Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.СУГИР: “АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОЙЛГОЖ МЭДРЭХ ЦАГ ИРНЭ”

9311

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугиртай ярилцлаа. Х.Сугир нь Өмнөговь аймгийн Манлай суманд төрж өссөн нутгийн уугуул иргэн. Орон нутагтаа төрийн албаны анхан шатны нэгжээс нь эхлэн хүчин зүтгэж, өнөөг хүртэл түмэн олныхоо итгэлийг хүлээн ажиллажээ. Тэрбээр төрөлх сумынхаа баг, бригадын даргаар 1988-2000 он хүртэл 12 жил, Манлай сумын засаг даргаар 2000-2012 он хүртэл 12 жил, орон нутгийн хоршооны даргаар гурван жил ажилласан удирдах ажлын арвин туршлагатай хүн. Х.Сугир Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2016 онд 4 дэх удаагаа сонгогдож, аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байна.

Өмнөговь аймгийн ИТХ-ын даргыг ярилцлагадаа урьсаны хувьд 21-р зууны их бүтээн байгуулалт өрнөж буй өмнийн говьд нийгэм, улс төр, эдийн засаг, уул уурхайн нөхцөл байдал ямар байгаа талаарх бодит мэдээллийг уншигчдадаа хүргэхийг зорьж байна. Нэн тэргүүнд танай ИТХ-ын үйл ажиллагааны талаар сонирхъё? 

2016 оны аймгийн ИТХ-ын сонгуулиар МАН 20 суудал, АН 13 суудал авсан. Сонгуулийн дараа 7 сарын 19-нд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан хуралдсанаас хойш аймгийн ИТХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах арга хэмжээг бид тал бүрээс нь авч ажиллаж байна. Ингэж хэлэхийн учир нь аймгийн АН сонгуулийн үр дүнг өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй, шүүхээр зарга хийж яваа нь орон нутгийн ажлыг чирэгдүүлэх үндэслэл болж байна. Тухайлбал, Цогтцэций суманд МАН-аас нэр дэвшин АИТХ-д сонгогдсон 4 хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр удаа дараа шүүхэд хандлаа. АН-аас сонгогдсон төлөөлөгчид аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд оролцохгүй гэж хурал хаяж гарч явчихаад, хуулийн дагуу олонхиороо хуралдсан АИТХ-ын анхдугаар хуралдааныг хүчингүй болгуулах гэж шүүхээр жил дамнан зарга үүсгэн явж байна. Мөн түрүүчийн С.Батчулуун даргатай ИТХ ажиллаж байхдаа ААН-үүдийг хохироосон бодлогогүй шийдвэр цөөнгүй гаргаснаас ААН-үүд ч бас шүүхэд хандсан. Одоо ИТХ-ын нэрийн өмнөөс бид шүүхэд дуудагдаж, тэнд хамаг цагаа бардаг ажилтай болоод байна. Бид 8 сар гаруй хугацаанд ажиллахдаа бараг 20 шахам шүүх хуралд аймгийн ИТХ-ыг төлөөлөн дуудагдаж оролцлоо. Зөвхөн шүүх хурал болсон нь 20 шахам болчихоод байна. Гэтэл шүүхэд хандсан асуудал болгон дээр нь бид тайлбар мэдүүлэг өгөх, шүүх дээр дуудагдах гээд маш их цаг заваа энэ бүхэнд зарцуулж байна. Нэгэнт сонгосон ард түмнийхээ сонголтыг хүндэтгээд АН-аас сонгогдсон төлөөлөгчид хуралдаа оролцоод, асуудлаа шийдэлцээд урагшаа явах бололцоо бүрэн байгаа. Үнэхээр бид ард түмнээ ажилтай орлоготой болгох, аймагтаа МАА-н ноос, мах, сүүнд тулгуурласан үйлдвэр бий болгох, аймагтаа гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татаж ирэх гэх мэтчилэн Өмнөговио хөгжүүлэх, ард түмний амьжиргааг сайжруулах чиглэлээр төлөвлөсөн асар олон ажил байна. АН-аас сонгогдсон төлөөлөгчид өнөөг хүртэл аймгийнхаа иргэдийн хуралд орж ирж суудаггүй. Энэ нь нэг талаас АН-ын бүлгийн дарга, өмнө нь иргэдийн хурлын даргаар ажиллаж байсан С.Батчулууны зүгээс ИТХ-д сонгогдсон АН-ын 13 төлөөлөгчийг хуралд нь суулгахгүй байна гэсэн мэдээлэл бидэнд байгаа. Нөгөө талаас аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд АН-аас гурван хүн оруулъя, та нар хуралдаа орж ирээд энэ гурван хүнийхээ нэрийг өгөөд тэргүүлэгчдийнхээ бүрэлдэхүүнийг 11 болгоод ажлаа явуулъя гэж санал тавихад ч хуралдаа орж ирдэггүй. Тэргүүлэгчдээ ч оруулж ирдэггүй. Тэгсэн хэрнээ Ардын намынхан улс төржөөд бид нарыг хуралд суулгахгүй байна, ИТХ-ын тэргүүлэгчдэд биднийг оруулахгүй байна гэдэг худал цуу яриаг ард түмний дунд гаргаж байгаа нь харамсалтай байна.

АН-ын төлөөлөгчид цаашид ч хуралдаа суухгүй энэ хэвээрээ үргэлжлээд байвал яах вэ?

Тэд өөрсдөө ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон төлөөлөгчид. Тэгэхээр АН-ын 13 төлөөлөгчийн дийлэнх хэсэгт нь “Хуралдаа орж суугаад ард түмнийхээ өмнө амласан амлалтаа биелүүлье, ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө ажиллая” гэсэн бодол байгаа байх гэж найдаж байна. Гагцхүү аймгийн даргаар ажиллаж байсан тухайн үеийн АН-ын дарга Б.Бадраа, АН-ын 13 төлөөлөгчийг удирдаж байгаа бүлгийн дарга С.Батчулуун хоёр л энэ хүмүүсийг хуралд нь суулгахгүй, ард түмнийхээ өмнө амласан амлалтаа хэрэгжүүлэх бололцоог нь олгохгүй байгаад учир нь байгаа юм.

Яагаад ийм байдал үүсээд байна гэж та үзэж байгаа вэ?

Өнөөдөр МАН ард түмэндээ хийх ажлаа амлачихсан, Засаг даргын мөрийн хөтөлбөрт оруулчихсан олон сайхан зүйл байна. Тухайлбал, Өмнөговь аймагт ажилгүйдэл маш их байгаа. Асар их баялагтай нутаг хэрнээ сүүлийн 8 жил аймаг удирдсан хүмүүс тогтвортой ажлын байр бий болгох чиглэлээр бодитой ажил хийгээгүй. Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Тавантолгойгоос ноогдол ашиг байдлаар 2009, 2010, 2011, 2012 онуудад маш их мөнгө орон нутгийн орлого болж орсон. Зарим үед жилдээ 60-70 тэрбум төгрөг орж ирж байсан. Гэтэл малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноос, арьс шир боловсруулах, мах сүү боловсруулах үйлдвэр бариагүй. Тэгэхээр өнөөдөр Өмнөговь аймгийн хувьд ажилгүйдэл хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Тийм учраас бид засаг даргынхаа мөрийн хөтөлбөрт 5000 ажлын байр бий болгоно, тэр дундаа ихэнхийг нь тогтвортой ажлын байр бий болгоно. Өмнөговь аймагт ирэх 4 жилийн хугацаанд 20-иод үйлдвэр байгуулна. Тэр үйлдвэр ихэнх нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын арьс шир, түүхий эдийг боловсруулах, Өмнөговьд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ийм л төрлийн үйлдвэрүүдийг байгуулна гэж зорьж байгаа юм. Иймд түрүү үеийн удирдлагууд, өөрсдийнх нь хийж чадаагүйг хийчих гээд байгаа учраас л бидний ажилд садаа болж байна гэж хардахад хүргэж байгаа.

Өмнөх жилүүдэд Өмнөговь аймгийг удирдаж байсан хүмүүсийн үйл ажиллагаанд та бүхэн дүн шинжилгээ хийсэн байх. Эндээс юу ажиглагдаж байна вэ?

Монголын ард түмэн, тэр дундаа Өмнөговийн ард түмэн “Өмнөговийг удирдаж байсан зарим төрийн өндөр албан тушаалтнууд төрийн албанд байхдаа хэт их баяжчихлаа шүү. Ард түмнээсээ хэтэрхий тасархай хөрөнгөжчихлөө шүү. Тэгэхээр энэ төрийн албыг хувийн бизнес болгож хувиргадаг, төрийн албыг хувьдаа ашигладаг энэ хүмүүстэй та нар л хариуцлага тооцож чадах байх гэж манай намыг сонгосон” гэж ойлгож байгаа. Тэгээд “Та нар энэ түрүү үеийн удирдлагууд шиг албан тушаал ашиглаж, төрийн мөнгийг хувьдаа завшиж хөрөнгөжиж болохгүй шүү” гэсэн даалгаврыг бидэнд өгч, биднийг сонгосон гэж бодож байна. Тэр утгаараа бид нар аймгийн 2012-2016 оны төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт ер нь ямар байж вэ. Үнэхээр төрийн албыг хувьдаа ашигласан, хөрөнгөжсөн хүмүүс байгаа бол хариуцлага тооцох ёстой гэж үзээд аймгийн ИТХ-аас ажлын хэсэг гаргаж 2012-2016 оны төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийсэн. Энэ шалгалтаар олон зөрчил илэрсэн. Мөн орон нутгийн өмчит Тавантолгой уурхайн сүүлийн дөрвөн жилийн санхүүгийн байдал, үйл ажиллагаанд нь хяналт хийх ажлын хэсэг томилж ажиллуулсан. Гэтэл тухайн үед Тавантолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, аймгийн АН-аас нэр дэвшиж сонгогдсон зарим ИТХ-ын төлөөлөгч нар сүүлийн 4 жилийн ТУЗ-ийн бүх шийдвэрийг ажлын хэсэгт гаргаж өгөөгүй учраас энэ шалгалт хагас дутуу хийгдсэн. Энэ ажлын хэсэг ажилласны үр дүнд, эндээс бас орон нутгийн өмчит Тавантолгой ХК гадаадад гаргах нүүрснийхээ үнийг уурхайн аман дээрээсээ зах зээлийн үнээс дэндүү хямд үнээр худалдаж байсан байна шүү. Тавантолгойд хувьцаа эзэмшдэг, ТУЗ-д нөлөөлж ажилладаг зарим хүмүүс хувьдаа 40-50-иад айлын орон сууц барьчихаад үүнийгээ Тавантолгой ХК-д өндөр үнээр шахсан байна шүү гэдэг ийм зөрчлүүдийг илрүүлсэн.

Орон нутгийн орлого болж орсон тэр их мөнгийг голчлон юунд зарцуулсан байна вэ? 

Энэ мөнгөнөөс зам тавьсан. Орон сууцны барилга баригдсан. Тухайлбал, засаг даргын сүүлийн дөрвөн жилийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтанд хяналт хийхэд 14 тэрбум төгрөгийг орон сууц барихад нь дэмжлэг гэж арван ААН-д нэг жилийн хугацаатай хүүгүйгээр зээл олгосон байсан. Тэгэхэд тэдний зарим нь барилгаа барьж дуусгаагүй, зарим нь бараг эхлээгүй шахам. 3-4 жил болчихоод байхад зээлсэн мөнгөө ч төлөөгүй байна. Энэ хүмүүсийг бид эрүүгийн цагдаагийн газарт шалгуулахаар өгсөн. Тэдгээр арван ААН-ийн 10 гаруй тэрбум төгрөг төлөөгүй байгаа асуудал цагдаагаар шалгагдаж байгаад прокурор дээрээс хэрэгсэхгүй болоод ирж байгаа юм. Ямар үндэслэлээр энэ хэргийг шалгасан болоод хэрэгсэхгүй болоод ирэв ээ гэсэн чинь, Ардчилсан хувьсгал ялсны 25 жилийн ойтой холбогдуулаад Өршөөлийн хууль гэж гаргажээ. Өмнөговиос арван хэдэн тэрбум төгрөг аваад барилгаа гүйцэд бариагүй, эсвэл төлөх ёстой мөнгөө эргүүлж төлөөгүй ААН-үүд энэ Өршөөлийн хуулинд хамрагдчихсан юм байна. Тийм учраас энэ хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгож байна гэсэн. Тэгээд бид яаж энэ арван хэдэн тэрбум төгрөгийг гаргаж авах ёстой байна аа гэхээр иргэний шугамаар шүүхэд хандахаас өөр аргагүй байна гэдэг. Прокуророос ийм л хариу ирж байна. Энэ 10 компанид тус бүр нэгээс хоёр тэрбум төгрөгийг орон сууцны зориулалтаар ямар ч хүүгүйгээр нэг жилийн хугацаатай өгчихөөд, бас тухайн үеийн зарим албан тушаалтнууд тэр мөнгөнөөс нь талаас илүү хувийг нь эргүүлээд ямар нэгэн хүмүүсээр зуучлуулж зээлэх нэрээр авчихаад 3-4 жил өгөхгүй байгаа ийм зүйл хүртэл яригдаж байгаа.

Танай ажлын хэсгийнхэн орон нутгийн өмчит Тавантолгойн хувьд бүх материалтай нь танилцаж чадаагүй гэж байна. Харин орон нутгийн төсвийн зарцуулалтын хувьд бол бүх материалтай танилцах боломж байсан байх. Жишээлбэл, тендерүүд хэр шударга явагдсан байдаг вэ?

Санхүүгийн шалгалтаас үзвэл, сүүлийн дөрвөн жилд Өмнөговь аймагт тавигдсан замуудыг бараг л ганцхан “Дардан говь” гэдэг компани тавьсан байдаг юм. Хэний компани вэ гээд үзэхээр аймгийн засаг дарга асан Бадраагийн хүүгийн нэртэй холбогддог. Одоо бүртгэл нь хэн дээр байдаг юм гэдгийг хууль хяналтынхан л шалгавал шалгах байх. Ер нь ажлын хэсгийн хийсэн шалгалтын үр дүнгээр юу харагдсан гэхээр аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг маш цөөхөн компани авдаг. Тэр дундаа Бадраа, Батчулуун гээд тэр үеийн удирдлагуудтай ямар нэг хэмжээгээр холбоотой байж болох компаниуд л авсан харагддаг. Хууль хяналтын байгууллагууд шударгаар шалгаад илрүүлэх байх гэж харж байгаа. Гэвч харамсалтай нь энэ хууль хяналтын байгууллагуудад урьд өмнөх удирдлагууд ийм хөрөнгө шамшигдуулсан байж болох үндэслэл байна гээд өгөхөөр шалгахгүй байна, Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгож байна. Тийм учраас бид энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар ганцхан ерөнхийлөгчийн эрх мэдэлд орчихсон хууль хяналтын байгууллагыг ард түмний хяналтанд оруулж, төрд шударга үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх ерөнхийлөгч гарч ирээсэй билээ гэж бодож байгаа.

Тост, Тосон бумбын асуудал нэлээд хурцдаж байна шүү дээ. Өмнөговийн Гурвантэс сумын ард иргэдэд уух ус, ногоогоо тарих газар үлдэхгүй нь. Малаа хариулах, өвөлжиж хаваржих бэлчээр үлдэхгүй нь гээд иргэд бухимдаж байна. Тэр ч байтугай амьдрах газар үлдэхгүй нь гэдэг бухимдал үүсээд байна?

Тост, Тосон бумбын нурууны урд талд Хуршуутын гол гээд социалист нийгмийн үеэс Гурвантэс сумын ард иргэд ногоогоо тарьдаг маш сайхан хөвд, цөөрөмтэй газар байгаа юм. Тэр газрын орчимд “Сауд Гоби Коэл Транс” гээд компани олон жил хайгуул явуулаад, ашиглалтын лиценз авсан байна л даа. Тухайн үеийн Гурвантэс сумын Засаг дарга Гангаамаа гэдэг хүн, бас тэр үеийн удирдах хүмүүс ашиглалтын лиценз олгохыг нь зөвшөөрсөн байдаг юм. Энэ жил олборлоно гээд олон машин очиход нь орон нутгийн иргэд эсэргүүцсэн. Тэр сайхан ногоо тарьдаг хөвд цөөрөмтэй газар нь үгүй болох гээд байна шүү дээ. Ногоочид, малчид тэр газраа хамгаалахаас өөр арга байхгүй. Тэнд албан ёсоор аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг очиж ажиллаад олборлолт хийх гэж байгаа ААН-ийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байгаа. Ер нь энэ хэсгийг тусгай хамгаалалтанд авна гээд одоо Гурвантэс суманд ажиллаж байгаа Отгонбаяр даргатай ИТХ шийдвэрээ гаргаж орон нутгийн хамгаалалтанд авсан. Ингэсээр байхад л нөгөө хуралдаанд суудаггүй, түрүүний хурлын даргаар ажиллаж байсан Батчулуун нарын нөхдүүд энэ ард түмний тэмцлийг аймгийн удирдлагууд ойшоохгүй байна, ажиллахгүй байна гэдэг худлаа цуу яриа тарааж байна. Тэгэхлээр яг өнөөдрийн аймаг, сумын удирдлагууд бол Гурвантэс сумын Хөвд, Хуршуутын голоо хамгаалж үлдэх нь зүйтэй гэдэг дээр нэгдмэл хатуу байр суурьтай байгаа. Тийм ч учраас тэр ААН-ийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэрийг орон нутаг өөрийн эрх мэдлийн хүрээнд гаргаад байна.

Өмнөговь аймаг асар их баялагтай, олон тооны ААН, уул уурхайн компани ажиллаж байгаа мөртлөө ажлын байр дутмаг, ажилгүйдэл их байна гэж та ярьсан. Аймгийн удирдлагын зүгээс ажлын байрыг нэмэгдүүлэх талаар ямар ажил зохион байгуулж байна вэ?

Орон нутагтаа тогтвортой ажлын байр бий болгохын тулд аймгийн Засаг дарга ирэх 4 жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө 5000-аас доошгүй ажлын байр бий болгоно гэж төлөвлөсөн байгаа. Мөн 20-иос доошгүй үйлдвэр бий болгоно. Энэ үйлдвэр нь ямар үйлдвэр байх вэ гэхээр МАА-н ноос, түүхий эд, мах сүүнд тулгуурласан үйлдвэр байна. Мөн томоохон уул уурхайнууддаа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үйлдвэрүүдийг бий болгоё гээд зорилт тавьчихсан. Бид үйлдвэр байгуулахаасаа өмнө Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн бүх ААН-үүд нийт монгол ажилчдынхаа 50-иас дээш хувийг, болвол 70-аас доошгүй хувийг Өмнөговь аймагт бүртгэлтэй иргэдээс авах ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Оюутолгой бол шинээр ажилд авах хүмүүсийнхээ 70-аас доошгүй хувийг заавал Өмнөговийн хүн авна гэдэг зарчмаа бариад ажиллаж байна. Бусад уул уурхайн компаниудад ч бас ингэж шаардаж байгаа. Нөгөө талаас Оюутолгой болон бусад ААН-үүдийг бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа Өмнөговь аймагт бүртгэлтэй ААН-үүдээс 50-иас дээш хувийг нь ав гэдэг шаардлагыг тавьж байна. Урьд нь яг ийм байдлаар ажиллах нь учир дутагдалтай байсан учраас Өмнөговийн иргэд ажлын байраар хангагдаж чадаагүй юм билээ. Харин одоо бол Оюутолгойн Ханган нийлүүлэлтийн хэлтэс, Хүний нөөцийн хэлтэс нь сар бүр Өмнөговь аймгийн удирдлагууд, ажлын хэсэгтэй уулздаг болсон байгаа. Энэ уулзах давтамж олон болно гэдэг чинь уул уурхайн компаниуд шинээр авах ажилчдаа Өмнөговь аймгаас бүрдүүлэх боломж илүү ахицтай байна гэсэн үг. Хамгийн гол нь урьд нь олон хүн ажилд авчихсан байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд нэгэнт авсан ажилчдаа халах боломжгүй. Түүнчлэн шинээр гарч байгаа орон тоо нь цөөн учраас өм цөм ажлын байраар хангачихаж чадахгүй л байна. Гэхдээ аймгийн удирдлагууд бид Өмнөговь аймагтаа үйлдвэр бий болгож байж л тогтвортой ажлын байрыг бий болгох юм байна гэдгийг олж хараад, энэ чиглэлээр ажиллаж байна. Аймгийн удирдлага, ИТХ-ын зүгээс нэн тэргүүнд Өмнөговь аймагтаа улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон оёдлын үйлдвэрийн салбар байгуулж эмэгтэйчүүдээ сургая. Тодорхой хугацааны дараа аймагт энэ чадавх нь бий болоод ирэхээр Өмнөговьд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн ААН-үүдийг зөвхөн Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа, энд бүртгэлтэй, Өмнөговийн иргэд ажилладаг ААН-ээс оёмол бүтээгдэхүүнээ ав гэж шаардах бодлогыг бариад явж байгаа.

Нүүрсний тээвэрлэлтийн эргэн тойронд болж буй асуудал нэлээд ноцтой байгаа харагддаг. Хилийн боомт дээр өчнөөн олон мянган хүн бөөгнөрчихсөн. Тэр хүмүүсийн нийгмийн асуудал огт шийдэгдээгүй. Нүүрс зөөж байгаа машинууд өчнөөн км оочерлоод хэчнээн өдөр хоногоор зогсож байдаг. Эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд аймгийн удирдлага, ИТХ-ын зүгээс ямар ажил зохион байгуулж байна вэ?

Бид ажлаа аваад хамгийн түрүүнд хилээр явж, Гашуунсухайтын боомтын Цагаан хадан дээр очиж иргэдтэйгээ уулзсан. Тэнд очиход байдал маш хүнд байсан. Ачаатай машин 40-50 км оочерлочихсон. Тэр зам дээр хүн амины хэрэг, машины осол маш их. Тэр Цагаан хадан дээрх бүх зүйл төрийн хараа хяналтаас гарчихсан байдалтай байсан. Тэнд байгаа хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээ байхгүй, байнгын ажилладаг цагдаа гэж байхгүй, тэр хүмүүсийн амьдрал баталгаагүй. Тэгсэн хэрнээ баахан хүн суурьшаад тэр замаар олон км оочерлож байгаа хүмүүсийг хоол ундаар хангаж, бензин шатахуун, гагнуураар үйлчлээд зогсож байна. Аймгийн удирдлагууд бид Цагаан хадан дээр иргэдтэй уулзахад маш олон гомдол ярьж байсан. Зарим нь бүр нулимс унагаад “Аймгийн засаг дарга, аймгийн хурлын дарга чинь өнгөрсөн хугацаанд бидэнтэй нэг ч ирж уулзаагүй шүү дээ. Цагаан хадан дээр ирэхийг нь бид нэг ч мэдээгүй. Харин та нар ирдэг чинь ямар олзуурхууштай юм” гээд маш олон зовлон бэрхшээл тоочиж байсан. Тэгээд Цагаан хадны асуудлыг, замын асуудлыг шийдүүлэхийн тулд Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга, сайд Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг хүртэл байгуулагдаад ажиллаж байна. Бид 2017 оноос өмнө гэрээт цагдаа ажиллуулж байгаад оноос хойш 30 хүний бүрэлдэхүүнтэй байнгын цагдаагийн тасгийг Цагаан хадан дээр ажиллуулж байгаа. Ийм учраас ямар ч байсан Цагаан хадан дээр ажиллаж байгаа хүмүүсийн амь нас тодорхой хэмжээнд хамгаалагдаж байгаа гэж ойлгож болно. Мөн тэр замаар явж байгаа оочер ч арай багассан байх. Тэнд гардаг осол аваар багассан. Одоо эмчийн үйлчилгээтэй болгох гэж байна. Саяхан Эрүүл мэндийн сайд очоод фургон машин өгч Цагаан хаданд ажиллуулахаар боллоо. Эмч ажиллуулах асуудлыг ч бид бас шийдэж байна. Цагаан хаданд байгаа хүмүүсийн амьдрах орчинг сайжруулах чиглэлээр Хайрхан багийн төвийг ойрын үед бий болгож эндээ төвлөрүүлж Цагаан хаданд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн ажиллах орчинг сайжруулъя, гэрэл цахилгаантай болгоё гээд шат дараатай арга хэмжээ аваад ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч өнөөдөр богино хугацаанд бүх асуудлыг шийдэхэд хүндрэл бэрхшээл тохиолдож л байна. Төсвийн хөрөнгө зардал нь ч муу байна. Гэхдээ л бид энд үүссэн нөхцөл байдалд бодитойгоор анхаараад ажиллаж байгаа.

Тавантолгойн нүүрсний экспортод орон нутгийн удирдлагаас хяналт тавьдаг уу? Тэнд замын асуудлаас эхлээд л иргэдийн амьдрах орчинг шороо тоосоор булж, байгаль орчинд ноцтой хохирол учруулж байгаа. Энэ тал дээр ямар ажил зохион байгуулж байна вэ?

Тавантолгойн уурхай үндсэндээ гурван компанийн мэдэлд байгаа. Хамгийн том Тавантолгой бол Эрдэнэс Тавантолгой гээд төрийн өмчит компани байна. Дараа нь жижиг Тавантолгой буюу орон нутгийн 51 хувийн өмчит Тавантолгой ХК байна. Гурав дахь нь “Энержи ресурс” компани. Иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа тухайд, Энержи ресурс компанийн барьж байгуулсан засмал замд нийлэх хүртэл арван хэдэн км газар дан шороон замаар тээвэрлэлт хийж ирсэн учраас манай Цогтцэций сумын ард иргэдийг тоосоор булж эрүүл мэндийг нь хохироож байгаа. Энэ газарт зам тавиулах асуудлыг аймгийн одоогийн удирдлагууд анх ажил авсан цагаасаа л эхэлж хөөцөлдсөн. Тэгээд шадар сайд У.Хүрэлсүх хүрч очоод газар дээр нь үүрэг чиглэл өгч, энэ 15 км замыг Эрдэнэс Тавантолгой компани тавихаар шийдээд ажил нь эхэлж байгаа.

Ер нь нүүрсний экспортын талаар үнэн бодит мэдээлэл авах боломж та бүхэнд байдаг уу?

Экспортод гарч байгаа нүүрсний хэмжээний хувьд Эрдэнэс Тавантолгой бол ямар ч асуудалгүй. Төрийн компани юм чинь үнэн зөв гарч байгаа байх. Энержи ресурс компани нүүрсээ дандаа угааж гаргадаг. Энэ бол бодитой тоо гарна. Манай жижиг Тавантолгойн хувьд урьд өмнө нь яг бодитой тайлан тооцоондоо тусгаж гаргаж байсан уу, үгүй юу гэдэг дээр зарим талаар учир дутагдалтай байсан байж магадгүй. Тухайлбал, 2011 онд ЭЦГ-аас Монгол Улсын хилээр Гашуун сухайтын боомтоор гарсан нүүрс, Хятадын талд гарсан машины дугаар, Монголын талд гаальд мэдүүлсэн дугаар их зөрсөн тохиолдол байдаг.

Тухайлбал, ямар асуудал дээр ам ажлын зөрүү гарч байна вэ?

Би нэг ганц жишээ хэлье. Өнгөрсөн оны 12 сарын 23-нд ерөнхийлөгчийн зарлиг гарч Монгол Улсын ард иргэдийг төрийн одон медалиар шагнасан. Тухайн үед бид 7 сарын 19-нд ажил авсанаас хойш сумдаас анхан шатны материал нь бүрдээд ирсэн 73 хүний шагналын материалыг ЕТГ-т хүргүүлсэн. Гэтэл 12 сарын 23-нд гарсан зарлигт Өмнөговь аймгаас 58 хүн одон медалиар шагнагдсан. Бид нарын тодорхойлсон хүмүүсээс гуравхан хүн шагнагдсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн 1999 онд зарлигаар батлагдсан Төрийн одон медалиар шагнах журам хэвээр үйлчилж байгаа юу? гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Орон нутагт ирсэн төрийн одон медалийг ИТХ-ын дарга, Засаг дарга гардуулах ёстой байдаг юм. Гэтэл өмнө нь УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байсан хэн ч танихгүй нэг хүн гардуулна гээд гүйж байх жишээтэй. Цагаан сараас өмнө Ерөнхийлөгчийн зарлиг дахиад гарсан. Өмнөговь аймгаас 60 гаруй хүн төрийн одон медалиар шагнагдсан. Дахиад нөгөө тодорхойлолтгүй очдог шагнал нь 20 гаруй болоод өсөөд ирсэн. Дараа нь Наурызын баяр, Цэргийн баяраар Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Өмнөговь аймгаас 40 гаруй хүн шагнагдсан. Дахиад 10-аад хүн ямар ч тодорхойлолтгүй гэх мэтээр шагнагдлаа. Тэгэхэд насаараа эмчээр ажилласан, ард түмнийхээ төлөө насаараа зүтгэсэн гавьяатай хүмүүс яаж тодорхойлоод ч шагналаа авч чаддаггүй. Тухайлбал, аймгийн нүдний их эмч Эрдэнэбилэг гээд хүн ЕТГ-т гавьяат эмчид 4 удаа тодорхойлогдсон. Одоо болтол аваагүй. Тэр хүн Өмнөговьд төдийгүй Монгол Улсдаа “Өмнөговийн нүдний Эрдэнэбилэг” гээд алдартай эмч. Мөн насаараа Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар ажиллаж 3600-гаад хүнд хагалгаа хийсэн, тэр олон хүний амь насыг аварсан Равданжамц гэдэг эмчийг хоёр удаа гавьяатад тодорхойлсон. Одоо болтол байхгүй. Өмнөговь аймгийн Даланзадгад хотын дарга байсан, аймгийн цэцэрлэгт хүрээлэнг хийсэн 90 гарчихсан өвгөн дөрвөн удаа Алтан гадас одонд тодорхойлогдоод одонгоо авч чадаагүй. Саяхан бурхан болчихлоо. Монгол Улсын ерөнхийлөгчөөсөө эхлээд л хууль журмаа уландаа гишгээд байхаар яаж энэ улс орон хөгжих юм. Тийм учраас энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар Элбэгдорж гэдэг хүнд ямар ч хамааралгүй нэг ийм л сайхан ерөнхийлөгч гарч ирээсэй билээ гэж бодож байна.

Өмнөговьчуудын нийгмийн асуудлыг шийдэж ажлын байр бий болгох боломж бүрдүүлэхийн төлөө танай ИТХ, аймгийн удирдлагууд багагүй ажил зохион байгуулж байгаа юм байна. Та бүхэнд амжилт хүсье. Улс төрийн асуудал нь ч шийдэгдэх байх аа гэж найдаж байна.

За баярлалаа. Манай Өмнөговьчуудын заяа түших байх аа. Цөөхөн тооны ийм бусармаг хүмүүсийн үгэнд оролгүйгээр ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ ажиллаж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг ойлгож мэдрэх цаг ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Д.Цогтсайхан


URL: