МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.ЗОЛЖАРГАЛ ХААНА ЯВНА ВЭ

9905

Төвбанкны өмнөх удирдлагуудын гаргасан шийдвэртэй холбогдсон алдагдлын асуудал олны анхаарлын төвд байна. Өнгөрсөн долоо хоногт Т.Аюурсайхан нарын гишүүд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд ч танилцуулаагүй шалгалтын дүгнэлтийг байнгын хороон дээр олон нийтэд дэлгэлээ. Үүнээс өмнө МАН-ын бүлгийн гишүүддээ олон зуун тэрбумаар хэмжигдсэн алдагдалтай дүгнэлтийг танилцуулсан юм.

Шалгалтын дүнгээс харахад өнгөрсөн дөрвөн жилийн эдийн засгийн гол дампуурал нь Монголбанкны үйл ажиллагаанаас үүдэлтэй гэх дүгнэлт гарч байгааг ажлын хэсгийнхэн дуулгаж байна. Иймээс Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөр хууль зөрчсөн учраас хариуцлага хүлээлгэх ёстойг ч хэлж байв. Учир нь Монголбанк өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн уламжлалт бус арга хэрэгслүүдийн хүрээнд Үнэ тогтворжуулах, “Сайн” хөтөлбөрүүд, АСЕМ-ын санхүүжилт зэрэг арга хэмжээнд зориулж зээл олгохдоо хууль зөрчин бодлогын хүүгийн төвшнөөс хэт бага хэмжээнд зээлийн хүүг тогтоож, зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсний улмаас төгрөгийн худалдан авах чадвар огцом доройтож, банкны алдагдал өссөн. 2011 онд Монголбанк 179 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2012 оноос алдагдалтай ажиллах болсон. 2016 оны эцэс гэхэд хүүгийн, санхүүгийн үүсмэл хэрэгслийн буюу своп, форвард хэлцэл, гадаад валют арилжааны болон бусад хүчин зүйлсийн нөлөөнөөс болж Монголбанкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд 19 тэрбум 300 сая төгрөг болжээ. Ж.Энхбаяр гишүүний хэлдэгээр энэ бол “харамсалтай”.

Харин энэ дүгнэлттэй сөрөг хүчин санал нэгдэхгүй байгаа гэх.  Тэд нэхүү ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан “Монголбанкны мөнгөний бодлогын хэрэгжилт, болоод тухайн үед хэрэгжиж байсан хөтөлбөрүүдийг хэрэгжилтэд үнэлгээ өгсөн ажлын хэсэг маш хариуцлаггүй, мэргэжлийн бус дүгнэлт гаргасан байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр бол Монголбанк нийтдээ 3 их наяд  орчим төгрөгийн алдагдалтай байна гэсэн байна. Ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр 7 тэрбум ам.доллар буюу 14 ихнаяд төгрөгийн алдагдалд оруулсан байна гэх утгатай мэдээлэл хийж байгаа. Ажлын хэсгийн гишүүд ямар хэмжээний тоо, юуны тухай ярьж байгаагаа ч ойлгохгүй байна. Монголбанкны тайлан тэнцэл дээрээс харвал Монголбанкны мөнгөний бодлого хэрэгжүүлсэн арга хэрэгсэлүүдийг гаргаад хэрэгжүүлэхэд гаргасан зардал багтаж байгаа. Монголбанк өөрөө мөнгөний бодлого хэрэгжүүлэх бүрэн эрх нь хуулиар заачихсан байдаг. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нийгэмд 4.8 их наяд төгрөгийг эдийн засагт гаргасан байна гэдэг. Үүнээс 3 их наяд нь орон сууцны хөтөлбөрт зарцуулагдсан байна. Эдгээр хөтөлбөрүүд өнөөдөр хэрэгжээд дуусчихсан Харин 1.8 их наядын “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжээд дуусчихсан. Энэ 2013 оны “Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг үндсэн чиглэлд” заасны дагуу хийгдээд 2015 онд дуусчихсан ажил. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төв банк өөрөө шууд зээл олгоогүй. Арилжааны банкууд Засгийн газартай хамтарсан гэрээ хэлэлцээрийн дагуу аль салбарын ямар аж ахуйн нэгжүүдийг энэ хөтөлбөрийн хүрээнд дэмжих ёстой вэ гэдгээ тодорхойлж арижааны банкууд эрсдэлийг нь дааж зээлийг цааш нь олгосон хөтөлбөр” хэмээн тайлбар хийв.  Намын бүлгүүд ийнхүү эсрэг тэсрэг мэдэгдэл хийж байна.  Харин энэ зуур өмнөх Ерөнхийлөгч Н.Золжаргалын сураг ч алга. Манайд тогтсон муу жишгийн нэг нь энэ. Өмнөх дарга сайн муу ажилласан эсэх нь хамаагүй. Ажлаа орхиод алга болдог. Ямар нэг хариуцлага үүрэг хүлээдэггүй. Тайлбар ч хийдэггүй, ажлаа ч тайлагнадаггүй. Үүнээс үүдсэн уршиг нь олон зуун тэрбумын алдагдал.

Эх сурвалж: http://www.zugeer.mn/?p=16556


URL:

Сэтгэгдэл бичих