Сүхбаатар аймаг 2012-2016 онд 8 тэрбум гаруй төгрөгийн зөрчил, дутагдал гаргажээ

9520

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Сүхбаатар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын ажил, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тэдгээрт нийцүүлж гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг шалгасан байна.

2012-2016 онд Сүхбаатар аймагт төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 98 тэрбум төгрөг олгож, орон нутгийн төсвийн болон бусад хөрөнгө оруулалтаар 15 тэрбум төгрөг, нийт 113 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулсан байна.

Хөрөнгийн зарцуулалтыг шалгахад аймгийн Засаг дарга үл хөдлөх хөрөнгийг захирамж гарган шууд худалдан авсан, ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үр ашигггүй зарцуулсан, орон нутгийн өмчийн бүртгэлийг журмын дагуу хийгээгүй зэргээр найман тэрбум төгрөгийн зөрчил, дутагдал гаргасан нь илэрчээ.

Тухайлбал газар чөлөөлөх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангаас олгосон 6.8 тэрбум төгрөгийг үргүй зарцуулж,  416 сая төгрөгийг иргэдэд төсвийн дэмжлэг нэрээр давхардуулан олгосон бол 30 сая төгрөгийг иргэдээс аваагүй байна.

Засаг дарга нь 2013-2016 онд захирамж гарган төлөвлөгөөнд тусгагдаагүй контор, үйлчилгээний барилгыг “Баруун-Урт ус” компаниас 800 сая төгрөгөөр, хоккейн талбай, барилга, байгууламжийг “Их мэйрэн” компаниас 180 сая төгрөгөөр, Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн төвийн барилгыг “Өөдлөх ирээдүй” компаниас 845 сая төгрөгөөр шууд худалдан авчээ. Мөн Засаг даргын захирамжаар 762 сая төгрөгийн санхүүжилт бүхий хөшөө дурсгалын ажлыг Засаг даргатай хамаарал бүхий этгээдийн компаниар  гүйцэтгүүлсэн байна.

Гэтэл тус аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгдсэн тайланд Сангийн яам, орон нутгийн санхүүгийн хяналт, шалгалтын албанаас 2012-2016 онд хийсэн санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитаар дээрх зөрчил, дутагдал илрээгүй байна.

Харин Хэнтий аймагт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт тогтмолжсон дүнтэй гарчээ. Гэхдээ сумдад Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд тавих хяналт сул, Орон нутгийн хөгжлийн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Орон сууцны сангаас иргэд, аж ахуйн нэгжид  олгосон 424 сая төгрөгийн зээлийн авлага хуримтлагджээ. Энэ зээлийн эргэн төлөгдөх хугацаа хэдийнэ дууссанаас гадна заримынх нь эзэн тодорхойгүй байгаа нь шалгалтаар илэрсэн байна.

Үүнтэй холбогдуулан:

–  Байгууллагын өдөр тутмын ажилд хийх дотоод хяналт шалгалтаа төлөвлөж тогтмолжуулах, илэрсэн зөрчлүүдийг арилгах чиглэлээр холбогдох албан тушаалтанд хугацаатай үүрэг өгч биелэлтийг тооцох, шаардлагатай бол хариуцлага хүлээлгэх санал хүргүүлэх

–  Бүртгэлгүй эд хөрөнгийг орон нутгийн өмчид бүртгэж, төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, хяналтыг сайжруулах

–  Аймгийн Засаг дарга, бусад холбогдох албан тушаалтны эрх мэдлээ хэтрүүлж, төсвийн хөрөнгийг хууль бусаар, үр ашиггүй зарцуулсан үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлэхийг сайд С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт даалгалаа.


URL:

Сэтгэгдэл бичих