Монгол манлайлал
Монголчууд түүхэн сорилтын, бас сонголтын өмнө тулж ирээд байна. Сорилт гэдгийг тодотговол нийгмээрээ, нийтээрээ амсч буй эдийн засгийн хүндрэлийг юун түрүүнд нэрлэх нь зөв байх. Саяхан л жилдээ 17 хувьд хүрч өсч байсан Монголын эдийн засаг одоо өсөлт бус, хасах үзүүлэлт рүүгээ хальтирч орчихоод явж байна.
Дээр нь өндөр хүүтэйгээ хамт хүлээж байгаа бондын өр, дайжиж гарсан гадаадын хөрөнгө оруулалт, дундрах байтугай дуусчихаад байгаа валютын нөөц гээд эдийн засагт эерэг бус сөрөг мэдээ дуулдах болсоор уджээ. Харин 2012-2016 оны хооронд АН засаглах үед дасал болох шахсан энэхүү сөрөг мэдээллүүд саяхнаас солигдож, “ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь”, “Японы 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй урт хугацаатай зээл авахаар боллоо” гээд эдийн засагт эерэг чимээ сонсогдох болжээ. Энэ бол монголчууд манлайллаа сольсны үр дүн биз ээ.
Эдийн засаг хүндэрч, улс орон уруудах үед монголчууд үргэлж МАН-ыг тулж, түшиж ирсэн түүх байдаг. Нэг ёсондоо хэцүү үед ачааны хүндийг Ардын нам л үүрсээр ирсэн нь сүүлийн 25 жилийн улс төрийн гол түүх. 1996-2000 оны хооронд Ардчилсан холбоо эвсэл засаглаж, ард түмний амьдрал хэрхэн доройтож байсныг хүмүүс мартаагүй байх. 2012-2016 оны хооронд ч гэсэн эдийн засагт эерэг бус сөрөг үр дүн гарсаар байсныг саяхны түүх гэрчилнэ. Иймээс л Монголын ард түмэн 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо улс төр дэх шинэ манлайлагчийн эрэлд нийтээрээ, нийгмээрээ гарсан нь дамжиггүй. Тэгвэл тэр “Монгол манлайлал” нь хэн байв?
URL: