Хотын удирдлагууд ҮҮЛ даргын багийн 39 тэрбум төгрөгийн зөрчлийг хэзээ ил болгох вэ?

14955888495924dff1ca1c3-Аудитийн хийсэн шалгалтаар ганцхан жилийн дотор 39 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн нь ихээхэн асуудал дагуулж мэдэхээр нөхцөл байдал үүсчээ-

Өнгөрсөн баасан гарагт НИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаан болж энэ оны төсвийн тодотголыг хэлэлцсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл уг хурлаар анхааралт татсан нэг сэдэв нь хотын дарга асан Э.Бат-Үүлийн үеийн төсөв санхүүгийн зарцуулалтанд хийсэн аудитын байгууллагын дүгнэлт олны анхаарлыг татсан юм. Тухайлбал, аудитийн хийсэн шалгалтаар ганцхан жилийн дотор 39 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн нь ихээхэн асуудал дагуулж мэдэхээр нөхцөл байдал үүсчээ.
Өөрөөр хэлбэл, Үүл даргын багийнхан хөрөнгө оруулалтын данснаас нийгмийн асуудал шийдвэрлэхдээ 500 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай зар сурталчилгааны гэрээ байгуулахдаа 904.7 сая төгрөгийг үрэлгэн зарцуулсан. Түүнчлэн баяр ёслол, уралдаан тэмцээн, бэлэг дурсгал зэрэгт 163 сая төгрөгийг үр ашиггүй зарсан. Мөн Зсаг даргын нөөц сангаас урамшуулал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, гадаад томилолт зэрэгт 948 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг зүйлсийг аудитын газраас тогтоожээ. Мэдээж дээрх шалгалтыг хийх болсон шалтгаан нь гэвэл нийслэлд хэрэгжсэн зарим төсөл, хөтөлбөрийн хөрөнгийн зарцуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт бодит үнэнд нийцсэн үү хэмээн ийн шалгалт хийх болсон аж. Гэтэл дээрх 39 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар болон үрэлгэн зарцуулсан зэргийг хууль бус үйлдэл хэмээн үзэж одоогийн хотын удирдлагын багт хүргүүлсэн байна. Угтаа бол 39 тэрбум төгрөгийг төсвөөс гаргасан нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг НИТХ-ын төлөөлөгчид санал болгосон аж.

39 тэрбум төгрөгийн хариуцлагыг ямар албан тушаалтнууд хүлээх бол…

Тухайлбал, 2000-2012 оны хооронд буюу 12 жилийн хугацаанд ажиллаж байсан нийслэлийн удирдлагууд нийтдээ 665.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин 2013-аас 2016 онд хотын дарга асан Э.Бат үүлын баг 3.1 их наяд төгрөг зарцуулж өнгөрсөн 12 жилийн төсвөөс дөрөв дахин их, санхүүгийн тооцоогоор бол 48 жилийн хотын төсвийг дөрөвхөн жилийн дотор зарцуулсан нь гэсэн тоо гарч байгаа буй аж. Хэрвээ уншигчид санаж буй бол хотын дарга асан Э.Бат-Үүл одоогийн хотын удирдлагуудад 100 тэрбум төгрөгийн төсөвтэй хотыг хүлээлгэж өгсөн тухай ярьж байсан. Гэтэл бодит байдал дээр 84 тэрбум төгрөгийн өртэй хотыг хүлээж авчээ. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүлийн үед нийслэлийн төсвийн орлого түүхэнд байгаагүй хэмжээнд хүрч огцом нэмэгдсэн тухайг хэвлэлүүд онцолж байсан удаатай. Тодруулбал, 2012 онд нийслэлийн төсвийн орлого 348.2 тэрбум, 2013 онд 474.8 тэрбум, 2014 онд 522.5 тэрбум, 2015 онд 532.7 тэрбум гээд гэрлийн хурдаар өсөж байсан аж. Тэгвэл энэ их мөнгө чухам юунд зарцуулагдаж, ямар, ямар бүтээн байгуулалт хийгдсэн бэ гэдэг асуулт гарч ирж байсан ч зах зухаас нь зарим нэг төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулагдсан хөрөнгө гэдгийг Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрынхан ийн тогтоосон байна.

Нэр бүхий таван чиглэлээр шалгалт оруулжээ

Тухайлбал, тус газраас дараах дараах таван чиглэлд шалгалт оруулсан юм. Нэгдүгээрт нь, “Гудамж” төслийн хүрээнд төсөвт өртөг үндэслэлгүй нэмэгдүүлсэн эсэх, хоёрдугаарт нь, ТҮЦ барих ажлыг нэг талд давуу эрх олгосон эсэх, зөвшөөрөлгүй газар байршуулах боломжийг олгосон эсэх дээр дүгнэлт гаргах, гуравдугаарт нь, гэр хорооллын дахин төлөвлөлт, сонгон шалгаруулалтын хүрээнд хийгдсэн ажлыг шалгах, дөрөвдүгээрт нь, Нийслэлийн газрын албанаас хууль зөрчин Төрийн байгууллагад газар олгосон зарим асуудлыг нягтлан шалгах, тавдугаарт нь, нийслэлийн авто замыг сайжруулах хүрээнд хийгдсэн ажилд аудитын шалгалтыг хийж үнэлэлт дүгнэлтийг гаргах зэргээр шалгалт оруулж, шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд хийж гүйцэтгэжээ.
Эдгээрээс гудамж төслийн нэгжийн 2013-2016 онуудад хэрэгжүүлсэн ажлуудад хяналт, шалгалтын байгууллагууд холбогдох баримт материалуудыг дамжуулан шалгаснаас шаардлагатай зарим баримтыг гаргаж ирүүлэхэд цаг хугацаа ихээхэн зарцуулж аудитын үйл ажиллагаанд нэлээд хүндрэл учруулжээ. Тодруулбал, Гудамж төслийн хүрээнд нэг уулзварыг шинэчлэх ажлыг 1-2 тэрбум төгрөгт багтаан хийж болох байтал 4-6 тэрбум төгрөгөөр хийдэг байсан гэх явган яриа хүртэл бий. Энэ бүхний үнэн худлыг аудитын шалгалт хийж дэнслэхээр болж байсан. Хэдийгээр бидний гарт одоогоор дээрхтэй холбоотой баримт байхгүй ч энэхх төслийн тухай баримт аль хэдийнэ хотын удирдлагуудад танилцуулагдаж зарим нэг зүйлсийг нь хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болоод байгаа аж.
Мэдээж дээрх шалгалтыг хийхэд нэлээдгүй цаг хугацааг ч зарцуулахаар болжээ. Учир нь өнгөрсөн сарын 10-ны өдөр одоогийн нийслэлийн удирдлагууд Нийслэлийн засаг даргын тамгын газарт аудитын шалгалтыг таван чиглэлд оруулж төсвийн хөрөнгийг зориулалтаар нь хууль ёсны дагуу зарцуулсан уу гэдгийг нь шалгуулахаар болсон. Ямартай ч аудитын газраас санхүүгийн энэ ноцтой зөрчлийг одоогийн хотын удирдлагуудад нарийвчилсан дүгнэлтээр хүргүүлсэн учраас энэ тухай мэдээллийг удахгүй олон нийтэд мэдээлэх биз ээ.

Эх сурвалж: Өглөөний сонин


URL:

Сэтгэгдэл бичих