ТӨРИЙГ ҮҮСГЭГЧ ГЭР БҮЛ

olloo_mn_1496109289_Untitled-1Өчигдөр буюу тавдугаар сарын 29-нд Америкийн хамгийн нэр хүндтэй Ерөнхийлөгчийн нэг Жон Фицжеральд Кеннедигийн мэндэлсний 100 жилийн ой тохиолоо. Тэрээр улс орноо хоёр жил гаруйхны хугацаанд удирдсан ч гялалзсан их амжилтуудаараа ч, чих дөжрөм уналтаараа ч дурсагдан үлджээ. Кеннеди нь улс төрийн удирдагчийн үлгэр жишээ төдийгүй загварын бурхан байсан гэхэд болно. Ерөнхийлөгчийг хөнөөсний дараа түүний төрөл төрөгсөд ч Америкийн улс төрд нөлөөгөө үзүүлсээр байна. Ингээд хамгийн алдартай улстөрчийн домогт гүрний тухай өгүүлье.

АНУ-д өмнө нь, одоо ч хааны гэр бүл гэж байсангүй. Гэхдээ хэрвээ түүнтэй дүйцэхүйц гэр бүлийг гаргаад ир гэвэл Кеннедигийн гэр бүл хамгийн тохирох нь гэж хэлж болохоор юм. 1947 оноос хойш өнөөдрийг хүртэл, 2011-2013 он хүртэлхийг эс тооцвол жил бүр эдний овгийн нэг гишүүн нь холбооны сонгуульт албан тушаалд очиж байв. Домогт Кеннедигийн эзэнт гүрэн XIX зуунаас буюу “Phytophthora infestans” бичил шимэгчээс үүдэлтэй гэж хэлж болно.

ТӨМСНИЙ ӨЛСГӨЛӨНГИЙН ДҮРВЭГСЭД

Ирландад 1845 онд нүдэнд үл үзэгдэх “Phytophthora infestans” шимэгчид төмсний булцууг сүйтгэж, тариалсан төмс шууд л хөрсөндөө ялзарч эхэлжээ. Үүний улмаас британичуудад боолчлогдсон тариачид мөнгө олох цорын ганц эх сурвалжаа алдсан байна. Анхандаа Засгийн газраас тэдэнд тусламж үзүүлэх гэж оролдож байсан ч мөнгө нь тэр дороо дуусчээ.

Төмснөөс олдог орлого нь хумигдсан Англи, Шотландын газар эзэмшигчид өөрсдийн эзэмшлийн Ирландын газар нутгаа түрээсэнд үнэ хаялцуулан өгч эхлэв. Гэтэл дарин дээр давс гэгчээр маш хүйтэн өвөл болж, өлсгөж, даарч бээрсэн тариачдыг чийг бам, улаан эсэргэнэ, цусан суулга зэрэг өвчин нөмөрчээ. Ингээд хэдэн арван мянган ирланд хүн улс орноосоо дүрвэж эхэлсэн байна. Тэдний тоонд Патрик Кеннеди байжээ. Тэрээр Америкийн Бостонд ирж, торх үйлдвэрлэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд үүнийхээ ачаар амьдралаа хөл дээр нь босгосон байна.
ХАНДЫГ НЬ ХАГА ДАРСАН НЬ

Патрикийн хүү гурван ч баар эзэмшдэг болсон байна. Гэхдээ түүний ач хүү Жозеф илүү их амжилтад хүрсэн нэгэн байлаа. Тэрээр үл хөдлөх хөрөнгө, кино урлагт идэвхтэй хөрөнгө оруулалт хийх замаар үлгэрийн мэт баяжиж чаджээ. Түүнийг хуурай хуультай он жилүүдэд архи дамлан зардаг хүмүүсийг архиар хангадаг байсан гэдэг.

Жозеф Бостон хотын даргын охинтой гэрлэж, Ерөнхийлөгч Франклин Рузвельттэй хүртэл танилцжээ. Энэ нь түүнийг их улс төрд ороход тус дөхөм болсон байна. Кеннеди Үнэт цаас, биржийн хорооны нэгдүгээр дарга, Их Британи дахь АНУ-ын Элчин сайд хүртэл болж байв.
Ингээд бүх зүйл амжилттай сайхан бүтэж байсан мэт боловч Жозефыг Дэлхийн хоёрдугаар дайны үеэрх баримталж байсан байр суурь нь өндөр суудлаас унахад нөлөөлсөн юм. Тэрээр АНУ-ыг зөрчилдөөнд хутгалдан орохыг эсэргүүцэж, нацистын Германтай харилцаагаа сайжруулах ёстой гэж зүтгэж байв. Үүнээс гадна Вант улсыг ялагдлаа хүлээх ёстой гэж байнга шаардаж байсан нь Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиллийн дургүйцлийг төрүүлжээ.
Ийнхүү дипломатчийн карьер, улс төрийн нэр хүнд нь унасан ч Жозеф бууж өгөхийг хүссэнгүй. Тэрээр дөрвөн хүү, таван охиноо нөлөөллийнхөө гол зэвсэг болгохоор шийджээ. Ингээд хүүхдүүдээ багаас нь бие биеэ түшиж, гэр бүл бүхнээс илүү гэдгийг сургаж эхэлсэн байна.
Жозеф хөвгүүдээ хоорондоо өрсөлдөн тэмцэлдэхийг сайшааж, том хүү Жогоо улс төрийн карьер эхлүүлж мэдэх нэгэн гэж харж байв. Гэвч тэнгисийн цэргийн хүчний нисгэгч Жо хүү нь дайнд амиа алджээ. Хүмүүс түүнийг тэнгисийн цэрэгт алба хаадаг дүү Жоноосоо илүү гэдгээ харуулах хүүхдийн дэврүүн хүслээр хүнд даалгавар гүйцэтгэх гэж яваад амиа алдсан гэж ярьцгаадаг. Энэхүү эмгэнэлт явдлын дараа Жозеф хүү Жоноо нөлөө бүхий улстөрч болгохоор бат шулууджээ.
Дайны дараа Кеннедигийн гэр бүлийн уугуул Жозеф мөнгө, нэр нөлөөгөө ашиглаж байгаад Жоны цэргийн гарамгай амжилтыг олон нийтэд цацаж эхэлжээ. Тухайлбал, түүний командлал дор япончуудын живүүлсэн шумбадаг минат онгоцноос далайчдыг хэрхэн аварсан тухай өгүүлэл “New Yorker” сэтгүүлд хэвлэгдэж, хэдэн зуун мянган хувиар тараагдаж эхлэв. Бага Кеннеди зурагтаар байнга гарч, сонгогчдодоо гэр бүлээ харуулж, тэрүүхэн тэндээ од болж дөнгөжээ. “Кеннедигийн гэр бүл үргэлж л улстөрч, алдартны хил хязгаарыг давдаг байсан” хэмээн зохиолч Винсент Бздек өгүүлжээ. Жозефын тооцоолол ч зөв байж, Жон Кеннеди төлөөлөгчдийн танхимд сонгогдсоноо дараа нь сенатад орж, 1960 онд Цагаан ордны Зууван танхимыг эзэгнэж эхэлжээ.
ДОМОГ БОЛСОН ХҮН

“Агуу Ерөнхийлөгч”, “Есүс Христээс хойших хамгийн шилдэг хүн”, “Бурхан минь, бидэнд тэр ямар их үгүйлэгдэж байна вэ?”. Иймэрхүү бичгийг Техасын Далласт орших, Ли Харви Освальд гэгч Ерөнхийлөгч Кеннедиг буудсан байран дахь “Зургаадугаар давхрын музей”-н дурсгалын номноос харж болно.

Үнэхээр ч Кеннеди олон зүйлээрээ анхдагч байсан юм. Түүний хувьд ХХ зуунд төрсөн анхны Ерөнхийлөгч, Цагаан ордонд орж ирсэн Дэлхийн хоёрдугаар дайны анхны залуу дайчин, анхны католик шашинт Ерөнхийлөгч, тус улсын түүхэн дэх хамгийн залуу төрийн тэргүүн гээл дурдаж болно. Тэрээр өмнөх найман жилд мандуулсан цэргийн алдрын дор идэвхгүй ажилласан, генерал, Бүгд найрамдах намын Дуайт Эйзенхауэр Ерөнхийлөгчийн зогсонги байдлыг эвдэх амлалттайгаар засгийн эрхэнд гарч иржээ.

Кеннеди олон ч азгүйдэлтэй тулгарч байсан. Кубад довтолсон нь бүтэлгүйтэж, конгресст оруулсан олон хуулийн төсөл нь батлагдаагүй юм. Зөвлөлтийн удирдагч Никита Хрущевтэй 1961 онд Вена хотод уулзсаныг АНУ-д одоо ч үндэстний гутаан доромжлолын жишээ гэж үздэг. Тэр өөрөө ч бас “Миний амьдралын хамгийн таагүй үйл явдал. Тэр намайг зүгээр л урж тасдан хаясан” хэмээж байжээ.
Гэсэн ч тэр цөмийн дайны эргүүлэгт орсон үед Карибын хямралыг зогсоохын тулд маргашгүй амжилтаараа олны сэтгэлд үлдсэн билээ. “The Atlantic” номын зохиолч Алан Бринкли “Кеннеди бидэнд үндэстний боломж хязгаарлагдмал бус, ирээдүй цэлмэг байх, америкчууд хүнд асуудлыг шийдвэрлэж, агуу их алхам хийх чадвартай гэдгийг харуулсан үеийг санагдуулдаг” хэмээн бичжээ.
Үнэхээр ч түүнийг төрийн эрх барьж байх үед Пентагоныг байгуулж, 1961 онд тэрбээр алдарт үгээрээ АНУ-ыг сансрын уралдаанд хөтлөн оруулж, эцсийн цэг нь саран дээр аялах гэдгийг сануулсан билээ.
Түүний үед л “Агуу их нийгэм”-ийн тухай олон хуулийг бий болгож, АНУ-ыг орчин үеийн олон соёлт, олон үндэстнийг хамарсан нийгмийг бий болгох боломжийг бүрдүүлсэн. Түүний хэлсэн “Улс орон тань танд юу хийж өгч чадах вэ гэж битгий асуу. Харин та улс орондоо юу хийж чадах вэ гэдгээ асуу” хэмээх алдарт үг бий. Кеннеди Цагаан ордны өмнөх эздээс гадаад төрхөөрөө ч ялгардаг байв. Түүний хувцаслалт, донж маягийг анх зурагтаар гарч эхлэх үеэр л хүмүүс бахдан ярьдаг байжээ. Жон Зууван танхимдаа ч, гольфын талбай дээр ч, тэр ч бүү хэл гэр бүлийнхэнтэйгээ хамт байхдаа ч тун дэгжин харагддаг байв.
“Mr.Porter” сэтгүүлд хүртэл “Кеннедигийн эвгүй гэрэл зургийг хайгаад үзээрэй. Хүлээж байя. Харсан уу? Нэг ч байхгүй байгаа биз” гэж бичжээ.
Үүнээс гадна түүний үхэл одоог хүртэл дуулиан тарьсан хэвээр байна. 1963 онд түүнийг Ли Харви Освальд гэгч буудан хороосноос хойш хүмүүс зөвхөн энэ алуурчин биш, нууц хуйвалдагчдын золиос болсон юм биш биз гэж хардсаар байгаа юм.
МӨНХИЙН ЭЗЭНТ ГҮРНИЙ ХАРААЛ

Жоныг таалал төгссөний дараа ард түмэн түүний дүү, Ерөнхий прокурор асан Робертод анхаарлаа хандуулж эхэлсэн. 1968 онд тэрээр Ардчилсан намын дотоод сунгаанд ялалтын ирмэг дээр ирж, улс орныг удирдах боломж гарсан хэдий ч Серхан Серхан Бишара гэгч палестин эрд алуулсан юм. Тэнгисийн цэргийн нисгэгч Жо амиа алдаж, Жон, Роберт нар хүний гарт хороогдсоны дараа ард түмний дунд “Кеннедигийн хараал”-ын тухай цуу яриа гарч эхэлсэн юм. Википедиагаас үзэхэд 1944 оноос хойш өнөөг хүртэл алдарт гэр бүлийн найман гишүүн зүй бусаар үхсэн байдаг.

1969 онд Жозефын гэр бүлээс цорын ганц амьд үлдсэн хүү Тэд Кеннеди авто машин жолоодож яваад гүүрнээс ниссэн юм. Тэр золоор амьд гарсан ч хажууд нь сууж явсан найз бүсгүй нь амиа алджээ. Үүнээс хойш түүнийг байнга азгүйдэл дагасан бөгөөд гэрлэлт нь бүтэлгүйтэж, хөлөө тайруулж, нэг хүү нь хорт хавдартай болж, архидалт, мансууруулах бодис гээд үргэлжилсэн билээ. Гэсэн ч тэр 47 насандаа сенатор болж, 2009 он хүртэл амьдарсан юм.
Хэдийгээр Кеннедигийн гэр бүлд “хараал” туссан гэдэг ч Америкийн улс төрд тодхон ул мөрөө үлдээсээр байна. Жон Кеннедигийн зээ дүү Мария Шрайвер алдарт жүжигчин Арнольд Шварценеггертэй гэрлэж, түүнийг улс төрийн хүрээлэлд оруулж чадсаны ачаар Калифорни мужийн амбан захирагч болгож байсан. Жозефын гуч охин Мэриленд мужийн амбан захирагч болж, гуч хүү нь конгрессын гишүүн болж байв.
Кеннедигийн залуу үеийнхэн ч өвөг дээдсийнхээ замналаар явж байна. Өдгөө 36 настай III Жозеф л гэхэд Массачусетс мужаас конгрессын гишүүн болон сонгогдсон бол 24 настай домогт Ерөнхийлөгчийн гуч Жек Шлосберг бас л улс төрд орох сонирхлоо илэрхийлээд буй. Тиймээс ирээдүйд Америк улсад “Кеннеди Ерөнхийлөгчид” хэмээх уриа лоозон гарч, Америкийн улс төрийн олимпийн оргилд алдарт эзэнт гүрний төлөөлөгч гарч ирвэл гайхах явдалгүй болжээ.

 Эх сурвалж: Өглөөний сонин


URL:

Сэтгэгдэл бичих