Тагнуулынхан Ц.Нямдоржийг шалгах уу?
“УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 27 жилийн турш төрд зүтгэхдээ “тагнуул” нэр зүүн ажилласан. Ийм ноцтой нэр зүүсэн хүн яагаад суудалдаа суугаад байна вэ. Хэрэв тагнуул биш байсан бол биш гэдгээ батлан харуулмаар юм. Тиймээс бид энэ асуудлыг шалгуулах гэтэл өөрсдөө хохирч 20 сая төгрөгөөр торгууллаа. Мөн Ц.Нямдоржоос үнэнийг тодруулахаар асуусан боловч хариу ирээгүй” хэмээн МХТН-ын дарга Х.Бат-Ялалт хэлж байна. Уг нь бол Монгол төрд өдий хугацаанд хариуцлагатай алба хашиж ирсэн хүн өөрийнхөө нэр холбогдож буй асуудлаар Монголын ард түмэнд тайлбар хийх ёстой. Гэтэл эсрэгээрээ Ерөнхийлөгчийн ссонгуульд нам доторх сунгаандаа оролцоод л явж байх юм. Зүй нь бол тэр гэм зэмгүй бол нэрээ бүрэн цэвэрлэх ёстой. Чадахгүй бол төрийн хариуцлагатай албанаас явах хэрэгтэй юм.
Хошууч генерал Ж.Баатар Ц.Нямдоржийг Хятадын тусгай албатай холбоотой гэх асуудлыг олон жилийн өмнөөс хэлж ярьж буй. Тэрчлэн “Уламжлалт тусгаар тогтнол” холбооноос Ц.Нямдоржтой холбоотой асуудлыг шалгаж, тогтоох ёстой гэсэн асуудлаар ТЕГ-т албан бичиг хүргүүлж буйгаа мэдэгдээд байсан. Харин ТЕГ-аас ямар хариу өгсөн нь одоогоор тодорхойгүй байна. Тус холбооны нарийн бичгийн дарга З.Дүүрэнбилэг хэлэхдээ “Манай холбоо 2012 оны гуравдугаар сард байгуулагдсан. Улсын аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйл, түүнээс хамгаалах асуудлаар судалгаа шинжилгээ хийдэг. Мөн аюулаас хамгаалах байгууллагад ажиллаж байгаад чөлөөндөө гарсан ахмад гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар ажиллаж байдаг байгууллага юм. Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх болсон явдал бол ТЕГ-т шаардлага хүргүүлж байгаатай холбоотой. Шаардлагын маань утга бол УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдожтой холбоотой тагнуулын гэх хэргийг шалгаж тогтоож өгөөч гэж байгаа юм.Ц.Нямдоржтой холбоотой яригдаж байгаа энэ асуудал бол ноцтой асуудал юм.
Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх, төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдох том ноцтой асуудал учраас үүн дээр чимээгүй байж болохгүй юмаа гэсэн санаагаар асуудлыг гаргаж ирж тавьж байгаа юмаа. Тухайн үедээ УАХБ-ыг удирдаж байсан хошууч генерал Ж.Баатар гэж хүн бий. Тэр хүн Ц.Нямдоржтой холбоотой тагнуулын гэх хэргийг 2000 оноос эхэлж тавьсан байдаг юм. Төдийгөөс өдийг хүртэл 17 жил өнгөрчихжээ. 17 жил өнгөрөхөд тусгайлсан чиг үүргийн байгууллага шалгах ёстой тагнуулын байгууллага маань үүнийг шалгасангүй. Зөвхөн энэ 17 жилийн хугацаанд тагнуулын байгууллагын удирдлагыг 7-8 удаа сольсон байдаг юм. Ялангуяа сүүлийн 2012-2016 оны Засгийн газрын үед энэ байгууллагын удирдлагыг 3 удаа сольсон байдаг юм. 4 жилийн хугацаанд шүү дээ. Гэхмэтчилэн ийм олон шалтгаанаас үүдээд 17 жил болчихжээ. Одоогийн тагнуулын байгууллагын удирдлагыг энэ асуудал дээр нэлээн анхаарал тавьж ажиллаач ээ, хүч тавиач ээ гэсэн үүднээс шаардлагыг гаргаж ирж байгаа юмаа.
2000 онд Ж.Баатар генералд эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байдаг юм.Хүний нэр төрийг гутаан доромжилсон, улсын нууцыг задруулсан гэдэг байдлаар. Шалгагдаж байсан хүн маань эргүүлээд шүүхэд өгсөн байдаг юм. Тэгээд Ж.Баатар генералд бусдын нэр хүндийг гутаан доромжилсон, нууц задалсан гэдэг байдлаар 7 жилийн ял өгсөн байдаг юм.
Ялаа эдэлчихээд гарч ирээд манай хүн дахиад энэ асуудлыг сөхөж тавьсан байдаг юм. Дахиад энэ асуудлыг 2010 онд тавьсан байдаг юм. 2010 оноос хойш чимээгүй дарагдаж явсаар байгаад өнөөдрийг хүрч байгаа юм. 2017 оны 3 сарын 31- нд Ж.Баатар генералын бичсэн зүйл цацагдлаа шүү дээ. Нөхрийг тухайн цаг үед байгууллагыг удирдаад явж байхад бид командад нь явж байсан хүмүүс.Удирдлагад нь явж байсан хүмүүс. Ж.Баатар генерал яагаад энийг байн байн гаргаж ирж тавиад байна вэ гэдэгт анхаарч эргэж материалуудыг сөхөж үзсэн юм. Тэгээд үзэхээр их сонирхолтой асуудлууд босч ирж байгаа юм л даа. Байгууллагын удирдлагыг 17 жилийн хугацаанд олон удаа сольсноос болоод асуудлыг шалгаж чадаагүй амжаагүй байж болох юм. Нөгөө талаар улстөрийн өндөр албан тушаалтангууд зориудаар дарж өгсөн ийм асуудал байсан болов уу л гэж бодоод байгаа юм.Тэгэхээр зэрэг би үүнийг ямар нэг нөлөөлөлд авталгүйгээр шалгаач гэж ТЕГ-ын дарга хошууч, генерал Б.Хурцаас хүсч байгаа юм. Шаардаж байгаа юм. 31-нээс хойш хэвлэл мэдээллээр гарсан мэдээллүүд дээр судалгаа анализ хийгээд үзэхэд энэ дээр нөлөөлөл байх магадлал их өндөр харагдаад байгаа. Бид шаардлага дээрээ дурдсан лдаа. Яагаад нөлөөлөл байна вэ гэхээр сүүлийн 2005 оноос хойш батлагдаж байгаа хуулиудыг 90-н онд батлагдаж байсан хуулиудтай харьцуулаад үзэхээр сүүлд батлагдаж байгаа хуулиудын дагуу бол Монголын хөрөнгө гадагшаа урсаад байдаг. Монголдоо орж ирдэггүй. Энэ нөхцлийг суурийг бүр тавиад өгчихжээ.
Тэгэхээр энэ хуулийг боловсруулж, баталж байсан ажлын хэсэгт ажиллаж байсан гишүүдийн үйл ажиллагаа зэрэг нь УИХ-ын тамгын газрын архивт протоколоороо байж байгаа. Тэдгээрт анализ хийгээч ээ. Ямар ямар хүмүүс идэвхтэй оролцоод байгаа юм бэ? Зөвхөн 31-нээс хойш хийсэн бидний үнэлгээ дүгнэлтээр Ц.Нямдоржтой холбоотой 4 факт гаргаж ирсэн байгаа.Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого нэгэнт гарчихсан байсан. 2008 онд гарсан байдаг юм. ҮАБЗ-ийн зөвлөмжтэй байхад нарийн царигийн төмөр зам тавиулах асуудлыг Ц.Нямдорж тэргүүтэй УИХ-ын гишүүд нэг хэсэг гүйгээд бараагүй ээ. Энийг уухайлан дэмжиж явсан хүн баримтаараа бий. УИХ-ын тамгын газрын архив дахь протоколд тусгагдсан явж байгаа. Барих нь зүйтэй, барих нь зайлшүй гээд хэлж ярьж байсан нь бий. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэчилсэн найруулсан төслөөр Монголын тусгай албадыг ямар ч ажиллах нөхцөлгүй төсөл санаачлан зүтгүүлж байсан хэсэг гишүүдийн дотор Ц.Нямдоржийн нэр цохиж л явсан. Та нар санаж байгаа бол өнгөрсөн жилийн 2015 оны 8 дугаар сард Өршөөлийн хууль батлагдсан шүү дээ. Өршөөлийн хуулийн дараагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг задлаад хоёр сонин хууль болгосон. Манай хүн энэ хуулийг задлаад явж байсан фактууд нь байна.Хамгийн сүүлд Хилийн тухай хууль байна. Шинэчлэн найруулсан хуулийг батлах үед Ц.Нямдоржийн бүр өөрийнх нь хэлж байсан үг байна. Би Хууль зүйн сайд байхдаа хилийн цэргийг хилийн цагдаа болгох гэж олон жил бодож яваа юмаа. Одоо энийгээ биелүүлье ээ гэдэг байдлаар хэлж байсан байдаг. Тэгээд олон нийтийн эсэргүүцэл, эх орноо тусгаар тогтнолоо гэж бодож явдаг хэсэг гишүүдийн дэмжлэгтэйгээр энэ асуудал унасан, батлагдаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль дээр манай холбоо цагдаагийн нэлээн олон ахмад ажилтнуудтай нийлээд хурал хийж байсан. ТВ9 телевизийн хэвлэлийн байранд. Ийм байдлаар олон түмний эсэргүүцэлтэй тулгараад асуудлууд нь унаж байсан юм.” хэмээн хэлж байсан.
Ямартай ч тэгээд 90- оноос хойш Хятадын тусгай албанд элссэн гэх асуудалд орооцолдоод өдийг хүртэл явж байгаа, асуудал нь нэг талд шийдэгдээгүй Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлтээ ТЕГ-т тэд тавьсан. Харин ТЕГ Ц.Нямдоржийг шалгах уу гэдэг нь хүлээлт үүсгэсэн асуудал болоод байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: