Онцгой анхаарал шаардсан нялхсаа асрах мэдэлгүй төр буюу цаасан дээрх цэцэрлэг

MPA-PHOTO-2017-0721-1-810x540Дөрвөн багш тус бүр нэг нэг хүүхэд өвөр дээрээ суулгаад ам руу нь хоол халбагадан хийнэ. Хоёр нь хоолондоо дуртай үмхэх ч завьжаар нь урсчихаад байгаа бололтой багш нь үмхүүлснийхээ дараа завьжийг нь заавал арчих аж. Харин нөгөө хүү, охин хоёрын хүү нь шүдээ тас зуучихаад байдаг тул халбагатай хоолоо аманд нь арайхийн хийхэд залгиж чадахгүй хэсэг байх аж. Охин ч ялгаагүй зутангаа хүссэнээрээ идэж чадахгүйдээ бухимдан уйлна. Үүний цаана ээлжээ хүлээх тэдэнтэй ижил зовиур, өвчтэй 36 хүүхдийг энэ дөрвөн багш цайны цагтаа багтаан хооллох ёстой. Тэднийг хооллохын тулд ийн “ноцолдож” байх хооронд хоёр асрагч тэргэнцэр, түшүүр, суултуур, гудсан дээрээ олонх нь уйлж, орилж, учраа мэдэхгүй чарлаж байгаа хүүхдүүдийг аргадахыг нь аргадаж, өргөхийг нь өргөнө. 40 хүүхэд, зургаан том хүн борви бохисхийлгүй хөдөлж, нааш цааш хөлхөж, чарлаж, уйлж байгаа энэ умгар өрөөнд агааржуулалтын систем битгий хэл агаарын солилцоо олигтойхон хийчихээр цонх ч алга. Бүгчим халууны дээр хоол, хүүхдүүдийн элдэв үнэр холилдон гаднаас орсон хэн ч тогтохын аргагүй хамар цоргино. Бид Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборынхон байрлаж байгаа газар ирээд байгаа нь энэ.

“Өнөр бүл” гэх асрамжийн 24 цагийн цэцэрлэгийн зүүн жигүүрийн дөрвөн өрөөнд сүүлийн дөрвөн жил гаруй хугацаанд 200 гаруй хүүхэд, 30 гаруй багш, ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор бол Монгол Улсын ой зургаан сартайгаас зургаан хүртэлх насны хүнд хэлбэрийн тархины саа, хөдөлгөөний бэрхшээлтэй, мөн давхар согог, дуаны хам шинж, аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн сувилуулдаг ганц цэцэрлэг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот, 21 аймгийн хаанаас ч дээрх шинж чанартай, хөдөлгөөний дутагдалтай, тархины архаг саажилттай гээд энэ төрлийн өвчтэй хүүхдээ эцэг, эх нь тэврээд ирэхэд хүлээж авдаг, асарч, сувилан болдог бол бүгдийг нь хөл дээр нь босгож, эрүүл саруул болгохын төлөө хөдөлмөрлөдөг сувилал нь энэ.

Гэвч сүүлийн дөрвөн жил тус сувилал ийн “айлын бөөрөнд” толгой хоргодсоныг холбогдох яам, тамгынхан, эрхэм Ерөнхийлөгч, Эрүүл мэндийн сайдтанууд мэдэж байсан болов уу. Мэдэж байсан бол хамгийн их анхаарал хандуулж, халамжлах ёстой, Монголын бус дэлхийн стандартад нийцсэн өрөө тасалгаанд, тусгай зориүлалтын ширээ сандал, тэргэнцэр, суултуур тэргүүтэй сувиллын материаллаг баазаар нь хангаж, сургалтын хэрэгслүүдийг ч саажилттай хүүхдэд тохирсоноор нь сольж, орлуулах байлаа. Хоол, хүнсний амин дэм, тэжээллэг тал дээр гойд анхаарах байв. Гэвч нэг нь ч тэгсэнгүй. Уул уурхай, алтны орд, Оюутолгой, Тавантолгойн асуудлаар хэдэн хэсэг болон талцдаг атлаа өнгөрсөн хугацаанд дээрх цэцэрлэгийн талаар нэг нь ч ам ангайсангүй. Энэ бол эрх мэдэлтнүүдийн өөрт нь хэрэгтэй бол тэнгэр баганадсан оффис, орон сууцны барилгуудыг жил ч хүрэхгүй хугацаанд босгочихдог атлаа хумсын толион чинээ ч ашиггүй бол хоёрхон давхар цэцэрлэгийн байрыг хэчнээн ч жилээр “царцааж” чадаж буйн тод жишээ.

МАНАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ 2018 ОН ХҮРТЭЛ БАРИХААРГҮЙ БОЛСОН ГЭСЭН ХАРИУ ӨГСӨН

Анх 1964 онд Эрүүл мэндийн яамны харьяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асарч, хүмүүжүүлдэг 42 дугаар ясли нэртэйгээр байгуулагдаж байсан уг цогцолборыг 1996 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар  Нийслэлийн Боловсролын газрын харьяанд шилжүүлэн Тулгуур эрхтэний согогтой хүүхдийн сувиллын ангитай буюу Сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолбор болгосон байдаг. Дөрвөн жилийн өмнө тус сувиллын 1964 онд ашиглалтад орсон байр нь “Стандартын бус, ашиглалтын хугацаа дууссан” гэх “онош”-тойгоор актлагдсан. Цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох Мэргэжлийн хяналтын байцаагчийндүгнэлт 2013 оны эхээр гарсан ч хуучин байрыг нь буулгах хөрөнгө тухайн оны төсөвт суугаагүйгээс барилгыг дараа жил нь нураахаар болсон аж. Гэтэл цэцэрлэгийн хуучин барилгыг нураах нь битгий хэл өдий хүртэл ширхэг тоосго ч сугалаагүй байна. Цогцолборын эрхлэгч Г.Буянжаргал энэ талаар “Анх манай цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгөөр барихаар төсөвлөсөн юм. Гэтэл гэнэт яам энэ ажлыг авч, концессын гэрээгээр баригдах сургууль, цэцэрлэгийн тоонд оруулсан ч өдий хүртэл дорвитой шийдэлд хүрсэнгүй. Нийслэлийн хөрөнгөөр барина гэж байхад нь л бид шинэ цогцолборынхоо зураг төсөл, шаардлагатай хөрөнгө мөнгөний тооцоог гаргасан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай лифтнээс эхлээд бүхий л эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдээ оруулаад нийт 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн төсөв гаргасан. Энэ мөнгөнд хуучин байрыг буулгах зардал ч багтсан. Гэтэл өнгөрсөн жилүүдэд төсевт энэ мөнгө суусангүй. Нийслзлийн Хөрөнгө оруулалтын газрын хөрөнгө оруулалтаар манай цогцолборын таван давхар барилгыг барьж ашиглалтад оруулахаар шийдвэрлээд байх үед буюу 2013 онд зураг төслийн ажлыг гүйцэтгэх тендер зарлан “Гоби-Трэвел” ХХК улсын төсвийн 97 сая төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн, барилга баригдах болон буулгахаар болсон. Гэтэл явцын дунд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдах байсан төлөвлөгөө өөрчлөгдөж, шууд Концессын гэрээгээр баригдахаар шийдвэрлэгдэн уг асуудал Эдийн Засгийн хөгжлийн яамны мэдэлд шилжсэн. Концессын гэрээний шалгаруулалтаар “Ремикон” ХХК гэрээ хийж гүйцэтгэхээр сонгогдсон ч өнгөрсөн дөрөвдүгээр сард барилгын ажлыг Концессын гэрээгээр гүйцэтгэх боломжгүй болсноо албан ёсоор мэдэгдсэн. Энэ нь Олон улсын валютын сангийн хөтөлбөр манайд хэрэгжих гэж байгаатай холбоотой юм билээ. Ингээд 2018 он хүргэл барилгын төсөл зогсохоор болсон байсан Бид үүнийг эсэргүүцэж байгаа.

Өнгөрсөн хугацаанд бид цэцэрлэгийнхээ барилгыг барихад тус нэмэр болж болох бүх хүнд хандаж, бараг 3000 гаруй албан бичиг илгээж, аваад байна. Гэсэн ч ирэх намар бид цэцэрлэгтэй болж амжихгүй нь бололтой. Шинэ байрных нь зураг төслийг хараад л суүшааж байнз.” хэмээж байв.

ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 11 ХҮҮХЭД ЭНГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ШИЛЖИЖ БАЙГАА НЬ БАГШ НАРЫН МААНЬ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ

Түүнчлэн тус цэцэрлэгийн нийгмийн ажилтан С.Энхбат “Манай цэцэрлэг бага, дунд, ахлах насны тус бүр хоёр бүлэг буюу нийт зургаан ангитай. Гэвч байр, савны хүрэлцээгүйн улмаас багын хоёр, дундын хоёр, ахлахын хоёр бүлэг нэгдэн гурван ангид хүмүүжиж байгаа. Тодруулбал, энэ хичээлийн жилд Улаанбаатар, орон нутгаас хүнд хэлбэрийн тархины саатай, дауны хам шинжтэй болон хавсарсан бэрхшээлтэй нийт 247 хүүхэд манай цэцэрлэгт харьяалалтай байж, асруулж, сувилуулж, зөвлөгөө авсан. Үүнээс 120 орчим хүүхэд нь байнгын бүрггэлтэй. Уг нь стандарт нормоороо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгийн нэг анги 10-аас дээшгүй хүүхэдтэй байх ёстой ч бид тусламж үзүүлэхээс аргагүй хүүхдүүдэз аваад л нэг ангид 40 хүүхэд, багш, асрагчтайгаа хичээллэж байна. Тархины саажилттай хүүхдэд хамгийн үр дүнтэй нь хөдөлгөөн заслын эмчилгээ мөн цэвэр агаар байдаг. Гэтэл гуравхан жижиг өрөөнд 120 хүүхэд бүтэн өдөржин байгааг л албаны хүмүүс бодож үзэх хэрэгтэй. Манай цэцэрлэгт явснаар хүнд хэлбэрийн саажилттай болон бусад төрлийн өвчтэй хүүхдүүд хэрхэн сайжирч байгааг эцэг, эхчүүдээс нь асууж болно. Энэ жил л гэхэд 11 хүүхэд арчилгаа, сувилгааны үр дүнд энгийн цэцэрлэгт шилжиж байна. Энэ бол манай цэцэрлэг саажилт, аутизм, хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдэд нэн чухал хэрэгтэйн том багалгаа. Бид стандартын дагуу өөрийн гэсэн байртай болчихвол хүүхдүүдийн маань эрүүл мэнд, ой ухаан илүү богино хугацаанд, үр дүнтэй сайжирна” гэсэн юм.

ХҮНД ХЭЛБЭРИЙН СААЖИЛТТАЙ ХҮҮХДИЙН СУВИЛЛЫН ЖИЛИЙН ЭМ, БЭЛДМЭЛИЙН ТӨСӨВ 51 МЯНГАН ТӨГРӨГ

Үүнээс гадна зайлшгүй хөндех ёстой нэг зүйл нь тус цэцэрлэгийн эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн жилийн төсөв нь ердөө 51 мянган төгрөг. Энэ бол дундаж амьдралтай айлын хамрын ханиад хүрсэн хүүхдийнхээ дархлааг сайжруулахад ч хүрэлцэхгүй мөнгө. Тэгэхэд жилд 200 гаруй хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулдаг, сувиллын цэцэрлэгт ийм хэмжээний эм, бэлдмэлийн төсөв тавьчихаад онцгой гэж хэлж болохоор байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай хүүхдүүдийг эдгээх, эрүүл мэндийг нь дэмжүүлэхийг хүсэж байгаа нь инээдтэй. Бяцхан тоо бодьё. Тус сувиллын цэцэрлэг хичээлийн жилийн есөн сард байнгын ажиллагаатай байдаг. Тэгвэл дээрх 51 мянган төгрөгийг есөн сард хуваахаар нэг сард тус цэцэрлэгийн хүүхдүүд 5666 төгрөгт тохирсон эм, бэлдмэл хэрэглэх ёстой болж байна. Энэ мөнгөөр багадаа 120, ихдээ 247 хүүхдэд ямар эм, витамин авч өгөх вэ. Энэ талаар эрхлэгч Г.Буянжаргал “Эм бэлдмэлийн төсөв бол зүгээр л бэлэг тэмдэг төдий гэхэд болно. Манай цэцэрлэгт байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай, толгой нь байнга өвддөгөөс эхлээд янз бүрийн суурь, хавсарсан өвчтэй, эмний хамааралтай хүүхдүүд хамрагддаг. Хүүхдүүдийг өвдөнө гээд ээж, аав нь халаасанд нь эм байнга хийгээд явуулахгүй нь ойлгомжтой. Багш, асрагч нар маань шаардлагатай тохиолдолд өөрсдөөсөө мөнгө гаргаж, эм, бэлдмэл авдаг. “Улсаас өгсөн төсөв нь энэ, эм байхгүй ээ” гээд хүүхэд өвтгөөд сууж байлтай биш дээ. Манай цэцэрлэгийг улсын жирийн цэцэрлэгийн нэгэн адилаар улсаар төсөв тавьдаг” гэсэн юм.

Энэ хичээлийн жил өнөөдөр дуусаж, цэцэрлэг, яслиуд амарч байгаа. Өөрөөр хэлбэл, холбогдох албан тушаалтнуудад 10 дугaар цогцолборын барилгыг барих нэн тэргүүний шаардлага байна гэх сэтгэл эмзэглэм дүр зураг энэ жилийн хувьд өнөөдөр дуусна. Гэхдээ хүнд хэлбэрийн тархины саа, хөдөлгөөний бэрхшээлтэй, давхар согог, дауны хам шинж, аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн амьдрахын төлөөх тэмцэл нэг секунт ч зогсохгүй. Тэдний олонх нь гүйж чаддаггүй юмаа гэхэд ядаж алхаж, алхдаггүй юм гэхэд мөлхөж, зарим нь бүр өрөөсөн гараа түвэггүй хөдөлгөхийн тулд, олонх нь халбагаа зөв барьж сурахын төлөө, ээжийгээ бүтэн харахын тулд, ганц ч болтугай үг хэлж үзэхийн тулд энэ сувилалд хамрагдаж, эмчлүүлдэг гэдгийг шийдвэр гаргах түвшнийхэн мартах ёсгүй. Тийм ч учраас Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборыг барихад юу саад болж байгааг мөн нэн тэргүүнд барьж болох гарц шийдэл юу байгааг холбогдох албаныхан ил тод мэдээлэхийг хүсэж байна.

Дэлхийн улс орнууд дээр дурдсан өвчтэй, асаргаа, сувилгаа шаардлагатай хүүхдүүддээ юу юунаас илүүтэй анхаарч, тэдэнд зориулсан эмнэлэг, сувилал битгий хэл тоглоомын төв, зориулалтын талбай, зам гээд энгийн хүний хэрэглэдэг бүхнийг бий болгож байхад манайх шинэ байр ашиглалтад оруулах нь битгий хэл хуучин барилгыг нь ч бүрэн нураачих чадалгүй суугаа нь дэндүү ичгэвтэр биш гэж үү. Ингээд зогсохгүй дөрвийн дөрвөн жил “Биднийг тохь тухтай байртай болгож өгөөч” гэж гуйсан, онцгой анхаарал шаардсан нялхсаа асарч чаддаггүй төртэй байгаа нь монголчуудын эмгэнэл гэхээс өөр юу гэх билээ.

Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих