НАТО, АНУ ХОЁР СИРИД ХАЛДАХГҮЙ
ВАШИНГТОН. /РИА Новости/. Ард иргэддээ хүч хэрэглэж байна хэмээн Өрнөдийн орнуудын буруушааж байгаа Сири улсад НАТО болон АНУ халдан довтлохгүй гэж НАТО дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Иво Даалдер мэдэгджээ.
Сирид өнгөрсөн гуравдугаар сарын дунд үеэс хойш засгийн газрыг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн үргэлжилсээр байна. Энэ хугацаанд болсон мөргөлдөөнд 4000 гаруй сиричүүд амь үрэгджээ. НҮБ-ын мэдээлснээр, Сирид амь үрэгдсэн хүний тоо 3000 давсан байна. Харин Сирийн эрх баригчид хоёр талаас 1500 гаруй хүн амь үрэгдсэний дотор хууль сахиулах байгууллагын 1100 гаруй хүн байгаа гэж мэдэгджээ.
«Сирид цэргийн ажиллагаа явуулах ямар ч төлөвлөгөө байхгүй. Умард Атлантын эвслийн бүх гишүүн улс ийм байр суурьтай байгаа. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж болзошгүй юм» гэж Даалдер Вашингтонд болсон НАТО-гийн зөвлөгөөн дээр мэдэгджээ.
Түүний хэлснээр, АНУ-ын Засгийн газар Ливид явуулсантай адил ажиллагааг Сирид явуулахыг зөвшөөрч байгаа аж.
«Ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлага, бүс нутгийн дэмжлэг, хууль эрх зүйн үндэслэл байх ёстой. Ийм гурван нөхцөл бүрдсэн тохиолдолд бид ажиллагаа явуулах боломжийг хэлэлцэж болох юм» гэж төлөөлөгч тэмдэглэсэн байна.
Ливийн зэвсэгт бослого бараг есөн сар үргэлжилсэн. Энэ хугацаанд 1000 орчим хүний амь үрэгдэж, нефть олборлогч энэ орны эдийн засагт асар их хохирол учирсан билээ. Тус улсын 42 жил удирдсан Муамар Каддафи төрөлх Сирт хотдоо 10 дугаар сарын 20-нд амь үрэгдсэн юм.
З.Амгалан
URL: