”Мэнгэт” сайд, ”Хамарт” дарга хоёрын нөхөрлөлийн түүх
2004 оны УИХ-ын сонгуулийн дүн гарсны дараа Н.Энхбаяр тун хүнд байдалд оров. Хэмжээлшгүй эрх мэдэл, хэт их дарангуйлалд нь цэг тавих тухай асуудал хөндөгдөж, түүнийг намаа сонгуульд ялагдуулсан гэдэг үндэслэлээр намын даргаас нь огцруулж хариуцлага тооцох тухай далд боловч хүчтэй яригдаж эхэлсэн. Үүнийг нам дотроо хамгийн эхэлж ярьсан хүний нэг нь Ц.Нямдорж байлаа. “Нэг хүнийг хэт их тахин шүтвэл нийгэм болон улс оронд ямар их хохиролтойг бид мэднэ. Эрх мэдэл, албан тушаал, авлигын аалзны торийг таслах хэрэгтэй ” гэж тэрбээр шулуухан хэлжээ.
Тэр үед Баабарын алдарт “Аалзны тор” цувралууд Намберваныг бут ниргэж байлаа. Түүнээс хэдэн жилийн өмнө 2000 оны сонгуулийн өмнөхөн их тэнгэрт болсон нэгэн хүлээн авалт дээр нэлээн улаа бутарсан Ц.Нямдорж тухайн үеийн намын дарга Н.Энхбаярт хандан “Чи намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүй, ялвал Засгийн газрын кабинетдаа оруулахгүй гэсэн гэл үү. Тэрэндээ тулбал би арай хол жийх байлгүй” хэмээн олны өмнө аймшиггүй үг хаяжээ. Нууц төлөвлөгөө нь илрэн, эвгүй байдалд орж минчийтлээ улайсан Н.Энхбаяр түүнийг тэр үеээс эхлэн шүд зууж эхэлсэн гэдэг. 2004 оны сонгуулийн дараа хүнд байдлаас гарахын тулд Н.Энхбаяр Ардчилсан намын “Алтан гадас”-ынхантай тохироо хийж, Америкаас ирээд “кола” сурталчлан уншлага хийж явсан Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгов.
Хэдийгээр Еренхий сайд болох төлөвлөгөө нь нурсан ч намын удирдлага болон их улстөрөөс арчуулахгүйн тулд тэрбээр УИХ-ын даргын суудлаас зууран үлдэж чадлаа. Нам доторхи шүүмжлэл, хэл амыг дарахын тулд Еренхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэнг золионд гаргаж огцруулав. Аз болоход хамгийн их хэл ам таталж, урдаас нь олон юм ярьдаг байсан Ж.Бямбадорж, мөн УИХ-ын дарга С.Төмөр-Очир нар сонгуульд ялагдчихаад байлаа. Н.Энхбаяр яг л Мао дарга шиг өөрийг нь эсэргүүцэн шүүмжилж буй Ц.Нямдорж, Ч.Улаан, Д.Идэвхтэн, Д.Лүндээжанцан нарыг хооронд нь тэмцэлдүүлэх бодлого баримталж эхлэв. Ц.Нямдоржийг Засгийн газрын кабинетад оруулахгүйн тулд өөрийн мэдэлд байдаг Тагнуулын ерөнхий газар, тус газарт “зөвлөх”-өөр ажилладаг эхнэрийнхээ тусламжтайгаар “хятадын тагнуул” гэсэн шуугиан дэгдээж амжив. Энэ гүтгэлэг түүнд ямар их оноо авчрахыг тооцоолжээ.
Ц.Нямдоржийг сайд болгож хүчирхэгжүүлэхгүй байх, ядаж л нэлээн гуйлгаж, ам өчгийг нь авах төлөвлөгөөтэй байв. Гэвч шазруун Ц.Нямдорж түүнийг гуйсангүй, харин Ерөнхийлөгч Н.Багабандийн өрөөнд “Би тагнуул биш ээ, зүгээр байхад зүгээр байхгүй бол би наад Н.Энхбаярын чинь бүк “но”-г кэлээд өкч чадна шүү” хэмээн Н.Энхбаярын нүдэн дээр томорчээ. Байдал буруугаар эргэж, шидсэн чулуу нь өөрийнх нь толгой дээр унах болсныг мэдсэн Н.Энхбаяр буулт хийжээ. Дээрээс нь 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихэд Ц.Нямдоржийг царайчлах нь тодорхой болсон тул түүнд ая тал засч эхлэв.
Сонгууль ч болж Н.Энхбаяр Ерөнхийлөгч боллоо. Ингэхдээ тэрбээр бас л “Алтан гадас”-ынхантай хуйвалдан АН-аас нэр дэвшсэн М.Энхсайханыг намаар нь дэмжүүлэлгүй ганцаардуулж буланд шахжээ. Дээрээс нь Ц.Элбэгдорж Ерөнхий сайдынхаа суудалтай үлдэхийн тулд намынхаа нэр дэвшигчийг биш Намберваныг дэмжжээ.
Цөхрөнгөө барсан М.Энхсайханд сонгуулийн дүн тодорхой байсан ч бас нэгэн том наймаа хийх боломж олдсон байдаг. БНН-аас нэр дэвшсэн зөрүүд “яс” Жагаа ёстой л яс үзнэ хэмээн зүтгэж Н.Энхбаяртай бараг санал тэнцэн сонгуулийн хоёр дахь шат явуулах нөхцөл бүрдээд байв. Нэгэнт ялахгүйгээ мэдэж байсан М.Энхсайхан Н.Энхбаяртай хувийн нууц уулзалт хийн, түүнийг сонгуулийн дүн гарч дуусаагүй байхад Ерөнхийлөгч болсныг хүлээн зөвшөөрч, баяр хүргэн, улстөрийн соёлтой хүн болж жүжиглэх үүрэг хүлээж сайн ч биелүүлэв.
Ингээд сонгуульд ажиллуулсан оюутнуудынхаа мөнгийг нь өгөөгүй гэсэн зохион байгуулалттай нууц нэвтрүүлэг хийлгэж цацсан байдаг. Амаа хамхиж аятайхан байж чадаагүй Б.Жаргалсайхан “Буян” компанийнхаа захирал хэвээр үлдлээ. Үүргээ сайн биелүүлеэн М.Энхсайхан тохирсон ёсоор шагналаа авч, түүнээс хойш хоёр “Э” салж хагацахгүй нөхөд болжээ. Энэ ажиллагааг нь тухайн үед намынхаа сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байсан С.Баяр эсэргүүцэж байсан ба тэргүүн хатагтай О.Цолмон орос зөвлөхүүдийнхээ заавраар гардан хийсэн байдаг. Харин Ц.Нямдорж мөнчгөрөөрөө үзсээр байж УИХ-ын дарга болов. УИХ-ын дарга болсныхоо дараа тэрбээр М.Энхболдын Засгийн газрыг огцруулах гэсэн Н.Энхбаярын эсрэг тууштай зогсож, тэр бүү хэл Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар түүнтэй муудалцаж амжсан байна.
Гэхдээ энэ нь жирийн нэг хувь хүмүүсийн маргаан биш учир Ерөнхийлөгчийн болон парламентын гэсэн институт хоорондын ноцтой асуудал болж хувирав. Хувь хүн гэхээсээ илүүтэй засаглал хоорондын шинжтэй энэ тулаанд Н.Энхбаяр УИХ болон түүний Тамгын газарт байдаг өөрийн гар хөлөө ашиглан “УИХ-ын дарга хууль зассан” гэж Цэцэд өгүүлж дүгнэлт гаргуулж чадлаа. Асуудал хурцадсаар Ц.Нямдорж УИХ-ын даргаас огцорлоо. Н.Энхбаяр өөрийгөө ялсан гэж бодож байв. Үнэндээ бол тэр ирээдүйн том ялагдлынхаа суурь болсон хөлдүү хүйтэн бетоныг цутгаж орхисноо мэдээгүй юм.
Ийнхүү “мэнгэт” сайд, “хамарт” дарга хоёрын харилцаа “хүйтэн дайн”-ы байдалд шилжжээ. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Н.Энхбаяр намдаа эргэн ирж нөхөн сонгуульд нэр дэвших гэхэд цаадах нь урдаас нь “салаавч” өгчээ. Улстөр дэх “хаанчлал”-ынхаа үед хамт зүтгэсэн олон нөхдийнхөө нуруунд хутга зоож, увайгүй авирласныхаа хариуд ийм л “бэлэг” авав. Харин дөрөв дэх удаагаа бас л Н.Энхбаяр асуудлыг гаргаж ирсэн. Хаан явсан үеийнх нь идэж уусан, зөөсөн, нуусан юмнууд нь захаасаа илэрч, УМБГ-т эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. Олон дахин дуудаж мэдүүлэг өгөхийг шаардсан ч хуулийн байгууллагыг үл тоон очоогүй түүнийг хуулийн дагуу албадан баривчлах асуудал босч ирэв.
Сандарсан Н.Энхбаяр асуудлыг улстөржүүлж “Ц.Нямдоржийг байхад би шалгуулахгүй. Чи ажлаа өгчих, хамт шалгуулъя” хэмээн хошин шогийнхон ч бодож олохооргүй хошин жүжиг дэглэж эхлэв. Бас ч гэж багагуй мөнгө хаяж, сурсан зангаараа хэвлэлээр бөмбөгдөж гарлаа. Нөгөө прокурор ч гэж прокурор, Ц.Нямдоржийн харьяа байгууллагад шалгуулахгүй хэмээсэн Н.Энхбаярын хүсэлтийн хариу хөгжмийн нэвтрүүлгийнх нь хэмнэлийг нэмж, хэргийг нь Авлигатай тэмцэх газарт шилжүүлчихэв. Авлигатай тэмцэхийг орон нутгийн чанартай жижиг сажиг жараахай түүж, хөрөнгө орлогын мэдүүлэг бүртгэн, улстөрчдийн захиалга биелүүлэх явдал хэмээн ойлгодог.
Дарга нар нь том улстөрийн золиос болж хохирдог энэ байгууллагыг Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа байгуулсан.
Түүнийг шалгах асуудал өмнө нь сөхөгдөж байсан ч хэрэгсэхгүй болгож байсан удаатай. Энэ түүх дахин давтагдахгүй гэх газаргүй. Ц.Нямдоржийн харьяаны газраар шалгуулахгүй гэж гүрийсээр байгаад өөрийнхөө харьяаны газарт хэргээ шилжүүлж чадсан Н.Энхбаяр үнэхээр авлигач мөн үү гэдгийг олон нийт анхааран ажиглаж байна. Нөгөө талаар Авлигатай тэмцэх газрын торонд авлигын жижиг жараахай биш, том акул орж ирснийг хэрхэх бол? Монгол Улс авлигатай яаж тэмцдэгийг энэ хэргийг хэрхэн шийдвэрлэснээр нь харж болно хэмээн гаднын сайт дээр бичжээ.
Ардчилсан Монголын улстөрийн амьд түүх гэгддэг “мэнгэт” сайд, “хамарт” дарга хоёрын нөхөрлөлийн түүхийг товчхон сөхөхөд ийм байна.
М.БАТ
URL: