Арабын таван улс Катартай харилцаагаа таслав
Арабын таван улс Катартай дипломат харилцаагаа таслан зогсоожээ. Саудын Араб, Бахрейн, Йемен, Египет, Арабын Нэгдсэн Эмирт улс олон улсын эрхийг ноцтой зөрчсөн хэмээн Катартай дипломат харьцаагаа тасалж, агаарын болон тэнгисийн бүх замаа хаасныг мэдэгдсэн байна. Саудын Араб энэ сарын 5-нд мэдэгдэхдээ дээрх шийдвэр нь улсынхаа аюулгүй байдлыг хангахын тулд хийж буй алхам гэжээ. Тэгвэл Бахрейн улс Катарыг “терроризмыг дэмждэг”, манай дотоод хэрэгт оролцсон хэмээн буруутгасан байна. Түүнчлэн Катарын иргэдийг 14 хоногийн дотор Бахрейнээс гарч явахыг шаарджээ.
КАТАР ШЕЙХ ТАМИМ БИН ХАМАД АЛВ-ТАНИ
“Катар нь “Лалын ахан дүүс” бүлгээр толгойлуулсан экстремист, террорист бүлэглэлийг санхүүжүүлж, орогнуулж байгаа учраас ийм алхам хийхэд хүрлээ” хэмээн Арабын Нэгдсэн Эмирт улсын мэдэгдэлд өгүүлжээ. Арабын Нэгдсэн Эмирт улсад байгаа Катарын дипломатуудад тус улсаас гарч явах 48 цагийн хугацаа олгосон бөгөөд харин оршин суудаг катарчуудад 14 хоногийн хугацаа өгч байгааг мөн мэдэгдсэн байна. 2014 онд Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт улс, Бахрейн Дохаг “Мусулман ахан дүүс” хөдөлгөөнийг дэмждэг хэмээн буруутгаж Катараас элчин сайдуудаа эргүүлэн татаж байжээ.
Харин энэ удаагийн хэрэг явдал Катарын Эмирийн үгнээс үүдэлтэй. Долоо хоногийн өмнө Эр-Рияд хотноо Персийн булангийн орнууд болон АНУ-ын хамтарсан дээд хэмжээний уулзалт болсон бөгөөд энэ уулзалтын дараа Катарын төрийн мэдээллийн агентлаг “Лалын ахан дүүс” бүлэглэлийг дэмжсэн Эмирийн үгийг нийтэлжээ. Катарын зүгээс энэ нь цахим халдлага байсан, нийтлэгдсэн үг нь Катарын Эмирийнх биш гэсэн тайлбарыг хийсэн билээ. Египетийн удирдагч асан Мухаммед Мурсигийн үүсгэн байгуулсан “Мусулман ахан дүүс” бүлэглэлийг 2013 оноос хойш Египет болон Ойрхи Дорнодын зарим улс террорист бүлэглэл хэмээн, өөрийн улсад хориотой байгууллага гэж зарласан билээ.
М.ХҮСЛЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: