20 гаруй жил “тоосонд дарагдсан” санал асуулгын тухай хуулинд “салхи орох нь”

6alun5qdl2757vqqd7dq203qpnУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өөрөөр хэлбэл санал асуулгын хуулинд “салхи оруулж”, ганц ч удаа хэрэгжүүлж, хэрэглэж үзээгүй хуулийнхаа хэргийг нь гаргахаар санал нэгдлээ.  Баталснаас нь хойш нэг ч удаа хэрэглэж үзээгүй ганц хууль байдаг нь энэ.

1995 онд баталсан уг хууль 20 гаруй жил “тоосонд даруулан” хэвтсэний эцэст өмнөх парламентын үед шинэчлэн найруулсан ч мөн л хэрэгжиж чадаагүй юм. Харин өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах байнгын хорооны саналыг горимоор санал хураалт явуулж, улмаар гишүүд дэмжлээ.

Хуульд зааснаар бол Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбоотой асуудлаар сонголт хийлгэх шаардлагатай болсон эсвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ард нийтийн санал асуулга явуулах боломжтой. Энэ дагуу “Санал асуулгыг УИХ, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс  65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэж санал асуулгыг товлон зарлах хугацааг тогтоосон байдаг.

Гэвч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах үндэслэлээр дээрх 65 хоногийн хугацааг 21 болгон өөрчлөх төсөл оруулж ирсэн. Харин гишүүд Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган ард нийтийн санал асуулга явуулах  боломжгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт сар гаруйн дараа буюу зургадугаар сарын 26-нд товлогдсон.  Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа тулсан үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ард нийтийн хэлэлцүүлгийг өргөн дэлгэр хийж амжихгүй гэж олон нийт үзэж байгаа учир Ерөнхийлөгчийн сонгуулийг дангаар нь явуулах нь зөв хэмээн хуулийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар байхаар тогтлоо. Мөн санал асуулга явуулахаас өмнө ард нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх, энэхүү хэлэлцүүлэг нь долдугаар сарын 5-наас есдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд өрнөх нь зүйтэй гэдэг дээр УИХ-ын гишүүд санал нэгдлээ.

Өмнө нь манай улс төрчид санал асуулга явуулах оролдлого хэд хэд хийж байсан билээ. Тодруулбал 2011 оны зун УИХ-ын чуулганы үеэр сонгуулийн ямар тогтолцоотой болохоо ард түмнээс асуух талаар гэсэн яриа нэлээд хүчтэй яригдаж, АН-ынхан Үндсэн хуулиар, МАН-ынхан сонгуулийн тогтолцоогоор иргэдийн дунд санал асуулга явуулъя хэмээн санаачилсан ч “Сонгуулийн тогтолцоогоо иргэдээс асуу­даг улс манайхаас өөр алга, дэлхийд ийм жи­шиг үгүй. Биднийг л шийд гэж УИХ-д сонго­сон шүү дээ” хэмээн зарим гишүүн эсэргүүцэж, улмаар АН-ынхан “Дэмий зардал гаргах хэрэггүй. Сонгуулийн тогтолцоогоор ард ний­тийн санал асуулга явуулах шаардлагагүй” хэмээн үзсэн байдаг.

Харин МАН-ынхан “Үүнд 3-4 тэрбум төгрөгийн зардал л гарна. Есдүгээр сард санал асуулга явуулж болно. Сонгуулийн тогтолцоо тойрсон маргааныг иргэд хагалаг” гэж байлаа. Тухайн үед намууд холимог тог­толцоон дахь мажоритар, пропорционалын харьцаан дээр тохирч чадахгүй байсан юм. Жижиг, том асуудал, иргэдээс асуух зүйл мөн, биш хэ­мээн маргасаар энэ яриа замхарсан. УИХ дахь бүлгүүд зөвшилцөж, Сонгуулийн хуульд өөрч­лөлт оруулснаар өндөрлөсөн.

Үүний дараа 2015 оны 11 дүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруу­лах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяр Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. 2011 онд Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсантай уг хуульд нийцүүлж буй хэмээн санаачлагч тухайн үедээ тайлбар­ласан. Тэр үед Тусгаар тогтнолын баяраар буюу арваннэгдүгээр сарын 26-нд санал асуулга явуулах талаар ярьж байв. Гэвч төслийн хэлэл­цүүлгийн явцад УИХ-ын гишүүд хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулах хэрэгтэй гэсэн санал гаргасан тул буцаан татсан бол үүнээс хэдхэн сарын дараа буюу 2016 оны нэгдүгээр сард төслийг шинэчлэн найруулаад дахин өргөн барив. Улмаар хоёрдугаар сарын 5-нд баталсан байна. Үүгээр гадаадад амьдарч буй монгол иргэд бүх нийтийн санал асуул­ гад оролцох боломжийг нээхээс эхлээд зарим дэвшилтэй заалт оруулжээ. Гэвч ашиглаж ам­жилгүйгээр УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуу­саж, хууль дахин хэрэгжиж чадахгүйгээр өнөөг хүрсэн билээ.

Б.Өрнөх

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих