С.Сэрчмаа: Би Хятадын уран бүтээлч биш
-Урд хөршид гэр бүл зохиогоод нэг хэсэгтээ дуу хөгжмөөсөө хол байлаа. Эх орондоо ирээд шинэ уран бүтээлийнхээ ажилд ороод байгаа сурагтай?
-Шинэ уран бүтээлдээ орсон. Нэг жил хагас завсарлалаа ш дээ. Энэ хугацаанд дуу хөгжмөөс холдоогүй. Өвөрмонголд уран бүтээлээ хийж байлаа. Яг өөрийнхөө хувьд зогсолтгүй уран бүтээлээ хийж байсан гэж хэлж болно. Урд байх хугацаандаа Өвөрмонголын болоод Монголынхоо хөгжмийн зохиолчтой хамтарсан “Цагаан сүүний домог” нэртэй CD гаргасан. Монгол, хятад хэл дээр дуулсан. Харин эх орондоо ирээд эрчимтэй уран бүтээлийнхээ ажилд ороод байна. Саяхан 25-р телевизийн олон ангит киноны дууг дууллаа. Бас хөгжмийн зохиолч Пүрэвдоржтой хамтарч ажиллаж байна. Шинэ жилийн дуу гаргах гэж байгаа гээд олон дуу эзнээ олоод ирлээ. Заавал би дуу захиалаад байх шаардлагагүй, дуунууд маань эзнээ олоод ирдэг юм байна.
-Эх орондоо хэзээ ирсэн бэ. Өөрийг тань ирсэн гэдгийг нэг хэсэг хэвлэлээр нэлээд шуугилаа?
-Би эх орондоо ирээд зургаан сар орчим болж байна. Ганцаараа бие дааж дуулаад арван нэг, хоёр жил өнгөрчээ. Анх гарч ирэхдээ л муулуулж байсан. Эх орондоо эргээд иртэл муулсан хэвээрээ л байна. Сэрчмаа нөхрөөсөө салаад ирлээ гэх зэргээр шар хэвлэлүүдээр муулдаг нь эхэлчихэж. Энэ мэдээллүүд ташаа гэдгийг хэлмээр байна.
-Хятад руу буцах уу?
-Энд ирэнгүүтээ нэг дуу гаргачихаад явлаа гээд байвал болохгүй л дээ. Эндээ нэлээд хугацаанд байж уран бүтээлээ хийнэ. Сонсогчид маань бас асууж байсан л даа. Та нэг дуу гаргачихаад явчих юм биш биз дээ. Бид нар таныг маш их хүлээсэн гэж хэлж байсан. Дуучин Б.Сарантуяагийн тоглолтод оролцоход намайг хүлээсэн, шинэ уран бүтээл хүссэн хүмүүс олон харагдаж байсан. Тийм учраас уран бүтээлээ эндээ туурвина. Хүүхэд маань ч гэсэн жаахан байна. Агаар, ус солигдохоор эрүүл мэндэд хортой гэдэг ш дээ.
-Урд байхдаа томоохон тоглолтод оролцож байв уу. Хятадад таныг яаж хүлээж авч байв?
-Тэгэлгүй яахав. Хөх хотын “Улаан” театрт өөрийнхөө бие даасан “Хайрын захидал” нэртэй тоглолт хийсэн. Монголоос манай урлагийн баг очсон. Бүгдээрээ л намайг дэмжиж ирсэн учраас маш сайхан тоглолт болсон. Тиймээс энэ дашрамд баярлалаа гэж хэлмээр байна. Бас Бээжингээс мундаг том гэрэлтүүлгийн компани тайз засал дээр ажиллаж, Өвөрмонголын “Одон” телевиз бүрэн бүрэлдэхүүнээ ажилласан. Хоёр өдөр оюутнууддаа зориулаад үнэгүй тоглосон. Сүүлийн өдөр нь тасалбараар үзүүлсэн. Ер нь бол Өвөрмонголын бүх хот, аймаг, сумдаар явж тоглолтоо хийсэн гэхэд болно. Бас Хятадын хамгийн том Гуанши хотод Азийн ерөнхий сайд нарын уулзалт болсон. Энэ уулзалтын үеэр урлагийн үндэсний их наадам болсон юм. Тэнд Сингапур, Малайз гээд Азийн маш олон орны алдартай дуучид ирж оролцсон. Би Монгол Улсаа төлөөлж ардаа 60 бүжигчинтэй дуулах маш сайхан байсан. Хятадын тал бүжигчдээ бэлдсэн байсан л даа. Харин би монгол үндэсний хувцсаараа, монгол дуугаараа гангарч байсандаа бахархаж байлаа.
-Хуримынхаа талаар яриач. Хэчнээн зочид ирсэн. Аль хотод болсон бэ?
-Хурим маань Бээжин хотын “Шангрила” зочид буудалд болсон. Ойролцоогоор 300-аад хүн ирсэн байх. Монголоос тийм ч олон хүн ирээгүй л дээ. Яагаад гэвэл Хятадад болсон учраас. Харин манай нөхөр талын ар гэр, хамаатан садан, бас миний Өвөрмонголын найз нөхөд, хөгжмийн зохиолч, уран бүтээлчид гээд олон хүн ирсэн. Монголоос миний ойр дотны урлагийн найзууд, найз нөхөд, ээж, аав, хамаатан садан хүрэлцэн ирсэн. Хурим маань их гоё болсон. Христийн шашны ёс заншлаар, европ маягаар хуримаа хийх сонирхолтой юм билээ. Хамгийн гоё нь тайзан дээр пастр гарч ирээд “Та энэ хүнийг сэтгэлдээ хайрлах уу, үнэнч байх уу” гэж асуух. Тэр олон хүнийг гэрчээр байлгаж байгаад андгай тангараг авч гэрлэх ёслол үйлдэх сайхан юм шиг санагдсан. Тэр бүр манай гэрлэж байгаа хосууд бие биедээ андгай тангараг өгдөггүй ш дээ. Хүний амьдралд тохиолдох нэг л зүйл. Ямар ч хурим сайхан болдог байх.
-Манай урлагийнхнаас ямар хүмүүс зочилсон бэ?
-Дуучин Номин, ая зохиогч Ангирмаа эгч, бас дуучин Чингэс эхнэртэйгээ хамт ирсэн. Ардын жүжигчин Жаргалсайхан гуайн хүү ш дээ. МУГЖ Д.Сосорбарам гуай ирж манай хуримыг хөтөлсөн.
-Христийн шашин шүтээд нэлээд удаж байгаа байх аа?
-2008 оноос Христэд итгэж эхэлсэн. Бурхан багш ч бай, есүс ч бай ямар ч л байсан бурхан байдаг гэдэгт итгэдэг. Бурханд итгэж байж хүн тодорхой хэмжээнд нийгэмшиж, хүмүүжиж байдаг. Аливаа нийгмийн хурцадмал байдлыг алдагдуулахгүй, барьж, дарж байдаг зүйл бол бурхан гэж тайлбарласан байдаг шүү дээ. Түүний нэг адил би дотроо бурхан байдаг гэдэгт итгэдэг. Гэхдээ нээх туйлшраад “ээ бурхан минь” гээд шүтээд бишрээд байдаггүй л дээ.
-Христийн шашны заншлаар хуримаа хийх саналыг та өөрөө гаргасан уу. Танай нөхөр яаж хүлээж авсан бэ?
-Өнгөрсөн юмыг л асуугаад байх юм аа. /инээв/ Сэтгүүлчидтэй уулзахаар миний хувийн амьдрал илүү хөндөгдөөд байдаг юм л даа. Яалт ч үгүй урлагийн хүн учраас миний хувийн амьдрал их сонин байдаг шиг байгаа юм. Би өөрөө хувийн амьдралаа уг нь нууц байлгая гэж боддог. Хүн бүрийн амьдралд олон нийтэд зарлаад байх албагүй нууц зүйл гэж байдаг ш дээ. Гэтэл урлагийнхны амьдралыг тэгсэн гэнэ, ингэж гэнэ гээд л бичих юм. “Өдрийн сонин” өдөр тутмын том хэвлэл. Уншигчдынх нь хүрээ нь ч тэр ямар билээ дээ. Тиймээс үнэн зөв мэдээллийг хүргэдэг гэж боддог. Хуримаа яаж хийх тухайд, манай нөхөр намайг итгэгч гэдгийг мэднэ. Намайг христэд итгэдэг болохоор үнэлдэг байсан. Магадгүй өөрөө итгэгч болох ч юм бил үү. Аливаа гэр бүлийн хосууд хоорондоо эвтэй, нэгдмэл нэг санаатай байж, нэг нэгнийгээ ойлгож хүндэлж байх хэрэгтэй. Тэр үүднээс манай нөхөр намайг ойлгож, христийн шашны заншлаар хурим хийх саналыг санаачилж гаргасан. Тэр нь надад том гэнэтийн бэлэг болсон л доо.
-Кинонд тоглох санал ирж байгаа юу. Тэгж сонссон юм байна?
-Үгүй үгүй. Киноны дуу дуулсан болохоос кинонд тоглох санал одоогоор ирээгүй байна. Кинонд тоглох хэцүү юм байна лээ. /инээв/ Өмнө нь “Удам” киноны гол дүрд тоглосныг мэдэж байгаа байх. Дүр бүтээсэн гэхэд ичмээр ч юм шиг санагдаж байна л даа. Яагаад гэвэл би мэргэжлийн жүжигчин биш учраас. Гэхдээ залуу сайхан байгаа үедээ киноны хальсанд дүрээ үлдээнэ гэдэг аз завшаан. Хөгширсөн хойноо ч гэсэн манай үр хүүхдүүд харахад дурсгалтай. Бодоод байхад би хоёр гурван кинонд тоглосон юм байна лээ. ”Тэнгэрийн ивээл” кинонд тоглосон. Энэ кино Монгол, Өвөрмонголын жүжигчдийн хамтарсан бүтээл. Дуучин Сэрчмаа нэрээрээ ямар нэг дүрд хувираагүй. Тэрүүгээрээ надад амар байсан. Тайзан дээр дуугаа дуулаад, миний дуулж байгааг хүмүүс үзээд, алга ташиж байгаа туслах дүр байсан. Бас “Уучлаарай хайрт минь” нэртэй кинонд туслах дүрд тоглосон. Жүжигчин гэдэг мэргэжил агуу юм гэдгийг ойлгосон. Аан тийм, сая NTV телевизийн таван жилийн ой болоод. Тэгээд би нэвтрүүлэгч болж үзлээ. Нэвтрүүлэгч болоход их хөгжилтэй байсан. Дараа нь олон хүмүүсээс гоё байсан шүү гээд мессеж ирж байсан.
-Өөрийг тань нөхрөөсөө салаад ирсэн гэж хэвлэлүүдээр мэдээлж байна. Үүнд тайлбар өгөөч. Яагаад Монголдоо ирэхээр шийдсэн бэ?
-Албан ёсоор “Өдрийн сонин”-д мэдэгдэл хийх нь туйлын зөв. Ирснээсээ хойш би хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхөөсөө татгалзаж зугтаагаад байсан л даа. Яагаад гэвэл, би ээж хүн. Хоёрдугаарт нялх хүүхэдтэй. Уран бүтээлээ ч эхлээгүй байж би ирчихлээ гээд ярилцлага өгч зарлан тунхаглаад байх надад сонин биш байсан. Хийсэн уран бүтээлээрээ учрах нь мэдээж. Тэр цаг үеийг хүлээж байлаа л даа. Тэгсэн гэнэт л шар сонин, сэтгүүлээр намайг муулаад эхэлсэн. Намайг нөхрөөсөө 500 сая төгрөг нэхээд өгөхгүй байхаар нь нөхрийнхөө машины цонхыг хагалаад салаад ирсэн. Нэг л их зодоонч хүүхэн мэтээр бичсэн байсан. Надад тийм хүмүүжил байхгүй. Би ёс суртахууны доголдолтой биш. Манай ээж, аав ч тийм хүн биш. Энэ мэдээлэлд манай ээж, аав их эмзэглэсэн. Машины цонх байтугай гэрийн цонх ч хагалж үзээгүй. Ташаа мэдээлэл гарсан байна лээ гэдгийг хэлмээр байна. Худлаа мэдээлэл гаргасан хэвлэлүүдийг шүүхэд өгч нэр төрөө сэргээх бодолтой байгаа. Бас Монголд ирэнгүүтээ л хоёр дахь амьдралаа зохиогоод нэг тамирчин залуутай суух гэж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ бас худлаа. Би эх орондоо уран бүтээлээ хийхээр ирсэн. Уран бүтээлч хүн уран бүтээлээ хаяж чаддаггүй юм байна. Манай нөхөр тэндээ ажилтай. Намайг дагаад салбаганаад яваад байхгүй. Хүүхэд маань нялх байгаа учраас ээжийгээ дагаад энд ирсэн. Тийм учраас тусдаа амьдарч байна. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ салгуулаагүй. Нөхрөөсөө салаагүй гэдгийг хэлмээр байна. Хамгийн сүүлд гарсан нэг гүтгэлгийн мэдээлэлд дуучин Сэрчмаа Бээжинд УИХ-ын гишүүнтэй зочид буудалд амраглаж байхдаа нөхөртөө баригджээ гэсэн мэдээ гарсан байна лээ. Яаж ч бодсон би тийм жаахан хүүхэдтэй байж ингэж явна гэж байхгүй. Би монгол эмэгтэй хүн, ээж хүн. Хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүн өөр хүнтэй амраглаад хүүхдээ, нөхрийгөө бузартуулаад, өөрийнхөө нэр төрийг бузартуулаад, бүх зүйлээ золиослоод хүнтэй амраглаад явна гэж байхгүй. Ээж хүмүүсээс та чадах уу гэж асуумаар байна. Байж болшгүй юм. Тэр сонинд бичүүлээд байгаа УИХ-ын гишүүн хэн ч гэлээ тэр хүний өмнөөс ичиж байна. Яагаад худлаа юм бичиж байгаа юм бэ. Тэр сэтгүүлчийг шүүхэд өгнө. Нэр төрөө сэргээлгэнэ. Арай дэндүү хүний нэр төрд халдаж байгаа юм биш үү. Монголчуудаа бие биедээ урам өгч, хайрлах хэрэгтэй шүү дээ. Хэн нэгнийг арай дэндүү гүтгэж мөнгө олох нь буруу юм биш үү.
-Урд урлагийн сургууль байгуулж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Урлагийн сургууль байгуулах миний мөрөөдөл юм. Өөрийнхөө мэдэх зүйлийг хүүхдүүдэд зааж сургана гэдэг сайхан шүү дээ. Урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа залуучуудыг хувьдаа их дэмждэг. Түүний нэг адил би урлагийн сургууль байгуулна гэсэн бодолтой байсан. Ар гэрийн амьдралаа зохиогоод хүүхэдтэй болоод ирэхээр зарим ажил маань цалгарддаг юм байна. Урлагийн сургууль одоогоор нээгээгүй байгаа шүү. Нээнэ гэсэн бодолтой явдаг. Хүн мөрөөдлөө биелүүлж, цогцлоож болдог. Нэг л өдөр мөрөөдлөө биелүүлнэ.
-Та нөхрөө танилцуулаач. Өвөрмонгол хүн үү, хятад уу. Нөхрийн тань ээж, аав Монголд нэг хэсэг амьдарч байсан гэж сонсч байсан юм байна?
-Хүмүүс манай нөхрийг их таньдаг болсон юм байна лээ. Надаар дамжуулаад манай нөхөр нэрд гарсан юм биш үү. Сэрчмаагийн олны танил нөхөр Баяр болсон байна л даа. Өвөрмонгол залуу. Өвөрмонгол чинь манай монголчуудын нэг хэсэг шүү дээ. Хил таслахад л Ар, Өвөрмонгол гээд үлдсэн болохоос. Өвөрмонголчууд монголчуудыгаа гэсэн сэтгэлтэй байдаг. Монголдоо хайртай хүмүүс. Гэхдээ хятад улсад харьяалагдаж байгаа. Манай нөхрийн аавыг Сарчингаа, ээжийг нь Дүүриймаа гээд өвөрмонгол хүн байгаа. Монголд амьдарч байсан эсэхийг нь сонсоогүй юм байна.
-Нөхөр тань юу эрхэлдэг вэ. Бизнес хийдэг үү?
-Нөхрийнхөө бизнест оролцоод байдаггүй л дээ. Юу хийдэг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө уул уурхайн чиглэлээр ажилладаг. Уул уурхайгаас гадна янз бүрийн жижиг охин компанитай.
-Нэлээд хөрөнгөтэй, баян хүн гэж сонссон?
-Харин тэгээд яриад байна лээ. Баян, тэрбумтан хүнтэй суусан гээд яриад байгаа. Тийм биш шүү. Хуримын зурган дээр яаж ч харагдаж болно. Эхлээд цуурхсан ойлголтоороо баян хүн гэж яриад байх шиг байна. Би тэр хүний хөрөнгөнд нь болж суугаагүй. Сэтгэлийг нь харж ханилсан.
-Өвөрмонгол хүнтэй ханилахдаа Монголын ард түмэн өөрийг нь яаж хүлээж авах бол гэж бодож байв уу?
-Намайг хятадтай, өвөрмонгол хүнтэй суулаа гээд муулдаг. Миний хувьд би өөртөө үнэнч эмэгтэй. Хятад улсын үнэмлэхтэй өвөрмонгол хүнтэй суусан гэж хэлж болно. Гэхдээ би өөртөө үнэнч байгаа учраас хятад хүнийг сонгоод сууж чадсан. Нэр төр, карьераа бодсон бол би юун хятад хүн, заавал монгол хүнтэйгээ л сууна гэж бодно. Харин миний хувьд сэтгэл зүрх, дотоод хүнээ харж байж тэр хүнийг сонгосон. Ямар ч хүн өөртөө үнэнч байхаас өөр сайхан зүйл байхгүй биз дээ. Хүнд муу хэлүүлэхээс айгаад өөр сонголт хийгээгүй, сэтгэлээ дагасан.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Айлын хамгийн бага нь. Манай хүүхдийн аав ч гэсэн айлын отгон. Хоёулаа эрх, дураараа. Тийм болохоор хоорондоо муудалцах зүйл гардаг л даа. Мэдээж айл гэрт муудалцах зүйл байлгүй л яахав. Намайг Монгол руугаа явна гэхэд эндээ байгаач дээ гэж дургүйцсэн. Би Монголын дуучин Сэрчмаа болохоос, хятадын дуучин биш. Миний хувийн амьдрал өвөрмонгол хүнийг сонгосон болохоос уран бүтээлээ, дуугаараа би хятадыг сонгоогүй. Энэ тал дээр бид хоёрт жаахан зөрчилдөөн үүсдэг л дээ. Хэрэлдэхгүй, муудалцахгүй гэр бүл байхгүй гэдгийг ойлгож байгаа биз дээ.
-Охиндоо Хураа гэдэг нэр хайрласан байна лээ. Яагаад энэ нэрийг өгсөн бэ?
-Охиныг маань төрж байхад их бороо орж байсан юм. Хувьтай хүн хур борооноор гэж билгэшээгээд энэ нэрийг өгсөн.
-Хятадад охиноо төрүүлэхэд ямар байсан бэ. Хувийн эмчтэй байв уу. Эмнэлгийн тоног төхөөрөмж нь манайхыг бодвол сайн л байдаг байх?
-Урд төрөхөд нөхцөл байдал муу байсан. Мэдээж эмнэлэг, анагаах ухааны хөгжил манайхаас өндөр байгаа л даа. Би монгол хүн учраас монгол эмч дээрээ, эх орондоо төрдөг байж дээ гэж бодсон. Хятад эмч нарын дэргэд төрөхөд хэцүү юм байна лээ. Хятад хэл ойлгодог ч гэсэн эх хэл маань биш учраас их өвдөлтийн хажуугаар ойлгохгүй чихний хажуугаар л өнгөрөөд байдаг юм билээ. Дараа нь өвөрмонгол эмч орж ирсэн л дээ. Тэгэхээр ээжийнхээ дэргэд, монгол эх орондоо хүүхдээ төрүүлэх сайхан байсан юм байна даа гэж бодож байсан. Дараа дараагийнхаа хүүхдүүдийг Монголдоо төрүүлнэ гэж бодож байна.
-Нөхрөөсөө авсан том бэлэг юу вэ?
-Охин маань шүү дээ. Миний хувь тавилан л ийм юм байна. Тэр холоос ийм хөөрхөн хүүхэдтэй болж, гэр бүлээ зохиох байсан юм байна. Намайг өмнө нь ойр дотны маань хүмүүс хүнтэй суухгүй оройтлоо гэдэг байсан. Ялангуяа урлагийн хүн уран бүтээл, ажилдаа анхаарлаа хандуулаад ар гэр, хувийн амьдралаа зохиож чадахгүй хугацаа алддаг нь яахын аргагүй үнэн юм.
-Нөхөртэйгөө яаж танилцаж байсан бэ?
-Бээжинд оюутан байхдаа танилцсан. Тэгээд уулздаг болсон юм. Манай хүн миний дууг сонсох их дуртай. Тэгээд цаашдаа гэр бүл болох гараа маань Бээжингээс эхэлсэн.
-Яагаад энэ асуултыг сонирхсон бэ гэхээр таныг нөхөртэйгөө гэрээ хийж суусан гэж ярьдаг юм байна лээ?
-Яанаа тийм үү. Худлаа худлаа. Янз бүрээр л хэлэх юм. Тэр бүр хүн болгон дээр очоод би тэгээгүй гээд хэлээд яваад байх хэцүү. Нэг сонины сэтгүүлч намайг чи хар PR-аар нэрд гарсан хүн ш дээ гэж хэлж байсан л даа. Яагаад гээд бодсон чинь дээхнэ үед болдог байсан “Алтан микрафон” гээд урлагийн наадамд хэвлэлийн баатар номинацид би шалгарч байсан юм. Тэр цомыг нь аваад гэртээ залчихсан сууж байлаа ш дээ. Тэгэхээр би хэвлэл мэдээлэлд их өртдөг, аманд нь орчихдог юм шиг байгаа юм. Дээрээс нь муугаар бичигдсэн ч тоохгүй өнгөрчихдөг л дөө. Хов живийн араас гүйхийнхээ оронд шинэ уран бүтээл гаргачих юмсан гээд суучихдаг. Дуугүй байгаад, нэр төрөө сэргээнэ гээд явдаггүй учраас Сэрчмааг бичээд байж болох юм байна, энэ угаасаа ч даруухан, дуугүй эмэгтэй хүн гээд зарим сэтгүүлчид олзолдог байсан байх. Би нөхөртэйгөө гэрээ энэ тэр хийгээгүй ээ.
Х.ЦЭНД-АЮУШ
URL: