ үзүүлэлт нь иргэдийн амьдрал муу байгааг илтгэж байгаа юм. Жилдээ 180 хүн хорт хавдраар өвчилж 135 өвчтөн нас бардаг байна. Эмнэлгийн тоног төхөөрөмж дутмаг, аймгийн дулааны цахилгаан нь доголдож иргэдийгээ хөлдөөх шахдаг байх юм. Энэ аймагт шийдэх асуудал их бий. Гэвч дарга нар нь баяжихаас өөр зүйл боддоггүй хэмээн иргэд нь бухимдаж байгаа юм.

tsaschiher barimt

АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаагийн албан бичиг

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих