Авто тээврийн албан татвар төлөх хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг.
Хуулиар хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй. Албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.
Харин Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад нэг цэгээс үзлэг тооллогод бүрэн хамрагдах боломжоор ханган Авто тээврийн үндэсний төвийн харъяа “Баянзүрх” оношлогооны төв болон даатгалын байгууллагуудтай хамтран “Дүжингарав” худалдааны төвд нэг цэгийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Хэрэв тээврийн хэрэгсэл эзэмшигч заасан хугацаанаас өмнө амжин албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиргааны арга хэмжээ тооцож, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй аж. Иймд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэлийн албан татвар төлөх хугацаа дуусахад 2 хоног үлдсэн тул хуулийн хугацаанд албан татвараа төлөхийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс жолооч нартаа уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
URL: