ЕТА бүлгийн толгойлогчид 105 жил хорих ял оноожээ
Испанийн Үндэсний шүүх баскын салан тусгаарлагчдын ЕТА бүлэглэлийн толгойлогч асан Чапоте хочит Франсиско Хавьера Гарсию Гастелуд тус улсын нэгэн улс төрчийн амийг хөнөөсөн хэргээр 105 жил хорих ял оноожээ. Чапоте дээрх хэргийг 2000 оны хоёрдугаар сарын 22-нд үйлдсэн байна.
Тухайн өдөр Испанийн Социалист Ажилчны намын орон нутгийн салбарын хэвлэлийн нарийн бичгийн дарга Фернандо Буэс сууж явсан машин нь дэлбэрснээс амиа алджээ. Түүний хамт бие хамгаалагч нь амь үрэгдсэн байна. Мөрдөн шалгалтын явцад Буэсыг хөнөөх тушаалыг Чапоте өгсөн нь тогтоогджээ.
Өмнө нь буюу 1999 оны 12 дугаар сард ЕТА бүлэглэл болон Испанийн эрх баригчдын хооронд нэг жилийн өмнө байгуулаад байсан түр эвлэрэх гэрээг цуцалсан байжээ. 1999 онд Би-Би-Си агентлагийн мэдээлж байснаар, баскууд эрх баригчидтай хийж буй хэлэлцээ нь мухардалд орсон гэж үзэн эвлэрлийн гэрээнээс татгалзсан байна.
Тухайн үед ЕТА бүлэглэлийнхэн урвагч гэгдэж байсан социалистуудаас өшөөгөө авна гэж мэдэгдэж байв. ЭТА бүлэглэлийн толгойлогч асан мөн Буэс болон түүний бие хамгаалагчийн ар гэрт 500 мянган еврогийн нөхөн төлбөр өгөх ёстой.
Гастелуг 2002 онд Францад баривчлан 2005 онд Испанид шилжүүлэн өгчээ. Өнгөрсөн сард ЕТА бүлэглэл байлдааны ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдэн, засгийн газартай яриа хэлцээ хийхийг зөвшөөрсөн юм.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ”
URL: