М.Бадамсүрэн: Хан ууландаа зон олныхоо заяа, буяныг даатган залбирлаа

18788513_1369290023119201_1913216826_n-e1495982596707Дорнодчууд бидний сэтгэл, итгэлийн тахилгат Хан уул минь.

Их талынхаа эн зах, цар хүрээг тольдон тусгах, орой тэргүүн өндөр уул аа.

Хотол олондоо ачлал буян, ивээл тусаа хайрлах, асарлан хөхрөх их уул аа.

Өнө холын өвөг дээдэс минь бишрэлийн ухаарал билгийн мэлмийгээр Этүгэн эхийн “Болдог” нэгэн өндөрлөг эзэн тэнгэртэй, ивээл ачлалтай хайрхан мөнийг тунгаан таньж, шүтээн овоо өрж, тахиж тайж, өлзий хишиг, өгөөмөр буяныг нь үеийн үед хүртсээр иржээ. Үүний эш язгуурыг мөшгөн болгоох эрдэмтэн мэргэд Ачит бээсийн өвөг ноён Ананд далай жононгийн Энх-Амгалангийн 33 дугаар он буюу 1694 онд мутарласан их нугалбараас улбаалуулан нэгэн санал дэвшүүлснийг энэ өдөр энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Эзэн Богдын алтан ургийн хэлхээ, гэгээн Сэцэн хан Шолой, ес дүгээр хөвүүн Ананд далай жононд гал голомтоо залгуулан нутаг орон, албат иргэдээсээ хувь хүртээн захируулсан нь Ачит бээсийн хошуу бөлгөө. Энэ нь одоогийн Дорнод аймгийн төв нутаг болно.

Нас, буяны дээдийг зооглосон Шолой хан гал голомтоо залгуулсан хүүгийнхээ хошуу нутагт шүтээн уултай болсноор “Сэцэн ханы”, “Гэгээн ханы” хэмээх тахилгат уул ачлал тусаа гийгүүлжээ. Он цагийн урсгалд эзэн дээдсийн алдрын титэм бүдгэрч Хан уул болсон бололтой гэж үзсэн байна.

Сэцэн цэлмэг оюун билэг, гэгээн тунгалаг саруул ухаантай Шолой ханы удмын угсаа хэлхээ 12 ноён үе дамжин Ачитын хошууг засаглахдаа хошууны тэргүүн хайрханы нэг энэ уулаа тахиж тайж иржээ.

Ийнхүү өвөг дээдэс маань 300 гаруй жилийн турш Хан уулынхаа эзэн тэнгэр савдаг сахиус, сэлтэс дагуул, хотол бүгдийг амьдчилан залж, хүмүүнчлэн харилцаж, урин дуудаж, сан тахилга, тавиг тайлгаар аргадан тайтгаруулж, баясган цэнгүүлж, аливаа хүсэл эгээрлээ болгоон соёрхохыг айлтган залбирч, алдал эндлээ наминчлан өршөөн хэлтрүүлэхийг өчиж тайж тахих ёслолоо өвлүүлэн уламжлуулжээ. Энэ нандин ёслолыг сэргээн залсан залгамж үеийнхэн өв заншил, ёс үйлэндээ хир буртаг сэв тотгор хүртээлгүй дээдлэхийн сацуу агуулга, ач холбогдол, утга учрыг улам өргөн хүрээтэй болгож байна.

Өнөөдөр байгаль орчин, газар шороо, уул устайгаа зүй зохистой зөв харьцаж, нөөц баялагийг ариг гамтай ашиглах, унаган төрх, онгон дагшин байдлыг хадгалан үлдээх, хамгаалан өвлүүлэхэд төр засгийн байгууллага, иргэн бүрийн үүрэг хариуцлага нэн чухал болж байна. Энэ эрхэм зорилтыг хэрэгжүүлэхэд уул овооны тахилга тайлгын өнөө цагийн ач холбогдол гүнээ оршино.

Дорнод аймгийн уугуул, суугуул хийгээд ирүүл, одуул иргэд олонхоороо тал нутгийн голомт төвд орших Хан ууландаа цацлын дээжээ өргөн сэтгэл итгэл, бишрэл залбирлаа даатган, ачлалын буян, энэрлийн ивээлийг хүртэж байна.

Хан уулаа Дорнод аймгийн төрийн байгууллагын тахилгат уул-шүтээн хайрхан болгох саналаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхээ наран өлзийт энэ сайн өдөр Та бүхэндээ илэрхийлье.

Хайрхан Хан уул минь зон олны маань заяа буян, цог хийморийг тэгшитгэн бадрааж, хур бороог цагийн аясаар хайрлаж, өлөн зудыг өнөд холтгож, буянт малын өгөөж хишгийг арвитгаж, буурал дээдсийн буурийг бататгаж, эмгэг өвчин, элдэв тотгор, гай зовлон, гамшиг аюулаас авран ивээхийн сацуу төрийн үйл өөдрөг сайн, түмний сэтгэл амгалан сайхан байхыг даатган залбирч, өчлөөн өчиж, сацлаан сацаж айлтгая. Эцэг тэнгэр, Этүгэн эхэд бишрэн мөргөе.

Хурай, хурай, хурай


URL:

Нэр: зочин Огноо: 30 May 2017

Их мундаг менежмент байна даа Зон олноо даатгах эрхээ “тэнгэр”-ээс авч дээ Зон олныхоо татварын мөнгөөс нэг ч төгрөг зарцуулаагүй бол бүр супер менежер 21 – зууны шилдэг Дорнод тасрах нь энэ Номтой хүү ++++++Номтой баяр гишүүнээ баярлуулах гэж ядсан юм биш үү Гэтэл нөгөө нь өөртөө ажлуулсан хятад барилгын ажилчидийнхаа хуулийр төлөх ёстой олон тэр бумийг ЗГ хөнгөлүүлсөн шигээ баярлах болов уу даа Ай хөөрхий

Сэтгэгдэл бичих