ДОХ-ыг ч ЭМЧЛЭХ САНАА БАЙНА

Нас сүүдэр нэлээн дээр гарч байгаа болов уу гэмээр энэ өвгөн олон хүнийг өвчин зовлонгоос нь салгаж өгсөн ачтай буурал байгаа юм. Түүнийг Х.Балжинням гэнэ. Түүнтэй хуучиллаа.
Би 89 настай. Хуучин Дашдовогны хүрээ гэж байсан одоогийн Баянхонгор аймгийн харъяат Галуут сумын хүн. Залуу цагтаа дунд сургуулийн багш олон жил хийсэн хүн шүү дээ. 1930-аад оны үед төрсөн. Бага насаа ээжтэйгээ өнгөрөөсөн. Аав нь лам маарамба хүн байсан учраас 1936 онд баригдаад явсан. Аавын ах Зэвэг дооромбо гэж хүн байсан. 1938 онд баригдаад явсан.
Даваасамба дооромбо гэж миний аав. Аавын өвөг эцгийн дүү Очирбогддарамбажав гэж Энэтхэгт 35 жил болсон хүн. За тэр дундаас нь хоцорсон хүн бол Даваасамба дооромбо, түүний хүү Балжинням би юм гэж өвгөн маарамба өөрийгөө танилцууллаа.
-Та уламжлалт аргаар ямар өвчнийг анагаадаг вэ?
-Би 2006 онд “Цэцэгсийн гайхамшигт увидас” “Хүн эрүүл оршихуй” гэсэн хоёр жижиг ном бичсэн юм. Арван долоо найман төрлийн өвчнийг ургамлаар анагаах тийм ном юм л даа. Тэрнээс хүмүүс аваад хар ямааны тухай бичсэн хэсгийг нь Солонгосчууд аваад хар ямааны бэлдмэл хийгээд ашиглачихсан юм байна билээ. Голио царцаа хоёрын тухай бас бичсэн юм. Мөн тэр ном гарсны намар зарим эмнэлэг, эрдэмтэд авч ашигласан байсан. Тэрнээс хойш өөр ном бичихээ зогсоочихсон доо. Эмийн найрлагын хувьд янз бүрийн л юм гаргасан. Эхлээд би өөртөө туршсан.Өөрөө ч түрүү булчирхайтай байсан. Манай орцны жижүүр нэг өвгөн бас түрүү булчирхайтай байсан. Түүнд би, чи ургамлыг нь нүдээд аль, хоёулаа түрүү булчирхайгаа эдгээе гэсэн, эдгээсэн.
Тэрнээс хойш олон янзын юм тулгарч байсан л даа. Түрүү булчирхай арилгах, шээсний шижин, хаагдалт, нээгдэлт, савирал бөөр давсагны талын өвчнүүдийг анагаая гэж бодсон. Би түрүү булчирхай нойр булчирхайн өвчнийг үндсэндээ хагалгаагүйгээр эдгээж байгаа. Усан, цусан, сахарын, төмрийн шижин өвчин гээд долоон янзын шижин байдаг юм. Энэ 7 янзын шижинг эмчлэх боловсруулж бэлдэж байгаа. Өөрөөр хэлбэл 7 янзын найрлагатай эмийг бэлдэж байна. Монгол эмийг аавын ном судраас авч бэлдээд өвчнийг долоо хоногийн дотор илааршуулаад байгаа юм. Энэ бол ходоод, бөөр, давсаг, шулуун гэдэс, бүдүүн гэдэсний ойролцоох дамжлагууд дээрх өвчнүүдийг л эдгээж байгаа ш дээ. Эмэгтэйчүүдийн өвчин ч бас ялгаагүй. Гэхдээ түрүү булчирхай эмэгтэй хүнд байхгүй ч давсагны хаалт нээлт талдаа доошоо бол шижингийн талын юм тэр чигээрээ байна. Өтгөрсөн шингэн, үнэртэй шингэн, битүү чийгшил гээд олон өвчин байна. Эдгээрийг 6 савны өвчнийг бодож эмийг нь хийж байгаад долоо хоногийн дотор эдгээнэ. Бас долоо хоногийн дотор заслыг нь хийгээд эдгээж байгаа юм.
Үүний дараа элэгний С вирусыг өөрсдийнх нь хүсэлтээр эмч хүнд үзсэн. Төрийн албан хаагч, байцаагч хүмүүс үзүүлсэн. Элэгний С вирус алга байсан. Заримынх нь шинжилгээний бичиг, эмнэлгийн дүнэлтийг гаргуулаад авчихсан. Шинээр тусаж байгаа, сэргэлт дутаж байгаа ийм С вирусуудыг устгаад өгчихдөг. Олон жилийн турш архагшсан арьс өнгөний янз бүрийн өвчнүүдийг эмийн хүчээр тууж гарган эмчилж байгаа. Тэр нь идээ бээртэй, үнэртэй танартай янз бүрийн л юм гарах юм байна шүү дээ. Мөн түрүү булчирхай нь өвдсөн хүмүүс чинь бэлгийн хүч чадал, биеийн тэнхээ тамир их суларч дотоод эрхтэн эвдэрсэн байдаг юм. Бөөр нуруунаас өгсүүлээд хатгаж өвдөх, хөл чирэгдэх ийм өвчнүүд бий. Бас хүмүүс их доголох боллоо. Ялангуяа настай хүмүүст ясны сийрэгжилт гэж өвчин гарч иржээ. Яс ургаж ч гэх шиг янз бүрийн юм хэлнэ.Тэгээд эмчилгээгүй шахуу өвчнүүд гэдэг. Үүнийг эм найруулж эмчилж үзсэн. 70 гарсан хэд хэдэн хүн, миний шавь байсан улсууд, хариуцлагатай ажил хийж байсан хүмүүс авч уусан. Ясны сийрэгжилт өвчнийг би дарчихаж байгаа. Одоо нэг аюултай өвчинийг эмчлэх эм найруулж байна. Дарханы Хонгор сумд гарсан өвчнийг мөнгөн уснаас үүдэлтэй цианит натрын өвчин энэ тэр гээд байсан. Биш юм билээ. Олон улсын экспертүүдийн эмч нар ч биш юм байна, өөр юм байна гээд байдаг. Гэхдээ нарийн шинжилгээг нь гаргаж ирж чадаагүй байх. Тэр өвчин бол одоо хэвээрээ байна.Нялх хүүхэд дээр ч, тугал бяруун дээр ч гарч ирж байна. Энэ бол 5 махбодийн уурын өвчин юм. Бид нар чинь ууланд, усанд, модонд, хийнд, галд суусан гээд байна шүү дээ. Жишээлбэл: нар, гал, ус, шороо, ургамал гээд ер нь ертөнцийн хар махбодийн өвчин гэж нэрлэдэг юм, 7-10 хоногийн дотор л эмчилж болж байгаа. Үүнийг Хонгор сумынханд дуулгачих юм бол хэд гурван хүн ч болтугай эрүүл байх юм болов уу гэж бодоод эмийг нь бэлтгэж байгаа. Мөн Улаанбаатар хотын дөрвөн ч залуу над дээр ирлээ. Бүхий л биеэр нь улаан юм туурсан, жигтэйхэн шүр сувд хэлхчихсэн юм шиг тууралттай хүмүүс ирлээ. Хайрс, талст хамуу, янз бүрийн арьс өнгөний өвчин байна. Энэ бүгдийг өөрсдийнх нь хүсэлтээр эмчилж өгч байна.
-Та хэзээнээс эхэлж уламжлалт аргаар эмчилж эхэлсэн бэ?
-Би 1967 онд аавын шавь байсан, манай аймгийн уугуул, сүүлд Гандангийн энд эмч хүн байсан Хавтгай шилт Доржжамцан гэдэг маарамбатай уулзсан. Энэ хүнээр хоёр судар хөрвүүлсэн. Би шинэ бичиг дээр буулгаж тэр хүн орчуулж өгсөн . Тэр хүний номын агуулгаар л би зүг чигээ заалгаж яваа юм. Хамгийн эхлээд 70-аад оны үед нэг цусны өвчин дэлгэрсэн. Тэрнийг эхлээд эмчилсэн. 1998 оны 9 дүгээр сарын 30-ны сонинд шинжлэх ухааны акидемийн ургамал судлаач химич Гонгор эмэнд задлан шинжилгээ хийсэн. Хаврын халгайгаар цусны өвчнийг эмчлэх эмийг шинжилсэн нь тэр. Энэ бол тэр халгай орчимд ургадаг цэцэг байгаа юм.

Тэрэнтэй холиод цусны өвчинд уулгасан, хүүхдүүд нам эдгэсэн.Одоо болтол тэр хүүхдүүд нэг ч өвдөөгүй байгаа.
-Та гарын шавьтай юу?
-Одоохондоо би эмчилгээнийхээ уламжлалаар өөрийнхөө хэдэн хүүхдэд л ганц нэг юм зааж өгч байна. Гарын шавь гэж гаднаас хүн аваагүй байгаа.
-Та эм хийхдээ байгалийнхаа ургамлыг түүж хийдэг үү эсвэл Энэтхэг, Түвдээс татаж авдаг уу?
-Байгалийн ургамлаар өөрөө л голдуу хийж байна.
-Танд үзүүлээд эмчлүүлсэн хүн гам барих шаардлагатай юу?
-Эхний 7 хоногт гам барина. Хоолондоо ч гам барина. 7-14 хоног барина. Хонины мах иднэ, хонины яс, тойгны шөл ууна, Шөлөө уусны дараа хөлсөө сэвэхгүй дэргэдээ заавал хуурай алчууртай байна. Нойтон алчуураар нүүр гараа арчихгүй. Хүйтэн юманд хүрэхгүй, нойтон алчуураар нүүр гараа арчихгүй гэх мэтчилэн юм байна. Зарим залуучууд хүүхнүүд одоо болсон байх гээд гарч гүйгээд чихний хатгаа авсан явдал ч бий.
-Та байгалиас ямар ямар ургамлуудыг ашиглаж эм найруулдаг вэ?
-Байгалиас олон зуун төрлийн ургамал авна. Тэгэхдээ яг авдаг цагт нь авна уу гэхээс өнгөрсөн хойно нь авахгүй. Жишээлбэл: Шамбарамыг эмчлэхэд наншин тоншин хоёр гээд ургамал хэрэглэдэг.Тэр нь ямар ургамал юм вэ гэхээр хар мод нарс хоёр л байхгүй юу. Тэрний үндсийг нь авдаг. Үндэснээс нь ганц ширхгийг аваад нүдэж байгаад угаалгаад тэгээд шамбарамын тан найруулаад тэрнийгээ өгнө. Тэгээд халуун түмпэн дээр суулгаад л эдгэчихэж байгаа юм. Энэтхэг, Хятад, говиос авах ургамал бий. Чулуунууд бий.Тэрнийгээ номхтгоно. Заримыг хуурна, заримыг чанана, заримыг түлнэ гэх мэтчилэн. Цагаан шүрийг эмэнд хэрэглэдэггүй, улаан шүрийг хэрэглэнэ.
-Та хаана үзэж эмчилдэг юм бэ?
-Надад хүн үздэг байр байхгүй.Өө яахав таньдаг нөхөд бол хоол ундаа хувааж идэж ууж байгаад л эмээ өгөөд гаргана. Таньдаггүй нэгийг нь жижигхэн өрөөнд оруулаад зав зай муутайхан шиг бол хоорондоо ярилцаж байгаад л тэгээд өгөлцөж авалцаж, хэрэглэх аргачлалыг нь сайхан зааж өгөөд явуулна. Тэгээд 7 хоноод үзэхэд эдгэсэн л байдаг даа. Би тийм том эмч биш.Үзлэгтээ үнэ төлбөр авдаггүй, тэгсхийгээд эмчилчихээд байгаа юм. Хүн л эдгэж байгаа бол хамаа алга л даа.
Одооноос л зарим хорооны дарга нар, янз бүрийн хүмүүс л ийм сайхан болж байна, эмчилгээ хийлгэнэ гээд л явж байх юм. Тэгээд л эмчлүүлдэг, эдгэдэг. Хорт хавдартай эмчилгээгүй гээд хавдрын эмнэлгээс гараад ирсэн хүн ч байх юм. Надаар эмчлүүлээд одоо мэнд сайхан явцгааж л байна.
-Ямар ямар өвчтэй хүмүүс голцуу эмчлүүлэхээр ирж байна вэ?
-Шижинтэй, халдварт өвчинтэй, хавдартай хүн ирдэг. Янз бүрийн эмнэлгээр яваад эдгэхгүй гарсан хүмүүс хүртэл ирж байсан, том эмч ч эмчлүүлж байсан.
-Тантай уулзъя гэвэл яаж холбоо барих вэ?
-Би Сансарын телевиз, TV9 хоёрт зар өгсөн. Эмчлүүлсэн хүмүүс буцаад өөр хүн дагуулаад олоод ирэх юм байна шүү дээ Баянхонгорын Баацагаанаас энэ намар эмчлүүлээд явсан хүн сая ах дүү нараа явуулсан л байна билээ.
-Та бас ямар ямар харшилыг эмчилдэг бэ?
-Ургамлын харшил гэж байна. Ургамаын харшил нь ургамал­жуулж болдоггүй учраас өөр юмаар найруулна. Гадна жижиг гөвдрүү гардаг ч бий. Янз бүрийн туяанаас болсон ч бий. Хайтуул, нойтуул, цусны өвчин, хамуу, гэх мэт бүх л төрлийн харшилыг л эмчилнэ.
-Манайхан ер нь өвчнийг бүр найдваргүй болоод бүр хүндэрсэн хойно нь л эмнэлэг бараадаад Эдгэхгүй бол сэтгэлээр унаж, арга чарга хайгаад эхэлдэг. Ер нь үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Өвчнөө хүн өөрөө эрт анзаарах хэрэгтэй. Манайхан бүр тартагт нь тулгачихаад ирэх юм. Ямар ямар өвчтэй вэ гэж асуухаар, түрүү булчирхай, нойр булчирхай, элгээр нь өвддөг, уушиг нь ханиалгаж битүүрдэг, цухалддаг ийм болсон хойно нь ирэх юм.
-Таны асуугаасай гэж бодсон зарим нэг асуултыг асуугаагүй байж магадгүй. Танд нэмж хэлэх зүйл байна уу?
-Нэг өвчин л хүний улаан цагаан бөөмүүдийг байхгүй болгочихоод ямар ч эмчилгээгүй гэх боллоо. Тэр нь ДОХ гээч өвчин. Эдгээх жорыг нь олох юмсан, эм найруулж үзвэл яах бол гэж бодох юм. Улс орон даяар түгээмэл тарах шинжтэй болчихсон байна. Хонгорын өвчин ер нь хүнийг сөнөөж мэдэх зүйл байна шүү. Туссан хүмүүсээс ер нь эдгэсэн хүн байдаггүй юм байна шүү дээ. Гарч байгаа хүүхэд хүртэл дотор гадаргүй тийм, малын төл хүртэл тийм. Газар усны уурын хорыг ер нь дарж өгөхгүй бол болохгүй. Тэр номон дээр тэгээд биччихсэн байдаг. Тэр номын заавраар л эм хийгээд хэдэн хүнийг эмчилнэ шүү.
Б.Баярцэцэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих